Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Марафон гүйлтийн 15 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
2015.02.04

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-д өнгөрсөн сард зохион байгуулагдсан Марафон гүйлтийн 15 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны тамирчин, дэд ахлагч, спортын мастер Ж.Олонбаяр оролцон нийт 42 км 195 м замыг туулж өөрийн хувийн рекорд амжилтаа шинэчлэн тогтоожээ.

Спортын мастер Ж.Олонбаяр тус тэмцээнд 2 цаг 22 минут 48 секундын амжилтаар 3-р байр эзлэн хүрэл медаль хүртсэн бол 1-р байрыг Япон, 2-р байрыг Хойд Солонгосын тамирчин эзэлсэн байна. Энэхүү медаль нь манай улсад марафон гүйлтийн төрлөөр Ази тивийн аваргаас авчирч байгаа 3 дахь медаль юм.

Тус тэмцээнд Ази тивийн 11 орны 200-гаад тамирчин өрсөлдсөн байна.

Ж.Олонбаяр нь 2013-2014 онд БНХАУ-д зохиогдсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнүүдэд амжилтаа ахиулан оролцож байсан туршлагатай тамирчин юм.
Тэрээр 2014 онд Насанд хүрэгчдийн Кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртэж байжээ.