ТББ-ын төлөөллүүд Төрийн гурван өндөрлөгтэй МҮОНТ-ээр халз мэтгэлцэнэ
Энэ сарын 5-ны өдөр “Хамаг Монгол” төслийн удирдагч С.Жавхлан, “ДМ нэгдэл”-ийн тэргүүн Т.Даш, “Гал Үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр нараас МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьт шууд нэвтрүүлгийн цаг хүссэн албан бичиг ирсний дагуу өнөөдөр хариу албан бичиг хүргүүллээ.
Тус албан бичигт “Та бүхний хүсэлтийг хүлээн авч, телевизийн хөтөлбөртөө яаралтай өөрчлөлт оруулан, долоо хоног бүрийн пүрэв гарагийн 21:05 цагт нэвтэрдэг “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн цагаа та бүхний шаардсан гуравдугаар сарын 11-ний өдрийн лхагва гарагт шилжүүлж, хүсэлтийг тань ёсоор болгосноо уламжилж байна.
Түүнчлэн та бүхэн төрийн гурван өндөрлөгийг зарлагдсан цагт нэвтрүүлэгт оролцуулах үүрэгтэй бөгөөд оролцогч талууд ирэхгүй тохиолдолд бид нэг талыг баримталсан нэвтрүүлэг гаргах боломжгүй тул олгосон цагаа цуцлах болно гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.
Төрийн бус байгууллагууд болоод төрийн гурван өндөрлөгийн дунд өрнөх халз мэтгэлцээн “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” сэдвийн дор явагдах аж.