Ч.Улаан: Казиногийн дагалдах үр дагавар аймшиг байхгүй
УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Казиногийн тухай хуулийн төсөл бэлэн болсон, удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Та Монголд казино байгуулахыг дэмжиж байгаа юу?
Эдийн засагч, санхүүч хүн олон нийтэд таалагддаггүй арга хэмжээг дэмждэг. Жишээ нь архи, тамхины борлуултыг санхүүчид, төсвийнхөн тэгж их буруушаахгүй. Төсөвт тодорхой орлого оруулдаг учраас дэмждэг. Казиног зөв зохион байгуулж чадвал эдийн засаг санхүүд өгөөжтэй. Энэ утгаар нь би дэмждэг.
Гарч байгаа үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдэг асуудал дээр нухацтай хандаж, оновчтой шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш казино гэдэг нь өөрөө аймшиг биш, дагалдаж бий болж байгаа үр дагавар нь аймшиг байхгүй юу. Одоо өргөн баригдаагүй байгаа учраас хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй байна.
-Төсвийн тодотголоор өрийн таазын 58.3 хувийг нэмэгдүүлнэ гэж баталлаа. Хэрвээ зээл авбал өрийн тааз нэмэгдэх үү?
Нэгэнт баталчихсан зүйлийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Анхнаасаа 58.3 хувийг батлахад би хэлж л байсан. Энэ чинь өөрчлөгдөнө, байнгын хөдөлгөөнд байдаг үзүүлэлт. Дээрээс нь зайлшгүй авч ашиглах ёстой урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн тусламж авах асуудал энэ тооцоонд чинь орсонгүй.
Тийм учраас энэ асуудал ул суурьтай хандаач. Засгийн газрын тооцоо үндэслэлийг харгалзаж үзээч гэж удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. 58.3 хувь гэдэг өөрчлөгдөнө. Яагаад гэвэл 2015 онд Засгийн газрын гаргах дотоод бондын тооцоонд оруулсан үзүүлэлт.
Түүнээс биш бусад үзүүлэлт нь ороогүй. Гэтэл УИХ нэг гараараа 58 гэж баталчихаад, нөгөө гараа өргөөд 58-ыг нэмэгдүүлэх шийдвэр хамт гаргачихсан шүү дээ.
Виксел гэдэг чинь зээл гэсэн үг шүү дээ.
-Тэгэхээр УИХ зөрчилтэй шийдвэр гаргасан гэсэн үг үү?
Тэр юу вэ гэхээр төсвийг дагалдаж гарч байгаа тогтоол дотроо хөрөнгө оруулалтын санхүүжилтийг виксел гаргах замаар хэрэгжүүлээрэй гээд заагаад өгчихсөн. Виксел гэдэг чинь зээл гэсэн үг шүү дээ. Нэг жилийн хугацаатай олгогддог. Энэ викселийг гаргаад санхүүжилт хийгдчихээр 58.3 хувь өөрөө автоматаар нэмэгдэнэ. Энэ бол хоорондоо зөрчилтэй гарсан шийдвэр. Энэ өөрчлөгдөнө.
-Өрийн тааз ингэж өндөр гарах нь улс орны аюулгүй байдалд нөлөөлөх үү. Манайхан 70 хувьд хүргэх тухай яриад байсан. Бусад улс оронд өрийн тааз нь 60, 70 хувьд хүрсэн тохиолдол байдаг юм болов уу?
Байдаг. Олон Улсын түвшинд анхаарагдаад тооцогдчихсон арга, аргачлалтай зүйл шүү дээ. Тэгэхээр энийг улс орны хөгжлийн түвшин шийдэх асуудлынх нь хэрэгцээ шаардлагаас хамааруулаад, ялангуяа хөгжиж буй ядуу буурай улсуудад зориулаад гаргачихсан үзүүлэлт байгаа.
Энэ үзүүлэлтээр тооцож үзээд сэрэмжлүүлэх түвшин нь дундаж хэмжээнд байх тэр түвшинд тооцож 70 хувь гэж оруулж ирсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулаад байвал ерөөсөө хоорондоо нийцэхгүй. Юун 60, 70, хоёр гурван зуун хувиар ярьдаг.
Хөгжиж байгаа улсуудын хувьд энэ түвшинд аваад үзэх юм бол 30, 40-өөс эхлээд 80, 90 хүртэл хувь байдаг. Олон улсын нийтлэг жишиг, арга аргачлал, дээрээс нь өөрийн орны онцлогоо харгалзан үзэж бүтээлч хандаач гэж би хэлээд байгаа.
-Өрийн таазаа нэмнэ, нэмэхгүй гээд эдийн засгийн ийм чухал шийдвэрүүд дээр гишүүд нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байгаа нь харагдаж байсан?
Ер нь эдийн засаг, санхүүгийн асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой. Ялангуяа төсвийн асуудалд. Төсөв хэдийгээр гуравхан тоогоор бүх бодлого нь тодорхойлогддог боловч цаанаа асар олон үзүүлэлтийн уялдаан дээр тогтож байдаг.
Тэр үзүүлэлтүүдийн уялдаа зохицуулалтуудыг иж бүрэн харж чадалгүйгээр цөөн хэдэн үзүүлэлт шүүрч аваад шийдвэр гаргачихаар эргээд ийм зөрчил гарч байгаа юм. Төсвийн хууль батлагдаад нэг үзүүлэлт гаргачихаад, төсвийн хуулийг хэрэгжүүлэх тогтоол гаргахаараа өөр арга замаар шийднэ гэчихээр гарсан шийдвэр нь зөрөхгүй яах вэ.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар таны байр суурийг сонирхъё. Өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хууль шүү дээ?
Эдийн засгийг ил болгох, далд эдийн засагтай тэмцэх асуудалд өмнөх Шинэчлэлийн Засгийн газар анхаарал хандуулж ийм хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь далд байгаа эдийн засгийг ил болгоход чиглэгдсэн хууль. Түүнээс биш хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөх ёстой татвараа төлөөгүй хүмүүсийг өршөөнө гэсэн асуудал энд байхгүй. Ер нь тийм байж таарах ч үгүй.
-Энэ хуулиар офшор дансыг ил гаргалаа ч олон нийтэд зарлахгүй гэсэн мэдээлэл байна?
Далд эдийн засаг гэдэг урьд нь бүртгэгдээгүй. Огт тооцоонд ороогүй байсан зүйлээ ил гаргачихвал тэр үеэс нь албан ёсны болгоод хуулийн дагуу явна. Өмнөхийг нь ухаж төнхөхгүй гэсэн тийм санаа байгаа.