Тамирчдаас хамгийн их нь 70 сая бага нь 1,8 сая төгрөг гардлаа
Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон түүнтэй дүйцэхүйц томоохон уралдаанд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газраас мөнгөн шагнал олгодог уламжлалтай билээ.
Тэгвэл тамирчид ээлжит мөнгөн шагналаа гардан авсан юм. Монгол цэргийн өдрөөр төрийн хишиг хүртэж буйд тамирчид бэлгэшээж байв. Арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, яамны харьяа хөгжлийн төвийн дарга П.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаныхан болон тамирчид, дасгалжуулагчид оролцлоо.
Энэ удаа 1.45 тэрбум төгрөгийн шагналыг 40 гаруй тэмцээнээс медаль хүртсэн 190 орчим багш, дасгалжуулагчид олгож байна. Үүнээс гадна 2014 оны Засгийн газрын 13 дугаар тогтоолын дагуу Үндэсний спортын V наадамд амжилт гаргасан 322 тамирчин, дасгалжуулагчид 79.9 сая төгрөгийн шагнал урамшуулал олгожээ. Тамирчдаас хамгийн өндөр шагналыг 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар авчээ. Тэрээр 70 сая төгрөгийн урамшуулал хүртэв.
Тэгвэл хамгийн бага буюу 1.8 сая төгрөгийн шагналыг боксын олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар гардсан юм. Төрийн хишиг хүртсэн тамирчдаас хамгийн бяцхан нь шатрын өсвөрийн дэлхийн аварга есөн настай Д.Мөнхзул байв. Тив, дэлхийн ’ тэмцээнд үзүүлсэн амжилтаа үнэлүүлэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 52.4, дэлхийн аварга М.Уранцэцэг 35.9, Азийн наадмын аварга Д.Отгондалай, Ч.Нарантуяа нар тус бүр 30, буудлагын олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул 25 сая төгрөгөөр шагнууллаа.