Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо
2015.06.10

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.09/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гишүүд “Аймгийн төвүүдэд дулаан хангамжийн шинэ эх үүсвэр барих ажлыг үргэлжлүүлэх” гэснийг “Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулаан хангамжийн шинэ эх үүсвэр барих ажлыг эрчимжүүлэх” гэж өөрчлөхийг дэмжсэн. Мөн уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх гэсэн санал олонхын дэмжлэгийг авсан юм.

Үүний дараа “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд тавдугаар цахилгаан станц барих ажил ямар шатанд яваа, гуравдугаар цахилгаан станц буюу Амгалангийн станц энэ жил ашиглалтад орох эсэхийг тодруулж байлаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригтын хариулснаар, тавдугаар цахилгаан станцыг Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн дунд барихаар газрыг сонгон концессын гэрээг байгуулаад байгаа аж. Тэрхүү гэрээг дагасан 10 гаруй гэрээг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний, нүүрсний гэрээтэй холбогдуулан хэд хэдэн удаагийн уулзалтыг хийгээд байгаа юм байна.

Гэрээг эцэслэн хийсний дараа бүтээн байгуулалтын ажил эхлэх юм байна. Амгалангийн станцын хувьд энэ оны наймдугаар сараас туршилт, тохируулгын ажил хийгдээд, есдүгээр сарын сүүлээр байнгын үйл ажиллагаагаа эхлэх юм байна. Энэхүү станц Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаан, цахилгаанаар хангана гэж сайд Д.Зоригт хариулсан юм. Ингээд тогтоолын төслийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ өдрийн хуралдаанаар Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд “сэргээгдэх эрчим хүчний ногоон тариф” хэмээн тусгасан байсныг “дэмжих тариф” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс санал оруулсан бөгөөд үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр дэмжих тарифтай холбоотой санал гарч гишүүдийн олонх ийнхүү өөрчлөхийг дэмжсэн юм. Дээрх хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.