Дэлхийн Усны өдөр тохиож байна
Дэлхий, Ус
2015.03.23

Дэлхийн Усны өдөр тохиож байна

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг Дэлхийн Усны өдөр, 23-ныг Дэлхийн Цаг уурын өдөр болгон тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу энэ жил Усны өдрийг “Ус ба Тогтвортой хөгжил”, Цаг уурын өдрийг “Мэдлэгт тулгуурласан уур амьсгал" сэдвийн дор тэмдэглэж байна.

Манай улс ч олон улсын чиг хандлагад нийцүүлэн тэмдэглэдэг болсоор цөөнгүй жилийг үдэж байна. Өнөөдөр ус, цаг уурын салбарт хүчин зүтгэж байгаа болон хүч хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа баярын өдрийн мэнд хүргэж, халуун талархал     илэрхийлье. Энэ жил эдгээр өдрүүдийг дээрх сэдвүүдийн дор тэмдэглэж байгаа нь ус, цаг агаар, уур амьсгал, орчны мэдээ, мэдээлэл бүх салбарт ашиглагдаж, хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаагийн илэрхийлэл.бөгөөд улс орнуудын тогтвортой хөгжил, хүн төрөлхтний ирээдүйн аюулгүй байдлын төлөө үнэн зөв мэдээ, мэдээлэл гаргахын чухлыг сануулж байгаа хэрэг юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт, ган, зуд болон ус, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, орчны бохирдол мэдэгдэхүйц ихсэж, учруулах хор хохирол улам бүр нэмэгдэх боллоо. Энэ нь цаг агаараас шууд хамаарал бүхий бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд ч тодоос тод илэрч байгааг та бид мэдэрч байгаа билээ.

Монгол улсын нутаг дэвсгэрт тархан байрласан цаг уурын 48 өртөөний 1940-2013 оны мэдээгээр газар орчмын агаарын температур 2,070С-аар дулаарсан буюу байгалийн бүх бүс бүслүүрт дулаарал явагдаж байгааг судалгаагаар нотолсон байна.

Сүүлийн жилүүдэд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн судалгааг манай эрдэмтэд, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд одоогийн ашиглагдаж буй тоон загвар, супер компьютер, хиймэл дагуулын мэдээний тусламжтайгаар нэлээд гүнзгийрүүлэн хийж байгааг мэргэжлийн Та бүхнээс сонсоод таатай байгаагаа тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Дэлхийн улс орнуудад ашиглаж буй орчин үеийн өндөр хүчин чадалтай тооцоолох техник, томоохон загваруудыг авч ашиглах, ус, цаг агаар, орчны бодит, урьдчилсан болон урьдчилан сэргийлэх мэдээг цаг хугацаа, орон зайн хувьд өндөр нарийвчлалтай гаргаж үйлчлэх, ингэснээрээ болзошгүй байгалийн гамшгийн эрсдэлээс сэрэмжлүүлэх стратегийн зорилгоо амжилттай биелүүлэх зорилт ус, цаг уурчид та бүхний өмнө тулгарч байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хамт олон та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхныг ерөөе.