С.Эрдэнэ сайд мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын гишүүн, ХАХНХ-яамны сайд С.Эрдэнэ
2015.03.18

С.Эрдэнэ сайд мэндчилгээ дэвшүүллээ

Эр цэргийн албанд мордож эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн, эцэг болж эхнэр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн  Зэвсэгт хүчний дайчид болоод  нийт эрчүүд та бүхэндээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын хамт олны зүгээс болон хувиасаа Монголын Зэвсэгт хүчний 94 жил,1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярын мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.

Манай улсын нийт хүн амын 48.9 хувь, хөдөлмөрийн насны хүн 49,6 хувь нь эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн өрх толгойлсон эцэг 22.4 мянга болж өмнөх оныхоос 3092 хүн болж 12.2 хувиар буурсан байна.Эрэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй  хэсгийн хувьд Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Батлан хамгаалах, хил, цэрэг цагдаагийн байгууллагын 82,7 орчим хувь нь ажиллаж,  Монгол эрчүүд төр нийгэм, эдийн засгийн харилцаанд манлайлагч байдаг төдийгүй хаан ухаанаар төрийн үйл хэрэгт оролцож  шийдвэр гаргах, эрх мэдлийг хэрэгжүүлэх, үндэсний хөгжлийн бодлогыг тогтооход ямагт тэргүүлж байдаг түүхэн уламжлалтай билээ.    

Монгол улсын төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш боломжийг хангах, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хэвшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч, хууль эрх зүй, олон нийтийн боловсролын хүрээнд олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсний илрэл 2013 онд Ерөнхий сайдын ивээл дор "Нийгмийн хөгжил Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хороо, Эрүүл мэндийн яам, Монголын эрэгтэйчүүдийн холбоо,  болон бусад дэмжигч байгууллагууд хамтран зохион байгуулсан билээ. 

Манай улсад ойрын жилүүдэд хөдөлмөрийн насны хүн ам, нөхөн үржихүйн насны хүн амын их нөөц байна. Төрөлт нэмэгдэх магадлал өндөр байна. Иймд, хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогоор төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал манай улсын хүн амын өсөлт тогтворжиж, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах боломжтой болох юм. Төрөлтийг дагаж хүүхэд, залуучуудын тоо өснө.

Тэдний  боловсрол, соёлын хэрэгцээг ханган хөгжүүлснээр бүтээлч, чадамжтай хүнийг нөөцийг бий болгох, хөдөлмөрийн насны хүн амыг хөдөлмөр эрхлэлтээр хангаж, амьдралаа авч явах чадамжтай болгох, насжилт нүүрлэж эхлэхтэй холбогдуулан хүн амыг эрүүл насжилтад бэлтгэх, иргэн бүрийг эх орондоо эрүүл, аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахыг зорьж байна. 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд эрчүүдийн үүрэх ачаа, идэвхтэй оролцоо, хүлээцтэй төвшин зан, хариуцлагатай ноён нуруу чухал гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

    Айл гэрийн ноён нуруу, амьдарлын гол багана ЭР ХҮН та билээ.