Манай улсад гурил баяжуулах ажлыг бодитой  хэрэгжүүлэх цаг иржээ
Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд
2011.09.14

Манай улсад гурил баяжуулах ажлыг бодитой хэрэгжүүлэх цаг иржээ

Энэ саналаа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Ранна Флауэрс Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболдтой уулзах үеэрээ илэрхийллээ.
2007 онд та Засгийн газрын тэргүүний албыг хашиж байхдаа гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр анхны алхмыг хийж, нэг тонн улаан буудайн тариалалт тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн. Энэ ажлын үр дүнд хойтон жил нь гэхэд Монгол улс 200 гаруй мянган тонн үр тариа хурааж, өнөөдөр энэ тоо 420 гаруй мянгад хүрэх гэж байгааг бид бодитоор харж байна.
Монгол улс өнгөрсөн 4 жилд гурил, гурилан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангах бодлогоо хэрэгжүүлж чадсан бол одоо чанарыг анхаарах цаг ирсэн.
НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааны хүрээнд дэлхийн 60 оронд “БАЯЖУУЛСАН ГУРИЛ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эх хүүхдийн эрүүл мэндийг далд эдийн засгийн зарчмаар дэмжиж байна. Монгол улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл ирэх 5 жилд 120 сая хүртэлх долларыг хэмнэх боломжтой.
Шадар сайд М.Энхболд та Хүүхдийн асуудал, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарч,  Монгол Улсын Засгийн газарт нөлөөлөн бодлогын шинж чанартай арга хэмжээг авч хэрэгжүүлбэл “БАЯЖУУЛСАН ГУРИЛ” хөтөлбөр үр дүнгээ өгч, эх нялхас, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд томоохон үр дүн гарна гэдэгт итгэж байна гэж хатагтай Ранна Флауэрс хэллээ.
Шадар сайд М.Энхболдын хувьд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс тавьж байгаа энэхүү саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох шатны удирдлагуудад чиглэл өгч, дэмжин ажиллахаа илэрхийллээ. Энэ удаагийн уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сан ирэх таван жилийн төлөвлөгөө хөтөлбөрөө гаргаж байгаагаа дурдаж, загвар аймгаар Хөвсгөл, загвар дүүргээр Улаанбаатар хотын Налайх дүүргийг сонгосноо Шадар сайдад дуулгасан.
Дээрх сонголтыг олон улсын стандартчиллын аргаар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтарч хийсэн гэдгээ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч илэрхийлсэн. Төв суурин газрын болон алслагдсан хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг онцгой анхаарч, загвар бүсүүдээ сонгохыг Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд дарга М.Энхболд зөвлөлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.