34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр солих нь зөв шийдэл
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэх, УИХ болон Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн саналыг тус тус сонссон байна. Мөн нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон шийдэл нь хүлээгдэж буй бусад асуудлуудыг хэлэлцсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гацууртын ордод төр хэдэн хувь эзэмших ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзэв?
Бүлгийн хурлаар зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жил төр Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ гаргасан. Өнөөдөр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газар оруулж ирлээ. Засгийн газар Гацуурт компанитай тохиролцоод 34 хувийг эзэмших шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ энэ хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж авах шийдвэрт хүрсэн тухай заалт тогтоолын төсөлд байгаа.
Ялгаа нь, манай төр 34 хувийг эзэмших юм бол тухайн ААН-д шаардлагатай хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйцэхүйц хэмжээний "Хөрөнгийг Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой. Иймд 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр солих нь цаг хугацааны хувьд ч тэр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа тооцсон ч тэр зөв шийдэл болоод байгаа юм.
-Энэ ордыг ашигласнаар Монгол Улсад хичнээн хэмжээний ашиг орж ирэх вэ?
Б.Гарамгайбаатар:Төсөл хэрэгжих хугацаанд нийт борлуулалт нэг тэрбум 769.2 сая ам.доллар, үүнээс авах татвар 265.6 сая ам доллар байна. Үүнийг задалж авч үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139.4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57 сая ам.доллар, суутгал татвар 16.2 сая ам.доллар болж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр өнөөдрийн үнэ цэнээр бол Засгийн газарт ногдох мөнгөн урсгал нь 159 сая ам.доллар буюу 72.2 хувийн өгөөжтэй.
-Гацууртын ордыг ашиглана гэхээр өв соёлын өчнөөн дурсгал тээж буй Ноён уулын асуудал хөндөгдөнө. Энэ талаар намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Ш.Түвдэндорж: Бүлгийн хуралдаанаар Ноён уулын асуудлыг хэлэлцсэн. Тус уулыг төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд УИХ-д өргөн барьж батлуулахаар болсон.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу. Нөгөөтэйгүүр өртэй компаниудыг өршөөх тухай хууль яригдаж байгаа юу?
Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг нь хэлэлцээд явж байна. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль нь хэлэлцэгдээгүй‘байгаа. Эрүүгийн багц хуулиуд батлагдаж гарсны дараа энэ хуулийг хэлэлцэнэ.