Ж.Эрдэнэбат: Энэ онд 21 эмнэлэг, 13 сургуулийг ашиглалтад оруулна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.03.20

Ж.Эрдэнэбат: Энэ онд 21 эмнэлэг, 13 сургуулийг ашиглалтад оруулна

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа 

-Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар та эхлээд мэдээлэл өгнө үү? 

Сүүлийн жилүүдэд манай улсын ДНБ болон эдийн засгийн өсөлт хурдац нь буурч байгаа статистик мэдээлэл гарч байгаа. 2011 онд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй гарлаа гэдэг байдлаар ард түмэн төдийгүй Засгийн газар баяртай байсан. “Хэрвээ энэ өсөлт цаашид хадгалагдвал манай улс хөгжил цэцэглэлтийнхээ замыг эхлүүлнэ” гэж ярьж байв.

Гэтэл сүүлийн жилүүдэд энэ өсөлт нэлээд удааширсан. Өнгөрсөн оны статистикаар ДНБ-ний өсөлт 7.8 хувьтай гарсан. Энэ нь жил бүр буурсан байдалтай байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт гэдэг тоон үзүүлэлт дотор бодит нөхцөл байдал дээр чанар, үр дүн ямар байгаа нь эргэлзээ төрүүлж байдаг. Эдийн засгийн хүндрэлийг бий болгосон үндсэн шалтгаануудын хувьд, Монгол Улс гол төлөв уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог.

Тэгвэл эдгээр гол бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нэлээд буурсан Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа юм Түүнчлэн дараагийн нэг асуудал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байгаа Ер нь сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт уналттай гарч байна. Уг нь оргил үедээ 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаднаас орж ирж байв.

Тэгвэл өнгөрсөн онд ердөө 507 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон. Энэ өмнөх онтой харьцуулахад 4.5 дахин буурсан үзүүлэлт. Харин оргил үеэсээ 9.3 дахин буурсан гэсэн үг. Ер нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь тухайн улс орондоо валютын орох урсгалыг нэмэгдүүлж байдаг. Үүнээс шалтгаалаад төлбөрийн тэнцлийг сайж руулах бололцоог бүр дүүлдэг. Тэгэхээр буураад байгаа нь төлбөрийн тэнц лийн алдагдалд томоохон сөрөг нөлөөллийг бий болгож байгаа юм. 

-Гадаадын хөрөнгө оруулалт буурахад голлон нөлөөлсөн хүчин зүйлийг юу гэж харж байна вэ? 

Үүнд хууль эрхзүйн орчноос эхлээд олон зүйл нөлөөлсөн. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруу- лагчдад эзэмшүүлсэн лицензийг цуцлах, хураан авсан тохиолдол олон гарсан. Ийм нөхцөлд ямар ч гадны компани Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхгүй. Мөн манай улстөрчдийн хувь хүний үзэл бодол, үйлдэл ихээхэн нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөр өөр байр суурь илэрхийлээд байхаар улс төрийн орчин тогтворгүй гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтаа зогсоох тохиолдол гардаг л даа. 

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар хуулиудад өөрчлөлт оруулахаар ярилцаж байна вэ? 

Хөрөнгө оруулалтын, Татварын тухай хууль болон Монгол Улсад хөрөнгө оруулсан тохиолдолд ямар урамшуулал авах боломжтой зэргийг сурталчлах үүргийг Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон байгаа. -Засгийн газар эдийн засагт өсөлт гаргахын тулд ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ? -Төлбөрийн тэнцлийн алдагдал болох 1.4 тэрбум ам.доллар, төсвийн 1.2 их наяд төгрөгийн алдагдал хамгийн их санаа зовоож байна. Тиймээс эхний ээлжинд энэ хоёр алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг блансжуулахад анхаарал хандуулж байна. Засгийн газрын хувьд гурван их наяд төгрөгийг дотоод бондоосоо хэрэглэчихсэн байж байна.

Энэ гурван их наяд төгрөг арилжааны банкуудад эргэлдэж байгаа нийт зээлийн 25 хувь.Засгийн газар нь эдийн засаг руугаа орох мөнгөнөөсөө 25 хувийг татаж авчихаад “Эдийн засгаа тэлнэ, өргөжүүлнэ” гэж ярихад хүнд. Тэгэхээр нэг талдаа төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал гэх хоёр том тоог бууруулах чиглэлд бодлогын арга хэмжээ зохион байгуулах ёстой. Төсвийн алдагдлыг гаднын санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах замаар бууруулъя гэж байгаа.

Төсвийн нийт алдагдал гурван их наяд. Гурван их наяд төгрөгийн дотоод бондынхоо ядаж 50 хувь буюу 1.5 буюу 800 сая ам.долларыг эдийн засагтаа оруулахаар гадны санхүүгийн байгууллагад хандаж байна. Энэ нь авч хэрэгжүүлэх гэж байгаа эхний алхам. Манай улс импорт голлосон учраас төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байна. Өнгөрсөн онд гэхэд төлбөрийн тэнцлийн алдагдал 470 сая ам.доллараар хэмжигдэж гарсан. 

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний валютын урсгал бий болно гэж тооцоолсон бэ? 

Нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа. Боловсруулахдаа биелдэггүй мөрөөдлийн жагсаалт гаргах хэрэггүй. Харин биелэх боломжтой төлөвлөгөө гаргаад түүнийгээ хариуцсан яамд нь араас нь явах хэрэгтэй. Өнөөдрийн төвшинд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг хэлэх боломжгүй байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нарийвчилсан төлөвлөгөөгөө батална. Энэ үед нь эргээд мэдээлэл өгч болно. 

-Засгийн газарт нэмж өр тавих боломж байгаа юу? 

Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоо Монголбанкийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргах яриа хэлцлийг ажлын хэсгийн төвшинд ярьж байна. Удахгүй Засгийн газраас шийдвэр гарах байх. Ингэснээр өрийн хэмжээ нэмэгдэх нөхцөл үүснэ. 290 тэрбум төгрөгөөр өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр гэж үзээд Компанийн тухай хуулиар орон нутгийн болон төрийн өмчит компаниуд дүрмийн сангийнхаа хүрээнд хариуцлагаа хүлээх хуультай.

Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн компаниудыг Засгийн газрын өрөөс гаргасан. Ингэснээр 450 орчим сая ам.долларын орон зай үүсч байгаа. 450 сая ам.долларыг урт хугацаатай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар ярьж байна. Гол нь өнөөдрийн тооцооллоор үлдэж байгаа орон зайны 70-80 хувь нь шинэ нисэх буудлын Японоос авч байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зарцуулагдах дүр зураг байгаа. 

-Төрийн банк 300 сая ам.долларын бонд гаргахаар болсон гэсэн. Энэ нь Засгийн газрын өрийн хэмжээнд нөлөөлөх үү? 

Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр, улсын өр гэдэг ойлголттой болсон. Төрийн банк бол орон нутгийн компани. Тиймээс энэ банкны авч байгаа өр Засгийн газрын өрд хамаарахгүй. Өөрөөр хэлбэр өрийн тааз буюу 58.3 хувьд хамаарахгүй гэж ойлгож болно. -Тавантолгойн хэлэлцээр Чалкогийн өрөөс үүдэлтэйгээр зогсонги байдалд орчихоод байгаа.

Энэ хэлэлцээрийг урагшлуулах талаар Засгийн газар дээр ямар яриа хэлэлцээр хийж байна вэ? -Томоохон орд газруудыг ашиглах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар санал нэгдсэн. Ер нь Тавантолгой төсөл дээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дээр бүх талын тохиролцоонуудыг хийгээд Монгол Улсын эрх ашигт нийцсэн байвал энэ төсөл цаашаа явна л гэсэн үг. 

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар эдийн засагт ямар эерэг нөлөө гарна гэж тооцоолж байна вэ? 

Монгол Улсад далд эдийн засаг их байна гэж яриад байгаа. Энэ утгаараа эдийн засгийн өршөөл үзүүлэх нь үр дүнгээ өгнө. Нөгөө талаас бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг өргөн барьсан байгаа ч урамшууллын системийг нэмж оруулахаар ажлын хэсэг байгуулаад байна.

Хэд хэдэн улс орны туршлагыг судалж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл дээр энэ асуудлыг ярилцсанаар урамшууллын системийг зөв зүйтэй ажил гэж дүгнээд байгаа. Эрдэмтэн судлаачдынхаа байр суурь, саналыг сонсч байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төсөл мөрөөдлийн жагсаалт болгохгүйн төлөө ажиллаж байна. 

-Манай улсын эдийн засгийг Дэлхийн банк болон олон улсын “Мүүдийс” агентлагаар мөддөө сэргэхгүй, “муу” гэсэн үнэлгээ өгөөд байгаа. Тэгэхээр энэ мэтчилэн гадаадад муугаар хэлүүлээд байгаа нэр хүнд өсгөх боломж ойрын үед бидэнд байна уу?

Мэдээж гадны байгууллагууд бидэнд муу гэсэн үнэлэлт өгч байна. Үзүүлэлт дандаа буурч байна. Цаашдаа гадаад нэр хүндээ өсгөх тал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Эхний хэсэг нь эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр юм. Бид ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу хөтөлбөрөө баталсан. 

-Ирэх 2017 онд манай улсад болох АСЕМ-ийн уулзалтад зориулж 55 тэрбум төгрөгөөр 50 хаус барихаар төлөвлөж байна гэх мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? 

Ийм хэмжээний мөнгө төсвөөс гаргах боломж байхгүй. АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах комиссоос нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлын судалгааг гаргаж байна. Дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор засвар, арчилгаа шаардлагатай байгаа аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох талаар хэлэлцэж байгаа. 

-ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хоёр хүнтэй гадаадын компаниас 17 тэрбумын өртөгтэй зөвлөгөө авах гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан нь тодорхой болоод байгаа. Тэгэхээр Сангийн яамнаас энэ мөнгийг АНУ руу шилжүүлэхээр болсон гэж ойлгож болох уу? 

Ер нь Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бүх мөнгийг хязгаарлах бодлого баримтлах хэрэгтэй. Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийг Сангийн яам хянадаггүй. Гэхдээ саяхан Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг өгсөн. Цаашдаа үүнийхээ дагуу хяналтаа тавина. Одоогоор 17 тэрбум төгрөгийг шилжүүлээгүй байна. 

-Оюутолгойн 34 хувийг зарах талаар Засгийн газрын төвшинд ярьсан гэх юм?

Тийм зүйл яригдаагүй. 

-Энэ оны төсвийг батлахдаа ямар ч бүтээн байгуулалт хийхгүй байхаар төсөвлөсөн. Гэхдээ ядаж эхэлсэн ажлуудаа дуусгаж таарах байх. Тухайлбал, энэ онд хэчнээн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар байна вэ?

Эмнэлгийн 21, Соёлын төвийн 15, Спорт заал долоо, 10 дотуур байр, 13 сургууль, цахилгаан дамжуулах агаарын 35 кВт-ын 49.5 км шугамыг ашиглалтад оруулна. Тэгэхээр энэ төсвийн хөрөнгө оруулалтын бодлогоор огт шинэ бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ хийгдэхгүй ч гэсэн эхэлсэн ажлуудаа дуусгасна. Үүний дараагаар нийгэмд шаардлагатай эрэлт хэрэгцээтэй байгаа барилга, объектуудыг ашиглалтад оруулах нөхцөл бололцоогоо бүрдүүлж байна.