2017 гэдэг айлгах тоо юу айх жил үү
Ж.Батсуурь /Эдийн засгийн байнгын хорооны дарга/
2015.03.19

2017 гэдэг айлгах тоо юу айх жил үү

Гадаад орчинд манай улсын нэр хүнд өссөн дүр зураггүй. Хэдий тийм ч хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхсон байдал хэвээр байна.

Үүнээс гадна улс төрийн хоёр гол хүчин хамтарч, төрийн эрх барих болсон нь хөрөнгө оруулагчдад ямар нэгэн байдлаар таатай дохио өгсөн нь мэдээж юм.Үүнээс гадна гадны хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйг бид ирэх сард болох хоёр ч том арга хэмжээнээс мэдэрч болохоор байгаа. Тэгвэл гадны зарим шинжээч “Монголын эдийн засаг гадны зээл тусламжгүйгээр хоёр жил л тэснэ” гэж тооцоолж буйгаа дуулгасан.

Тэр дундаа Хятадын “Шинхуа” агентлагаас “2017 онд Монгол Улс дампуурч магадгүй” гэсэн мэдээлэл одоо ч хуучраагүй байна. Гэвч дээрх мэдээлэлд чухам ямар байгууллагын хэн гэдэг шинжээчийн дүгнэлт болохыг онцлоогүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн аливаа улсын дампуурлыг зөвхөн мэргэжлийн байгууллага л албан ёсоор зарладаг гэдгийг ч сануулахад гэмгүй болов уу. Тийм атал үнэнийг хэлэхэд сүүлийн үед энэ мэдээллийг барьж улстөржих байдал улам ихэсчээ. Зарим нь олон нийтийг айлгах хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь ч бий. Яагаад заавал 2017 он... Энэ асуултын хариуг уншигч авхай та хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Бид 2018 онд “Чингис бонд”-ын эхний ээлжийн 500 сая долларыг, 2022 онд хоёр дахь ээлжийн нэг тэрбум ам.долларыг, 2023 онд “Самурай бонд”-ын 300 сая ам.долларын өрийг тус тус хуваарийн дагуу барагдуулах ёстой. Эдгээр бондод нийт 3.2 тэрбум ам.долларыг төлөх учиртай юм. Бондын гэрээ, хэлэлцээр зэрэг нь олон нийтэд ил биш тул барагцаалах “буудах”-аас өөр арга үнэнийг хэлэхэд бидэнд байхгүй. Тиймээс олон нийтэд нээлттэй мэдээллийг авч үзье.

Чингис бонд: 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.доллар төлөх бол 2022 оны арванхоёрдугаар сард нэг тэрбум ам.доллар төлөх ёстой. Хөгжлийн банкны зээл: 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.долларыг төлнө. Үүнээс гадна тус банкинд төлөх өр бас бий.

Самурай бонд:    2023 оны арванхоёрдугаар сард 300 сая ам.доллар төлнө. Гэвч манай улсын дансанд чухам яг хэдэн ам.доллар орж ирсэн нь эцсийн байдлаар тодорхой бус.

Тэгвэл энэ мэдээллийн талаар улстөрч, эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тандая. Маш товчхондоо Монгол Улс 2017 онд эдийн засгийн хувьд яах вэ?

Ж.Батсуурь /Эдийн засгийн байнгын хорооны дарга/

Буруу ойлголт төрүүлэх мэдээллийг бодлого тодорхойлогчид нь яриад байхаар гадныхан итгэлгүй яах билээ. Эх сурвалж гээд нэг гишүүний ярилцлагаас оруулчих юм бол улам итгэл үнэмшилтэй харагдана. Хүн болгон “Манай улс өрийн дарамтад орлоо Эдийн засгийн байдал ирэх жилүүдэд улам хэцүүдэх нь гэж яриад байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүд олон нийтэд өгч буй мэдээллээ маш тодорхой баримтад тулгуурлаж өгөх ёстой. Засгийн газартаа ажиллах нөөц боломжийг олгомоор байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулах гээд Засгийн газраас оруулж ирсэн бодлогыг сайн дэмжих хэрэгтэй. Засгийн газраас нэг төсөл оруулж иртэл УИХ-ын гишүүд өөрчилсөөр танигдахын аргагүй болгодог., Тэгэхээр Засгийн газар бодлогоо тодорхойлж түүндээ баттай зогсох хэрэгтэй.