Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар Бор-Өндөр суманд ажиллалаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар энэ сарын дөрөвний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллалаа.
Аймгийнхаа төвөөс 180 км, нийслэлээс 300 км зайд оршдог Бор-Өндөр сум нь 1981 онд Хэрлэн хороо нэртэйгээр байгуулагдаж, 2012 оноос сум болон өөрчлөгдсөн билээ. Тус суманд одоогийн байдлаар нийт 2654 өрхийн 8775 иргэн амьдарч байна. Хүн амын тоогоор аймгийн хэмжээнд нэгдүгээрт ордог ч газар нутгийн хэмжээгээр 18-т жагсдаг. Эдийн засгийн бүтцийн тухайд, аж үйлдвэр 67 хувь, үйлчилгээ 20 хувь, мал аж ахуй 13 хувийг эзэлдэг онцлогтой сум. Энэ нь тус сум Бор-Өндөрийн уурхайг түшиглэн байгуулагдсантай холбоотой. Нутгийн брэнд болсон жонш, жоншны баяжмал, төмрийн хүдэр олборлодог Бор-Өндөрийн уурхайд 1400 орчим хүн ажиллаж байна.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Б.Гарамгайбаатар дарга УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль, тогтоолууд болон 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдийн талаар, мөн “шинэчлэлийн” болон “шийдлийн” Засгийн газрын хэрэгжүүлж эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажлууд, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, Хэнтий аймагт хуваарилагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Монголросцветмэт” нэгдэлд харъяалагддаг Бор-Өндөрийн уурхай өнөөдрийг хүртэл үр ашиг муутай ажиллаж ирлээ. Уул уурхайн бүх бүтээгдэхүүн, ялангуяа жоншны үнэ дэлхийн зах зээл дээр нэлээд унасны улмаас борлуулалт зогссон. Борлуулалтгүй болохоор төсөвт өгөх ёстой мөнгөө өгөхгүй байсаар өрийн сүлжээ үүссэн.
Тэгэхээр энэ уурхайн үйл ажиллагааг өөр менежмэнтээр явуулж, шинэ түвшинд хүргэх ёстой. Эрдэнэт, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах санаачилга гарч, уг үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулахаар шийдвэр гарсан. Бор-Өндөрийн удирдлагын зүгээс газрын асуудлыг нь шийдвэрлэсэн. Одоо тендер зарлаж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил хүлээгдэж байгаа гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн мэдэгдлээ.
Уул уурхайг түшиглэсэн сумд энэ салбарын бүтээгдэхүүний үнэ буурах үед эдийн засгийн үзүүлэлт нь буурах эрсдэлтэй ч үнэ өсөх үед дорхноо сэргээд ирдэг. Тиймээс та бүхэн энэ түр зуурын хүндрэлийн өмнө өвдөг бүү сөхрөөрэй, сэргээд босох цаг тун удахгүй ирнэ хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Бор-Өндөрчүүдийг зоригжууллаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Энэ намрын чуулганаар Эдийн засгийн байнгын хороогоор дамжиж, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт нэлээд хэдэн томоохон хууль батлагдсан.Одоо төрийн эзэмшлийг орлуулах татварын шинэ төрлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа. Бор-Өндөрийн жоншны уурхай “Монголросцветмэт” нэгдэлд харъяалагддаг. Энэ нэгдлийн 51 хувь монголын төрийн мэдэлд байгаа.
Хамтарсан үйлдвэрт шинээр хөрөнгө оруулалт хийх гэхээр монголын талд ногдох хөрөнгийгманай улс гаргахад хүндрэлтэй байдаг. Тиймээс төр хувь эзэмшиж байгаа хэрнээ өдөр тутмын ажилд нь гүнзгий оролцохгүйгээр өмчийн эзэн гэдэг утгаараа тодорхой, тогтмол хувийг татвар байдлаар авдаг байх хуулийн төслийг боловсруулж байгаа. Монгол Улсын хувьд олон шинэ үйлдвэр байгуулаад байх боломж нь хомс. Гэхдээ одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдээ иймэрхүү байдлаар ажиллуулах боломжтой” гэлээ.
Уулзалтын үеэр иргэд цаг үеийн асуудлууд болон төрийн бодлогын талаар санал бодлоо илэрхийлж, асуулт тавилаа. Тухайлбал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөлөл төр улсын сурууль, хувийн сургуульд ялгавартай хандаж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Төр бүх ачааг нуруундаа үүрэх шаардлагагүй. 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр цаашид цэцэрлэг, сургуулийн байшин барихад их хэмжээний хөрөнгө зарцуулахаа болиод, боловсролын салбар дахь хувийн хэвшлийг дэмжиж, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг өгч байхад түлхүү анхаарах чиглэл барихаар тогтсон гэдгийг С.Одонтуяа гишүүн хэллээ.