Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна
Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд, манай орны хувьд Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолын дагуу "Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах" уриан дор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр буюу "Дэлхийн усны өдөр"-ийг эдүгээ 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.
2015 оны Дэлхийн усны өдрийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллагуудтай хамтран"Ус ба тогтвортой хөгжил" уриан дор тэмдэглэх гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь "Цэвэр усны гачигдалд байгаа улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх" явдал юм.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэхдээ газрын доорхи усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Иймээс 20 хоногт л нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай билээ.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.
Ус хэмнэх энгийн аргууд:
- Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай.
- Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл. - Стаканд ус хийж аваад шүдээ угаах
- Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
- Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
- Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
- Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
- Ус дусалж байгаа крантуудыг хаах
Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны дүнд усны харилцаанд эрх зүйн шинэчлэл хийснээр, ус ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх тодорхой ахиц гарч байна. Энэ жилийн Дэлхий усны өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Үүнд:
- “УС ХАНГАМЖ, ЭРҮҮЛ АХУЙ” сэдвээр нийслэлийн цэцэрлэгүүдийн эмч нарыг дунд сургалт зохион байгуулна.
Холбогдох цахим хуудас, болон өөрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан www.ncph.gov.mn хүн амд мэдээлэл түгээнэ.