Монгол жүдоч Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглоно
Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Какахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Зхийкибаяв Самат, тус улсын Соёл спорт аялал жуулчлалын яамны шигшээ багийн дэд захирал Болат Хавхлат нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн агуулга нь хоёр улсын жүдо бөхийн холбоо тамирчид дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх, олон улсын түвшинд бодлогын хүрээнд хамтран ажиллах тухай юм. Ирэх олимпод Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглоно.
Мөн Монгол Улс зарим сул жингүүддээ тус улсаас тамирчин авч нэрийнхээ өмнөөс барилдуулах боломж нээгдэх юм. Жүдо бөхийн төрлөөр эхэлж байгаа энэ хамтын ажиллагаа цаашид хүндийн өргөлт, хоккей, байт харваа гэх мэт олон төрлүүдэд үргэлжлэх боломжтой талаар хоёр талууд ярилцлаа.
Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар боллоо
Ийнхүү тамирчид солилцож хамтран ажилласнаар улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцох боломж олддоггүй №2, 3 тамирчдад олимпын дэвжээнээ хүч үзэх боломж нээгдэх төдийгүй хоёр орны харилцаанд спорт урлагаар дамжсан найрамдалт хамтын ажиллагаа гүнзгийрч эдийн засгийн түвшинд хөгжих боломжтой юм.
Санамж бичигт гарын үзсэг зурах үеэр Казахстан улсын төлөөлөгчид Монгол Улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад Казахстаны жүдо бөхийн холбооны нэгдүгээр одон гардуулж энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд нь баяр хүргэлээ.