Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн баярын мэндчилгээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
Монгол улсын нийслэлд Монголын улс төрийн намын байгууллага нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 90 жилийн ой бол манай улсын нийт иргэдийн бүтээн байгуулалтын баяр, бахархалт өдөр юм.
Хүрсэн түвшингөө тодорхойлж, хүрэх өндөрлөгөө тогтоосон 90 жил бол Улаанбаатар хот, дэлхийн түвшний хот болж хөгжихөд нийслэлийн иргэдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, мэдлэг оюун, хүмүүнлэгийн ёсны хувь нэмэр зүй ёсоор орсон бодит түүхэн цаг хугацаа юм.
Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтад нийслэлийн намын байгууллага намын онол, арга зүй, бодлого, төлөвлөлт, үр дүнгийн арвин их туршлага, сургамжийг хуримтлуулж, Монгол Ардын Намын үйл ажиллагаанд жинтэй байр суурь эзэлж ирснийг Та бид сайн мэднэ.
Их ойн өдрүүдэд бид туулсан замын ололт амжилтаа дурсан санаж, одоодоо бодитой дүн шинжилгээ хийж, ирээдүйгээ оновчтой тодорхойлох нь бидний зорилт байлаа.
Грек, Ромоос эхлэлтэй дэлхийн хотуудын хөгжил нь нэг өдрийн, хэсэгхэн хугацааны бүтээн байгуулалт биш олон зуун жилийн хөгжлийн үр дүн билээ.
Монгол Улсын нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй юм, Улаанбаатар хотын бүтээн байгууулалтыг нийслэлийн Монгол Ардын Намын хороо 80 гаруй жил удирдан, намын олон мянган гишүүдийн нөр их хөдөлмөрийн үрээр урлан бүтээж, цогцлоон байгуулсан юм.
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ
Эрхэм хүндэт МАН-ын гишүүд, дэмжигчдээ
Азай буурлууд, оюутан залуучууд,хүүхэд багачуудаа
Та бүхэндээ Нийслэлийн Монгол Ардын Намын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй