Онилсон бодлогын үр дүн “мөрөөдөл”-ийг ажил хэрэг болгожээ
Инфляци
2015.03.18

Онилсон бодлогын үр дүн “мөрөөдөл”-ийг ажил хэрэг болгожээ

Инфляцийг нэг оронтой тоонд барих олон жилийн “мөрөөдөл” 2015 оны эхний гурван сард биел­жээ.

Тодруулбал, Үндэсний ста­тистикийн хороо 2015 оны эхний хоёр сарын тоон мэ­дээллийг нэгтгэж инфляцийн төвшин 9.3 хувьд хүрч нэг орон­той тоонд орсон гэсэн мэ­дээллийг дуулгалаа. Аливаа хүнд­рэлтэй асуудлыг шийдэх гар­цаа зөв олж чадвал үр дүн гар­даг гэдгийг харуулсан хэрэг бол энэ мэдээ юм. Инфляцийг нэг оронтой тоонд барихын тулд Зас­гийн газар, төв банкнаас олон ажил хийсэн. 

Тэндээс хам­гийн үр дүнтэй нь Гол нэ­рийн бараа бүтээгдэхүүний үнэ тогт­воржуулах хөтөлбөрийг хэ­рэгжүүлсэн явдал хэмээн эдийн засагчид үнэлдэг. Ний­лүү­лэлтийн гаралтай инфляцийг буу­­руулах, дунд хугацаанд ба­­раа, бүтээгдэхүүний ний­лүү­лэл­­тийн тогтвортой тогтол­цоог бүрдүүлэх, эдийн зас­гийг тогтворжуулах явдал энэ хөтөлбөрийн гол зорилго бай­сан бөгөөд зорилгоо ч биелүүлж чадсан нь сайшаах асуу­дал юм. Хэдийгээр энэ хө­төл­бөрийг төв банк дунд ху­­гацаанд хэрэгжүүлж, энэ оны хоёрдугаар сараас Зас­гийн газарт хөтөлбөрийг шил­жүүл­­жээ. 

Хөтөлбөр энэ онд үр­гэлжлэн хэрэгжээсэй гэх бо­долтой иргэд ч цөөнгүй байгаа юм билээ. Ард түмэн төрөөс шууд үр дүн нэхдэг дутагдалтай талтай. Гэвч зөв хэрэгжүүлсэн хөтөлбөр эхний жилдээ шууд үр дүнгээ өгчихдөг нь ховор. Хүчээр мөнгөөр шийдчихээр үр дүн нь гараад амьдрал сайхан болж байгаа юм шиг санагддаг ч эргээд эдийн засагт ирэх дарамт нь ямар хүнд байдаг вэ гэдгийг Чалькод тавьсан өр, түүнийг төлөх гэж аргаа барж яваа “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн жишээнээс харж болно.

Тэгвэл Монголбанк, Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн эдийн засагт бага багаар нөлөөлж явсаар үр дүн нь одоо гарч байна хэмээн эдийн засагчид үнэлж байгаа юм. Хамгийн ойрын жишээ нь шатахууны үнэ нэмэгдээгүй нэг төвшинд байсан нь иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж чадсан явдал. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл жил ирэх тусам өргөжиж байгааг ч энэ хөтөлбөртэй уялдуулан ойлгоход буруудахгүй.

Эдийн засгийн бодит секторыг дэмжсэнээр 179 мянган ажлын байрыг хадгалж, энэ хэрээр залуус ажилтай амьдралтайгаа үлдэж, дансандаа урьдчилгаа төлбөрөө хуримтуулж чаджээ. Цалин үе шаттай нэмэгдсэн энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнэ тогтвортой байж нэмэгдэл цалин нь иргэдийн амьдралд бодит орлого болж чадсаныг ч тогтворжуулах хөтөлбөрөөс ангид ойлгох аргагүй. 

Тухайлбал, Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 23.7 хувийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 1.3 дахин, 2014 онд  17.8 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан байна. Мах, шатахуун, цементийн үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 0.2 хувь болж буурчээ. 

Энэ хөтөлбөрийг шүүмжлэх хүмүүс олон бий. Эдийн засгийн талаасаа үнийг хатуу барьсан нь буруу, эс бөгөөс хэт их мөнгийг аж ахуйн нэгжүүдэд дэмий зарцуулсан гэх шүүмжлэл байдаг. Гэвч албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 2013 онд 710 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд зээлээ эргэн төлж буй аж. Энэ хөтөлбөрийн эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөг тоон баримтаар илэрхийлэх эдийн засагчид цөөнгүй байгаа төдийгүй хатуухан газардах байсан эдийн засаг хөтөлбөрийн үр дүнд зөөлөн газардлаа хэмээн онцолж байгаа юм. Хөтөлбөрийн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе. 

Ц.Баярсайхан: Дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөр нэмэр боллоо 

/УИХ-ын гишүүн/ 

-2013, 2014 оны хувьд Монголбанкны явуулсан үйл ажиллагаа бүхэлдээ эдийн засгийг эрүүлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төлбөрийн тэнцлийн хямралыг зөөллөх, макро эдийн засгийн зорилтуудыг хангаж тогтворжуулахад маш сайн ажиллалаа гэж би ойлгож байгаа. Ийм зүйлийг хийж чадаагүй бол үнэхээр бид эдийн засгийн өсөлтийн тухай ярихад ч хүнд байх байсан. 2013 онд эдийн засаг 11.7 хувиар өслөө. Энэ өсөлтийн том жин буюу 8-9 хувийг Монголбанкнаас явуулсан мөнгөний бодлого хангасан гэсэн дүгнэлт гарч байсан. 

Үүнтэй би санал нэг байна.  Зөвхөн барилгын салбарт гэхэд бид 30, 40-өөд бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагагүй боллоо. 2015 оноос эхлээд цементийг гаднаас импортлох шаардлагагүй болж, 2016 оноос эхлээд бид цементийг экспортлох тухай ярих чадалтай болж байна. Арматурыг бол 2015 он гэхэд ер нь гаднаас авах шаардлагагүй болж байна. Энэ мэтчилэнгээр дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нэмэр болж байгаа юм. 

Ер нь үүнийг танил талтай компанидаа ч өгдөг юм биш, арилжааны банкинд зээлийнхээ баталгаа гаргаж чадсан компани нь банкнаас зээлж авч байгаа юм. Тэр талаараа бүх аж ахуйн нэгжүүдэд хүрч чадаагүй байх. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн гол үйлдвэрлэгч нарт үр дүнгээ өгсөн арга хэмжээ боллоо гэж харж байна. Одоо бид яг энэ суурин дээрээсээ цаашаа яах вэ гэдгийг их зөв тодорхойлох шаардлагатай байна. 

Д.Ганхуяг: Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол шатахууны үнэ 2300 төгрөг хүрэх байсан 

/УИХ-ын гишүүн/

-Хөтөлбөрийн үр дүн маш тодорхой байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр шатахууны нөөц 2.3 дахин нэмэгдсэн. Тухайн үед шатахууны 44.000 орчим тонны нөөцтэй байсан бол одоо 2.3 дахин нэмэгдсэн. Нөөц нэмэгдсэнээр шатахууны хангамжийн хомсдол үүсэх, улмаар байсхийгээд үнэ нэмэгдэх үзэгдэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гарсангүй. 2012-2014 онуудад валютын ханш 35 орчим хувиар нэмэгдсэн хэдий ч шатахууны үнэ тогтвортой байгааг та бүхэн мэдэж байгаа.

Гол шалтгаан нь энэ хэрэгжүүлсэн хөтөлбөрөөс гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гол нийлүүлэгчдээс авдаг бензиний хилийн үнийг түүхий нефтийн биржийн үнээс тооцдог тэгшитгэл буюу аргачлалтай болсноор хилийн үнийг дунджаар шатахууны төрөл бур дээр 350 орчим ам.доллараар бууруулсантай холбоотой.  Шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байснаар хоёр жил гаруйн хугацаанд  иргэдээс гарах зардлыг ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгөөр хэмнэсэн гэсэн тооцоо бий. 

Хэрэв эдгээр арга хэмжээг авч чадаагүй бол шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэж, дагаад бүх бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд хүндээр тусах байсан. Шатахууны хилийн үнийг тонн тутамд 350 орчим ам.доллараар бууруулаагүй, түүнчлэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, төрөөс зохицуулалт хийгээгүй, импортлогч нарт бага хүүтэй зээл олгоогүй байсан бол шатахууны үнэ 2200-2300 төгрөгт хүрэх төлөвтэй байсан.

Ж.Дэлгэрсайхан: Хөтөлбөр хэрэгжээгүй бол инфляци 15 ба түүнээс дээш хувьд хүрэх байлаа

/СЭЗДС-ийн Санхүү удирдлагын тэнхимийн зөвлөх багш, эдийн засагч/ 

-Төв банкнаас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр зорилгодоо хүрсэн. Жишээ нь, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах болон нефьтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр нь 2013, 2014 онд эдийн засагт гарч болзошгүй сөрөг үзэгдэл болон инфляцийн өсөлтийг сааруулж, түүнээс улбаалан иргэдэд ялангуяа бага дунд орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлж болох дарамтыг багасгасан. 

Ингэснээр эдийн засагт үүсч болзошгүй байсан, иргэдийн худалдан авах чадварын доройтлоос сэргийлж, эдийн засгийн хүндрэлийг тодорхой хэмжээгээр хойшлуулж чадсан. Эдгээр гол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол 2013, 2014 оны инфляцийн төвшин хэдийгээр хоёр оронтой тоонд хүрсэн ч түүнээс өндөр төвшин болох 15 ба түүнээс дээш хувьтай болох байсан. 

Хөтөлбөрийн нөлөөгөөр 2013 онд инфляцийн төвшин нэг оронтой тоонд тодорхой хугацаанд байж чадсан. Мөн одоогийн инфляцийн төвшин нэг оронтой тоонд байгаа нь эдгээр хөтөлбөртэй тодорхой хэмжээгээр холбоотой бөгөөд үүнийг инфляцийн бүтэц дэх нийлүүлэлтийн гаралтай нөлөөлөл багассанаар тайлбарлаж болно. 

Д.Батжаргал: Монголбанк, Засгийн газар хоорондын хөтөлбөр бол онилсон бодлогын эхлэл 

/СЭЗДС-ийн захирал, эдийн засагч, доктор профессор/

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар инфляци нэг оронтой тоонд орж ирсэн байна. Ер нь бол 2-3 жилийн өмнөөс авч эхэлсэн монголын эдийн засгийн бүтцийг өөрчлөх шаардлагын үр дүн үргэлжлүүлээд гарч эхэлж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл бид олон зүйлийг гаднаас авдаг байсан бол одоо өөрсдөө хийдэг болж эхэлсэн. 

Энэ байдал бол инфляцийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна, ялангуяа төлбөрийн тэнцэл алдагдалтай, ханш өндөр байгаа үед дотроо хийх зүйлийг хйигээд хэрэглээнийхээ наад захын хэрэглээг хангаад байна гэдэг бол их чухал зүйл юм. 

Мэдээж Монголбанк бодлогын хүүг өсгөсөн энэ дохио бол дохио болж очсон байгаа байх. Ер нь бид энэ эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөхгүйгээр инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг боломжгүй зүйл юм. Тэр зүг рүү явах хэрэгтэй. Үүнийг хэвээр хадгалж үлдэхийн тулд онилсон бодлого байх ёстой. Манай Улсын бодлого бол зах зээл нь нэлээд төгс болчихсон том эдийн засагтай улсуудын бодлогыг ашиглаад байдаг. 

Онилсон бодлого гэдэг бол маш сайн өрсөлдөх чадвартай салбарыг дэмжсэн, эсвэл импортыг маш хүчтэй орлож, валютыг нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн иим үйлдвэрлэлүүдийг дэмжихэд чиглэсэн ийм бодлогыг онилж явуулах хэрэгтэй. Монголбанк болон Засгийн газар хоорондын хөтөлбөрүүд нь энэ онилсон бодлогын эхлэл юм. Энэ бол жолоодлогогүй инфляцийг сааруулаад, эдийн засгийн зөв бүтцийн чигийг хадгалах. Тиймээс уг бодлогыг үргэлжлүүлэх ёстой. Энэ нь өөрөө их зөв алхам юм. Үүний үр дүн дор хаяж нэг жилийн дараа гарна.

Эх сурвалж: “Блүүмбэрг” телевиз 

Б.Отгонтөгс: Залуу гэр бүлүүд хүртэл энэ хөтөлбөрт хамрагдсан 

/МУИС-ийн эдийн засгийн багш, доктор/

-Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр мөнгөний бодлогод тэр болгон хэрэгжүүлээд байдаггүй уламжлалт бус арга хэрэгсэл. Хөтөлбөр өөрөө нэгдүгээрт үнийн хэлбэлзэл ихтэй гол гол бараануудын үнийг тогтвортой байлгах зорилгоор бизнесийн салбарт өгсөн зээл, хоёрдугаарт эдийн засгийн идэвхжил, өрх гэрүүдийн хадгаламж, эрэлтийн талыг нэмэгдүүлэх  зорилгоор олгож байгаа орон сууц худалдан авах найман хувийн зээл гэсэн хоёр том хэсгээс бүрдэж байгаа. 

Эдгээр хөтөлбөрүүд анхнаасаа богино хугацаанд хэрэгжих төлөвлөгөөтэй байсан, энэ төлөвлөгөө ёсоор эхний төрлийн зээлийн хэмжээ бол 2014 оны сүүлээс эхлээд буурч байгаа. Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр бол төрийн өмчийн компани (цахилгаан) хувийн хэвшил (бензин, барилга), өрх гэр (8 хувийн зээл) зэрэг эдийн засгийн өсөлтийг хангадаг, хэрэглээ, хадгаламжийг нэмэгдүүлдэг гол гол хэсгүүдэд, субъектуудад өгсөн зээл. 

Мөнгөний уг бодлогын эдийн засагт үзүүлсэн, үзүүлж байгаа нөлөө их.  Нэгдүгээрт  үнэ тогтворжуулах хөтөлбөрт багтсан барааны үнэ харьцангуй доогуур тогтвортой байсан тул 2014 оны хувьд инфляцийн төвшин улсын хэмжээнд 11 хувьтай байсан. Төлбөрийн тэнцлийн улмаас 2013 оны долдугаар сараас эхлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларсан  учир хэрэглээний үнэ, гол нь импортын бараа үнэ болон “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр” (ҮТХ)-т хамрагдаагүй дотоодын бусад барааны үнийг хүчтэй нэмэгдсэн гэсэн судалгааг Төв банкны эдийн засагчид хийсэн байгаа. 

Хоёрдугаарт, энэ хөтөлбөрийн дагуу эдийн засагт орсон мөнгө М2 мөнгөний хэмжээг шууд нэмэгдүүлсэн. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт, төлбөрийн тэнцлийн алдагдлаас болж Монголын эдийн засагт үүссэн санхүүжилтийн хомсдлыг нөхсөн.  Зээлийн хэмжээний хувьд бол 2013 онд зээлийн өсөлт огцом өссөн хэдий ч 2014 он гарсаар энэ нь эргээд саарч байна. 

Тиймээс энэ хөтөлбөр зээлийг автоматаар их хэмжээгээр өсгөөд байгаа гэж бодохгүй байна. Хувийн хэвшил, өрх гэрүүд бол зээлээ эргээд хэрхэн төлөх вэ  гэдэг дээр илүү рациональ ханддаг тул зээлийн эрэлт буурч байна. Гуравдугаарт, найман хувийн орон сууцны зээл авсан өрх гэрүүдийн хувьд хүссэн хэмжээний байрандаа амьдраад, ажил хийж 15-20 жилийн дотор энэ зээлээ төлөх боломжтой болж байна. Залуу гэр бүлүүд хүртэл энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ нь өрх гэрүүдийн өнөөгийн амьжиргааны төвшинг сайжруулж байна, үл хөдлөх хөрөнгөд оруулж байгаа хөрөнгө оруулалт, хадгамжийг нэмэгдүүлж байна.  

Дөрөвдүгээрт, найман хувийн орон сууцны зээл авсан хүмүүсийн хувьд хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй ажил эрхлэгч байлгах хөшүүргийг бий болгож байна. Зүгээр мөнгө тарааж хөдөлмөрийн нийлүүлэлтийг бууруулж байхаар  хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож хүмүүсийг ажил хийлгэж, ажилдаа тогтвор суурьшилтай байлгах бодлого болж чадсан гэж бодож байна. 

Хамгийн сүүлд хэлэхэд энэ бол уламжлалт бус арга хэрэгсэл. Тиймээс хөнгөлөлттэй хүүтэй зээлийн нийт зээлд эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр нийт зээлийн дундаж хүү болон зах зээлийн нөхцлөөр олгож буй зээлийн хүүний зөрүү нэмэгдэж байна. Энэ нь бизнесийн өрсөлдөөнийг бууруулах,  компаниуд аль болох л хөнгөлөлттэй зээл олж авахын төлөө өрсөлдөхөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, үнэ  манай эдийн засагт яг зөв механизмаар тогтож байна уу гэдэгт бид тийм гэж хариулж чадахгүй болж байгаа юм. Тиймээс төв банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэмжээг бууруулж байгаа, шинээр хөтөлбөр нэмэхгүй байгаа. Мөн орон сууцны зээлийн асуудлыг Төв банк нь биш санхүүгийн зах зээл хариуцаад явах болж байгаа нь зөв.

Ц.Батсүх: Монгол банк гал унтраах ажлыг сайн хийсэн 

/СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн зөвлөх, доктор/ 

-Энэ бодлого хоёр талтай үр дүн, үр дагавар өгөх шиг боллоо. Статистик мэдээллээс харахад Монголбанкны хөтөлбөрт хамрагдсан бүтээгдэхүүний үнэ сүүлийн жил тогтворжсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, инфляци өсөхөд голлон нөлөөлж байсан бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтворжсон. Гэхдээ урт хугацаанд энэ байдлыг хадгалах уу гэдэг нь эргэлзээтэй. Монголбанк гал унтраах ажиллагааг энэ бараануудын хувьд сайн хийсэн. 

Гэвч энэ хооронд бүтцийн өөрчлөлт болон бүтээн байгуулалтыг нь хийх, урт хугацаанд үр дүнг нь хадгалах нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газар ажлаа хийгээгүй. 

Нөгөө талаас хэсэгчилсэн үйлдэл хийснээс болж инфляцид өмнө нь нөлөө багатай байсан бүтээгдэхүүнүүдийн үнийг хяналтаас гаргачих шиг боллоо. Ганц ялаагаар хөөцөлдөх бус бүгдээрээ суух бололцоог олгоод дараа нь нэг дайралтаар устгасан бол үр дүн бүр илүү байх байсан болов уу. 

Б.Лхагважав: Богино хугацаанд хэрэгжвэл илүү үр дүнтэй байдаг 

/МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, эдийн засагч/

-Инфляцийг онилсон хөтөлбөрийг Монголбанкнаас хэрэгжүүлсэн нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж харж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд таван төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг барьсан. Энэ хөтөлбөр богино хугацаанд хэрэгжвэл илүү үр дүнтэй байдаг. Түүнээс биш урт хугацаанд хэрэгжвэл үр дүн гэхээс илүү чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг хааж байгаа хэрэг болно. 

Адилхан бараа үйлчилгээг зах зээлд борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн үнэд нөлөөлж, нэг хэсэгт нь боломж удаан хугацаагаар олгох нь буруу л даа. Манайд энийг хянадаг тогтолцоо алга. ШӨХТГ-аас уг нь энд хяналт тавих ёстой. Татаасны бодлого түр зуур хэрэгжвэл үр дүн гардаг. Тэрнээс биш татвар төлөгчдийн мөнгийг нэг хэсэг нь авчихаад хөтөлбөрт хамрагдаж байна гэж яваад байж болохгүй. 

Н.Дашзэвэг: Шатахуунд үр дүнгээ өгсөн гэдэгт санал нэг байгаа 

/”Монгол” дээд сургуулийн захирал, эдийн засагч/ 

-Энэ хөтөлбөрийн эерэг сөрөг талыг харьцуулахаар сөрөг тал нь давжээ гэж хараад байгаа юм. Эдийн засгийн чанга хатуу бодлого явуулах ёстой байсан. 

2012 оны намраас эхлээд Сангийн бодлого, Мөнгөний бодлого аль аль нь зөөлөрсөн. Үүн дээр нэмээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрт нэг их наяд төгрөг зарцуулсан нь эргээд эдийн засагт нөлөөлжээ гэж харж байгаа. Шатахууны үнийг тогтворжуулахад энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэдэгтээ санал нэг байгаа. Гэвч барилгын салбарт тогтворжуулсан гэсэн дүгнэлт өгөхгүй. 

Цементийн үнэ буурахгүй байна. Энэ хөтөлбөрийн загвар нь өөрөө буруу болчихсон. Ямар нөхцөлд үнээ өсгөх вэ, ямар үед үнээ хатуу барих вэ гэдгээ яриагүй. За та нар үнээ бариарай гээд баахан мөнгө шидээд өгчихсөн нь буруу.