Нийслэл хотын хөгжлийг гэрэл зургаар өгүүлэв
“Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн
2015.04.27

Нийслэл хотын хөгжлийг гэрэл зургаар өгүүлэв

Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэнг Тусгаар Тогтнолын ордонд нээлээ. 

Үзэсгэлэнгийн туузыг Нийслэлийн Намын хорооны дарга асан Л.Лантуу /1987-1990/, Улаанбаатар хотын 23 дахь удаагийн дарга асан С.Мөнхжаргал, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар хайчлав. 

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ,” Улаанбаатар хотын сүүлийн 90 жилийн түүх бол Нийслэлийн МАН-тай салшгүй холбоотой. Нийт 6 удаагийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотыг сүндэрлүүлсэн байдаг. Хот төлөвлөлтийн анхны тойм төлөвлөгөө 1940-өөд онд гарсан. Оросын эрдэмтэд анхны төлөвлөлтийг үнэ төлбөргүйгээр хийж өгснөөс хойш сүүлийн төлөвлөлтийг 2002 онд Монголын эрдэмтэд хийсэн.

Үзэсгэлэнгийн “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” хэмээх нэр утга учиртай. Манай зарим залуучууд Улаанбаатар хот төрөхөд ийм л байсан, одоо ч ийм байна гэж ойлгодог. Өнгөрсөн 20 дугаар зууны эсгий хотоос өнөөдрийн хот бий болсон түүхэн хөгжлийг гэрэл зургаас харах боломжтой” гэв. 

Үзэсгэлэнд 1913 оноос өнөөдрийг хүртэлх түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн олон баримтат зургуудыг дэлгэжээ.

Тухайлбал, 1922 оноос улсын банк байгуулах ажлыг өрнүүлж, банкинд анх 300 мянган лан мөнгийг 4 аймаг, шавь 5 хошуунаас гаргахаар тогтсон шийдвэрийг баримтжуулсан зураг, 1931 онд нийслэлийн төв эмнэлэг буюу поликлиник байгуулж байсан тухай, 1960-аад оноос нийслэлийн авто тээврийн хэрэгцээнд такси болон автобусны үйлчилгээ нэвтэрч эхэлсэн болон 1959-1961 онд Урт цагааны гудамж, 1981 онд ЗСБНУ-ын буцалтгүй тусламжаар 3,4 дүгээр хорооллыг барьж байсан бүтээн байгуулалтын үе, 2012 онд Сүхбаатарын хөшөөг засварласан, Энхтайвны гүүрэнд их засвар хийж шинэчилсэн, шинээр Нарны гүүрийн ажлыг эхлүүлсэн, Багшийн хөгжлийн ордонг барьж ашиглалтад оруулсан зэрэг одоог хүртэл орчин үеийн орон сууцтай шинэ хорооллууд Улаанбаатар хотын өнгө төрхийг нэмсээр байгааг харуулжээ. 

Үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургуудаас 1925-2015 он хүртэлх үе үеийн хотын намын дарга нарын гэрэл зураг хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Улаанбаатар хотын үе үеийн дарга нар хүрэлцэн ирсэн байв. Тус үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно.