Казино байгуулахыг дэмжих үү?
Засгийн газраас Казиногийн тухай хуулийг төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Ирэх дөрөвдүгээр сард эхлэх хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Казино бол нэг ёсондоо программ хангамж
Хуулийн зохицуулалт байх ёстой. Зохицуулалт гэдэг нь зөвшөөрч болно, эс зөвшөөрч болно, хатуу шаардлагатай байж болно, зөөлөн байж болно. Ерөнхийдөө Монгол төрийн зохицуулалт казино байгуулахад хэрэгтэй. Миний бодлоор казиног хот суурин газраас хол байгуулмаар санагддаг. Жишээ нь Дорнодын Халх голд нөмрөгийн дархан цаазат газар бий. Хятад улстай Өвөр Монголын өөртэй засах орны Хянган аймгийн Рашаант хот гэж байдаг. 70 гаруй төрлийн рашаантай, олон улсын нисэх онгоцны буудалтай, хурдны зам, галт тэрэг гээд дэд бүтэц хөгжсөн газар бий.
Хятадууд дэлхийн Макао маягийн аялал жуулчлалын хот болгох зорилготой юм билээ. Рашаант хот Монголын хилээс ердөө 60 км зайтай. Хэрэв казино байгуулах юм бол тэнд л барих нь зөв. Дэлхий дээр казино тоглож байгаа хүмүүсийн бараг 90 хувь нь Хятадууд. Монголчууд очоод тоглоё гэхээр Чойбалсангаар 400 км явна. Боломжтой бизнесмэнүүд нь зорьж очоод тоглодог юм байгаа биз. Гол тоглогчид нь хятадууд байх болов уу гэсэн бодол байдаг.
Өмнө нь Улаанбаатар хотод “Чингис” зочид буудалд казино байгуулчихаад олон залуус орон байргүй болж, гудамжинд гарч байсныг мартдаггүй юм. Гэхдээ шууд хориглож болохгүй. Тодорхой хязгаартай байх ёстой. Жишээ нь төрийн алба хаагч, насанд хүрээгүй хүн тоглож болох уу гээд зохицуулалт хийж болно. Бас орлогын байдлыг ч харгалзаж болно. Төсөл өргөн баригдсан, одоо ажлын хэсгүүд ажиллаад янз бүрийн санаачлага гаргах байх.
Казино гэхээр дээр бид дээр үеийн дээрэмчидтэй кино шиг ойлгоод байдаг. Миний хувьд казино тоглож үзээгүй, харин казинотой хотуудаар очиж байсан. Ийм хотуудыг харж байхад олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, соёл урлаг, аялал жуулчлалын төв болсон байдаг. Тэр өнцгөөс нь харах ёстой. БНСУ-д гэхэд 100 хувь Засгийн газрын мэдлийн казино Сөүл хотод нь бий.
Солонгосчуудын ярьж байгаагаар бол казино гэдэг нэг ёсондоо программ хангамж юм шиг байгаа юм. Солонгосын Засгийн газырн мэдлийн казинод орсон орлогоор боловсрол, аялал жуулчлалын салбараа дэмждэг юм байна. Энэ мэт улс болгонд хэрэгжүүлсэн туршлагуудыг бид судлах ёстой. Зохицуулалтыг яаж ч хийж болно. Гол нь нээлттэй, ил тод байх ёстой.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Би ач холбогдол өгөхгүй
Казино байгуулаад их ашиг олчих юм шиг яриад байна. Би хувьдаа эргэлзэж байна. Казино байгуулна гэдэг дэд бүтэц шаардана. Манайхан Хөшигийн хөндийд байгуулна гэх зэргээр ярьж байгаа юм билээ. Хууль нь хэлэлцүүлгийн шатанд орж ирэхээр тодорхой болох биз дээ. Би хувьдаа ач холбогдол өгөхгүй байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн мөнгөө олох арга гэж хардаж байгаа
МАНАН –ийнхан ард түмнээ бодож аялал жуулчлалыг хөгжүүлэн, долларын урсгалыг нэмэгдүүлэхээр ийм хууль оруулж байна уу, аль эсвэл сонгуулийнхаа мөнгийг олох гэж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна л даа. Яагаад Япон улс казино байгуулдаггүй юм бэ. АНУ, Солонгос, Макао-д ямар зарчмаар казино байгуулагдаж байгааг бодох ёстой. Казиног ажиллуулдаг нөхдүүд сүлжээ маягаар ажилладаг болохоос иргэн Дорж байшингаа барьчихаад казино байгуулаад тэнд нь энд тэндээс хүмүүс ирж тоглодоггүй. Миний хувьд хууль батална гэж ярихаасаа өмнө хаанаас хэн орж ирж Монголд казино байгуулах гэж байгааг олон нийтэд зарлах ёстой. Казиногийн хууль батлангуут хэн нэгэн орж ирдэггүй.
Харин казино байгуулах гэж байгаа нөхдүүд захиалгаа өгч, хууль батлуулах гэж байгаа. Нэг үгээр хэлбэл энэ хууль захиалагчтай байдаг. Тэгэхээр одоо казино байгуулах нь ашигтай юу, үгүй юу гэж ярих нь илүүц. Дэлхий даяар казино байгуулах асуудал маргаан дагуулж, хумигдаж байна. Казиног дагалдаад сөрөг зүйл гарч ирдэг нь үнэн. Миний хувьд ах нар сонгуулийн мөнгөө олох гээд л нэг хоёр казиногийн сүлжээтэй холбогдчихсон, хэдэн доллар салгах санаатай ийм хууль оруулж ирж байна уу гэж хардаж байгаа.