Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойгоор 90 залуү гишүүнээр элсэв
Өдгөөгөөс яг 90 жилийн өмнө Богдын сангаас нэг гэр, хоёр авдар таслан өгч, нийслэлийн МАН-ын байгууллагыг буй болгож байж. Нийслэлийн МАН- ынхан түүхэн ойгоо угтаж бүтээн байгуулсан түүхээ хойч үедээ таниулах, гишүүдийнхээ санал, оролцоотойгоор цаашдын төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулах 26 хоногийн аян өрнүүлжээ.
Учир нь 1990 оноос өмнө Улс төрийн товчооны гишүүн бүр нийслэлийн намын байгууллагад жилд нэг удаа 26 хоног ажилладаг байжээ. Тэд энэ сарын 1-нд эхлүүлсэн аянаа өчигдөр өндөрлүүлж, баярын хүндэтгэлийн арга хэмжээнүүдээ зохион байгууллаа.
МАН-ын удирдлага, нийслэлийн намын хорооны гишүүд, үе үеийн дарга, ажиллагсад жанжин Д.Сүх-баатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр баярын хөтөлбөр эхэлсэн. Дараа нь намын төв байр, Тусгаар тогтнолын ордны гадна тусгайлан зассан талбайд 1500 орчим хүндэт зочин баярын хуралд саатав. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй хотын татварыг хууль- чилж, дагуул хотуудыг дэмжих нь нийслэлийн хөгжлийн тулгуур болохыг онцолсон юм.
Мөн гишүүд, дэмжигчдээ хэрхэн дэмжиж урамшуулах, тэдний намд итгэх итгэлийг алдагдуулахгүй байх, ялангуяа залуусын дунд зохиох олон нийтийн ухуулга, сурталчилгааны ажлыг шинэ хэлбэрээр хүчтэй хийх шаардлагатай буйг хэлж байлаа. Үүнээс гадна МАН-ын дарга М.Энхболд болон тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар нийслэлийн МАН-ын хороог удирдаж байсны хувьд мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ үеэр 90 залуу МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авсан.