УИХ-ын гишүүд казино байгуулахыг дэмжиж байна гэхдээ...
Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн. Монгол Улсад казино байгуулах нь зөв үү, буруу юү гэдэг дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг толилуулж байна.
Д.Ганхуяг: Олон улсын сүлжээ, мэргэшсэн байгууллагыг оруулж ирэх нь зүйтэй. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Казинод очиж байгаагүй хүмүүс нь очиж үзэх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг харахад уул уурхай, мал аж ахуй байдаг. Олборлосон баялгаа дандаа түүхийгээр нь экспортолдог. Эдийн засгийн орлого, төсвийн зарлага орлогууд нь тэнцэж байдаг. Аялал жуулчлал чухал салбар, дотоодын нийт бүтээгдэхүүний зургаа гаруй хувийг эзэлж байна. Соёлын аж үйлдвэр, соёлын контентыг бэлтгэх, бизнесийг өргөжүүлэн, казиног байгуулахдаа олон улсын сүлжээ мэргэшсэн байгууллагыг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна. Казино дээр үеийнх шиг аюултай байдаг нь өнгөрсөн. Монголд казино байхгүй ч монголчууд гадагшаа явж тоглож байна. Урд, хойш хөршүүд ч гэсэн гадагшаа явж тоглох нь их байна.
А.Тлейхан: Казино бол хүний айгаад байх зүйл биш бодсон ч иргэдээ оруулахгүй байх нь зөв. Хэрэв оруулвал тодорхой шалгуур, хязгаарлалттай байх хэрэгтэй.
Х.Тэмүүжин: Казиногийн тухай хуулийг хамгаалалтын албатай холбоотой хуультай нь батлах ёстой Казино нь Монгол Улсын эдийн засагт маш чухал байна. Казино бий болсноор тодорхой хэмжээнд олон нийтийн аюулгүй байдал, хэв журамтай холбоотой асуудлыг хөнддөг.Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах үйл ажиллагааны хувьд бэлтгэлтэй байх ёстой. Казиногийн тухай хуулийн төслийг батлахаас өмнө Хамгаалалтын албатай холбоотой хуулийн төслийг нэн даруй өргөн барих хэрэгтэй. Энэ хоёр хуулийг зэрэг баталж байж, зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.
Л.Энх-Амгалан: Хамгийн сайн жишээ болсон хуулийн төсөл болоосой Манайх бол нийгэмд тодорхой зүйл хийхээс өмнө нэг нь дандаа буруу сэтгэлгээ төрүүлдэг ийм зуршилтай болсон ард түмэн. Казино нь аялал жуулчлал хөгжүүлдэг, эдийн засгийн шууд болоод шууд бус нөлөө үзүүлдэг үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Тиймээс Казиногийн тухай хуулийн төслийг маш сайн хэлэлцэж, хамгийн сайн жишээ болсон хууль батлаасай гэж хүсч байна.