Ц.Жадамбаа: Би өдөр бүрийг үнэ цэнэтэй өнгөрөөхийг хүсдэг
Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2015.02.27

Ц.Жадамбаа: Би өдөр бүрийг үнэ цэнэтэй өнгөрөөхийг хүсдэг

Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Ярилцлагын эхэнд таны товч танилцуулга байх юм. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу? 

Миний нэр Жадамбаа. Би өвөөгийн хүүхэд л дээ. Өвөө дээрээ өссөн, өвөө маань дөрвөн охинтой. Тэгээд удаах охиныхоо хүүг буюу намайг голомт залгах хүн гээд өргөж авсан. Тийм ч учраас би ээжийнхээ ааваар овоглодог.

Манай удамд нэр хүндтэй, том лам нар байсан юм билээ. Тэгээд Жадамба гэдэг нэрийг надад өгсөн. Жадамба гэдэг нэрийг Төвдөөс монгол руу орчуулахаар “Мянган шүлэг” гэсэн утгатай болдог.

Нэг үг нь 108 болж хувирдаг, шашинд бол номын дээд ном гэж явдаг утга учиртай нэр. Тийм болохоор хүн нэрээ, тогос өдөө гэдэг шиг нэрээ аль болохоор бүтэн хэлүүлж, сайн газар дуудуулж явахыг хичээдэг. Гэр бүлийн хувьд эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. 

-Та хэдэн настай вэ? 

Би 1983 онд төрсөн, гахай жилтэй.  

-Та ямар шашин шүтдэг вэ? 

Буддист. Багаасаа өвөөтэйгөө өссөн болохоор ч тэр үү их сүсэг бишрэлтэй. 

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Таны хэлэх дуртай үг юу вэ?

Хүн болгон өөрийн гэсэн үгтэй байх. Гэхдээ тэр үг нь нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөрчлөгддөг байх. Миний хувьд энэ жил “Тайван бай, ямар ч байсан болно доо” гэдэг үгтэй болчихоод байгаа. Яагаад гэвэл миний ажил дээр тулгамдсан олон асуудал гарч байгаатай холбоотой байж магадгүй. Тэр нь өөрөө өнөөдрийн байгаа төрийн процесс, хууль эрхзүйн орчноос хамаараад шийдэх шат ихтэй байна. Түүнийг шийдэхийн тулд маш их цаг үрж байна. Стресстэх үе их гарч байна.

Тэр болгонд бухимдаад байх нь ажил явахад саад болдог учраас үүдэн гарсан үг юм болов уу, сүүлийн үед ингэж хэлдэг болчихоод байгаа юм. Тэгэхдээ тайван бай гэдэг нь ажлаа удаан хий гэсэн үг биш, асуудал тулгарахад илүү их амнаас гардаг үг болчихсон юм уу даа. 

-Таны сонирхол болон хобби?

Сонирхол бол янз бүр. Тэгэхдээ би өөрт таалагдсан зүйлээ сонирхдог. Урлаг талдаа илүү сонирхолтой, бүр багаасаа  урлаг их сонирхдог байсан. Яг хобби гэвэл би чинь өвөөгийн хүүхэд болохоор адуу, малд их сонирхолтой. Түүнийгээ жаахан хөгжүүлээд нутагтаа хэдэн адуу уячихна. Мөн сүүлийн үед дугуй их сонирхож, дугуй унадаг болоод байна. 

-Таны дуртай болон дургүй хоолны хувьд? 

Дургүй хоол байдаггүй. Ер нь аав ээжийн сургаалиас болоод ч тэр юм уу, хоол гэдэг бол хүнд бурхнаас заяасан хишиг учраас түүнийг голж шилнэ гэдэг нь хувь заяандаа сэв суулгаж байгаагийн хэлбэр. Бүр багаасаа ингээд ойлгочихсон болохоор хоолыг “Арьс махны завсар рашаан болон урсаг” гэж бодоод идэхэд ямар ч хоол эм болдог. Тэр утгаараа хоолыг сайхан байна гээд л идэж байх хэрэгтэй. Хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэдэг учраас хоолыг голж шилээд байдаггүй. Гэхдээ илүү дуртай хоол бол гурилтай шөл. 

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

Би өвөөтэйгөө амьдардаг байсан, өвөө маань орой болохоор эрхээ эргүүлээд, маань хэлдэг. Бурхан шашны тухай их ярьдаг. Мөн тэр үед лам их байдаг байсан болохоор лам болно гэж ярьдаг хүүхэд байсан. Манай өвөөгийн ах нь Одь гэж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын оточ хүн байлаа.

Тэгээд тэр хүн дээр очиж, их ном уншуулна. Тийм болохоор лам болно гэж боддог байлаа. Лам болохоор олон хүнд буян хийнэ гэж боддог. Харин өвөө маань цаг төр эргэж магадгүй, миний хүү хуульч бол гэдэг байсан. Өвөө маань аравдугаар анги төгсдөг жилийн намар нь бурхан болсон.

Хүн чинь дотны хүнийхээ захиасыг бодоод байдаг шүү дээ. Тэр утгаараа өвөөгийнхөө хэлснээр хуульч болно гэж зүтгэж байгаад МУИС-д шалгалт өгөөд, оноо жаахан дутсан. Харин Их засаг их сургуульд нэлээд өндөр оноогоор жагсч, эрхзүйн ангид орж байлаа. 

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?    

Энэ бол тохируулж хэрэглэх ундаа. Огт хэрэглэхгүй байна гэдэг орчин цагт нийцэхгүй ойлголт. Энэ бол баяр баясалтай, гуньж гутарсан үед хэрэглээд байх шиг байна. Зохицуулалт гэдэг нь хэзээ яаж, хэнтэй, хэдэн граммыг гэдгээ л хүн оюун ухаандаа тунгаадаг байх ёстой.

Хэтрэх юм бол өөрөө арслан бар болж хувираад амьдралаа ч үгүй хийж чадах учраас би үүнд их сөрөг ханддаг. Тэгсэн мөртлөө гэртээ нэг жижигхэн цуглуулгатай. Үүнийгээ уух гэсэндээ биш айлд хадаг, идээний дээж байх нь сайн гэдэг утгаараа сонирхолтой шилтэй, ховор нандин гэж цуглуулсаар байгаад нэлээд цуглуулгатай болсон. 

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ? 

Зан чанарын хувьд хэлбэл нэлээд нээлттэй хүн. Гадна талаасаа харахад харилцахад хэцүү юм шиг харагддаг байдал ажиглагдаад байдаг юм.

Би уг нь өөрийгөө нээлттэй хүн гэж бодоод байсан чинь манай нэг найз хэлж байсан юм. “Чамайг маш сайн мэддэг хүн нээлттэй гэдгийг чинь мэднэ. Харин анх харилцаж байгаа хүнд чамтай харьцах их хэцүү байдаг” гэж хэлж байсан юм. Миний хувьд амьдрал өөрөө харилцаан дээр тогтдог гэдгийг маш сайн мэддэг учраас илүү их нээлттэй байж ирсэн. 

-Таны хамгийн дуртай спорт? 

-Бодибилдинг. Би өөрөө сонирхож хичээллэдэг. 

-Та стресствэл яаж тайлдаг вэ? 

Сүүлийн хоёр жил их стресстэж байна. Их стресстэхээр хүн үс бууралтдаг юм байна. Гэхдээ би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Энэ юу вэ гэхээр ажлын стрессийг ажил дээрээ үлдээх ёстой. Гэртээ харихдаа хэзээ ч тэр стрессийг авч очиж болохгүй.

Сүүлийн үед нэг зүйл ажиглагдаж байгаа нь хүмүүс ажлынхаа стрессийг гэртээ авч очоод тэр стрессээ гэр бүлдээ, үр хүүхэддээ гаргаж, бусад хүмүүсийг стресстүүлээд байх шиг байгаа юм. Тэгэхээр гэртээ ч, ажил дээрээ ч стресстэй байхаар хийж байгаа зүйл урагшлахгүй шүү дээ.

Тиймээс стрессийг байгаа газарт нь гаргаж, үлдээж байх хэрэгтэй. Би ажил дээрээ дартс шиддэг юм. Тэгээд стресстсэн үедээ тэрийгээ шиднэ. Ихэнхдээ стресстсэн үедээ дуу сонсдог. Тэр дундаа зохиолын дуу сонсоно. Сүүлийн үед жаахан сэтгэл хямарсан үедээ “Миний ардын сэтгэл цагаан” гэдэг дууг сонсоод, клипийг нь үзэхээр жаахан тайвширдаг. 

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

Гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа, тэднийхээ төлөө хийсэн зүйлд минь баярлаж байгаа тэр мөчид л өөрөөрөө их бахархдаг. Хүн бүхэн адилхан байх. Тухайлбал, энд инженер хийж байсан хүн тэр харь оронд очиж хар бор ажил хийгээд байна гэхээр тэндээс олсон хөрөнгө мөнгө, мэдлэгээ ашиглаж, энд ирээд гэр бүлтэйгээ сайхан амьдрах гэсэн зорилготой байгаа шүү дээ. Түүнтэй нэгэн адил би ч юуны тулд энэ ажлыг хийгээд л, стресстээд, сайн муу хэлүүлээд явж байгаа юм бэ гэхээр эцсийн дүндээ гэр бүлийн минь аз жаргал шүү дээ. Миний ажлын анхны гараа Улс төрийн боловсролын академийн эрдэм шинжилгээний багш ажилтан гэдэг мэргэжил байсан. 

Тэгэхэд би 21 аймгаар явж хичээл заасан. Хөдөө байгаа айлуудыг нэг газарт нь цуглуулаад сонгууль яаж өгөх юм, ардчилал гэж юу юм, улс төрийн намын тухай хичээл заадаг байсан. Яагаад түүнийг заадаг вэ гэхээр ардчилал хөгжиж буй орнуудад улс төрийн сонголтыг иргэн зөв хийх ёстой гэдэг үүднээс заадаг. Тэгэхээр би сайхан байхын тулд миний эргэн тойронд байгаа бүх зүйл сайхан байх ёстой. Энэ ч үүднээсээ ирээдүйн иргэдээ бэлтгэх, сайн сайхан амьдралд хөтлөх ёстой шүү дээ. 

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та хэдэн онд очих байсан бэ? 

1990-ээд он руу очиж, өвөөтэйгөө л уулзана даа. 

-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байдаг вэ? 

Би нэг хэсэг хүүхдүүдийнхээ зургийг тавьдаг байсан. Одоо бол утасных нь өөрийнх нь стандартын зургийг л тавьдаг. 

-Таныг одоогийнхоо ажлыг соль гэвэл та ямар ажил хийх вэ? 

Ажил мэргэжлээ соль гэвэл багшийн ажил хийх байх. Би улс төрийн Глобал удирдагч санд байхдаа их лекц уншдаг байсан. Тэндээс их зөв энерги авдаг байсан. Хэрвээ чи мэргэжлээ соль гэвэл тийм ажил руу буцах сонирхол байна. 

-Та унтахынхаа өмнө юу бодвол их сайхан амарч чаддаг вэ? 

Би унтахынхаа өмнө ажлаа л их боддог. Өнөөдрийн ажил маань бүтчихсэн бол их сайхан амарч чаддаг. 

-Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна? 

Гэр бүлээрээ салхинд гарахыг л хүсч байна. 

-Толинд хараад өөртэйгөө ярьж үзсэн үү. Өөрийгөө толинд харж байхдаа юу гэж боддог вэ? 

Ерөөсөө үзээгүй юм байна. Би толинд өглөө л хардаг. Бусдаар нэг их толинд хараад байдаггүй. Миний эргэн тойронд толь нэг их байдаггүй. 

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

Миний өдөр болгон л аз жаргалтай байгаа. Яагаад вэ гэвэл хүн цаг хугацааг хэзээ ч эргүүлж чаддаггүй. Тиймээс байгаа мөч бүрээ аз жаргалтай мөч гэж харж байх ёстой. Эргээд би харахад энэ нэвтрүүлэгт оролцож байсан мөч бас л аз жаргалтай мөчийн нэг болно.

Бид санаанд үлдсэн сайхан дурсамжаа л аз жаргалтай мөч гэж боддог. Гэтэл санаанд үлдээгүй мянга мянган өдрүүд үлдчихсэн байдаг. Тэгэхээр өдөр болгоныг үнэ цэнэтэй өнгөрөөх ёстой гэж боддог. Тийм учраас уулзах ёстой хүнтэйгээ заавал уулзаж, ярина гэсэн хүнтэйгээ заавал ярьж байх ёстой гэж боддог. 

-Та нэг сард яг өөртөө зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ?

Сүүлийн үед харьцангуй амьдралын өртөг өндөр болсон юм шиг санагдаж байна. Энэ бол янз бүрийн зүйлтэй холбоотой байх. Тэгэхдээ хүний амьдралд нэг их олон зүйл хэрэггүй л дээ. Хүмүүсийн нэгэн адил ямар орлоготой вэ түүндээ л тохируулж амьдарч байгаа. 

-Та анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

Орчин цагт бол хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг хорвоо болчихсон.Энэ юуг илэрхийлж байна гэхээр өөрийгөө анхаардаг хүн бусад зүйлийг анхаардаг гэсэн энгийн логик байгаа байх.

Тэгэхдээ би хувцсан дээр хэзээ ч дүгнэлт өгдөггүй, тэр хүнтэй ярилцаж байж дүгнэлт өгдөг. Тэр хүний ертөнцийг ойлгох гэж оролддог. Гэхдээ муу зүйл хийх гэж байгаа хүн харваас андашгүй байдаг. Тэр хүнийг нүд нь илэрхийлчихдэг. 

-Таны бусдыг өөртөө татах чадвар?

Харилцаагаараа татдаг байх. Түүнээс биш бусдаараа хүнийг татаад байх зүйл байхгүй. 

-Бүх зүйл тань бүтэмжтэй сайхан байх үед гэртээ буйдан дээрээ суучихаад зурагтын удирдлагаа бариад хэдэн цаг сууж чадах вэ? 

Өдөржин сууж чадна. 

-Авлига, хээл хахууль гэж таны бодлоор? 

Авлига, хээл хахуулийн ойлголт хүмүүсийн дунд нэлээд түгээмэл болоод түүнээсээ улбаалан зангиа зүүсэн хүмүүсийг бүгдийг нь авлигач гэж хараад байдаг болж. Энэ орчин цагийн нийгмийн үнэ цэнийг алдагдуулж буй зүйл нь авлига болчихоод байгаа юм. Авлигын энгийн логик нь шударга бус өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тиймээс энэ байгууллагад ирээд нэг зүйл дээр уриалга тавиад яваад байгаа юм. Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар бол тохируулагч агентлаг юм. Тийм учраас ямар нэгэн байдлаар худалдан авалтыг хийхгүй гээд бүх тендерээ ХААГ-аар хийлгэж байгаа. 

Хууль номоо бариад явбал хүн бүхэн авлигаас ангид байж чадна. Мэдээж хардах эрх хүн болгонд бий. Би амьдрал дээрээ мэдэрч байна. Хардалт гэдэг зүйл асар аймшигтай болчихсон. Стресс, бухимдлын зарим нь тэр хардалтаас үүсч байгаа. Ерөөсөө тайван ажил хийлгэхгүй, хардуулна, хардсан болгонд няцаалт өгнө. Энэ чинь ажлын саад болоод явчихдаг. Тэгэхээр хардах эрх байж болно, гэхдээ тэр хардах эрх нь байгаа оносон байх ёстой. Тэр хардах эрхээс нь болоод ямар нэг ажил зогсох юм бол тохирсон хариуцлагыг хүлээлгэдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бүр хэрээс хэтэрлээ. Хүн бүхэн авлигач биш, төрийн албан хаагч болгон авлигач биш шүү дээ. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэгчээр хэт туйлширч байна. 

Энэ юутай холбоотой вэ гэхээр авч байгаа мэдээлэлдээ анализ хийх чадвар дутмаг байгаатай холбоотой. Одоо бол мэдээллийн эрин зуун болчихлоо. Хүнийг нэг үгээр унагаж, мөн босгож болж байна. Хүмүүс маш их мэдээллийн эрин зуунд  байгаа хэдий ч авч байгаа мэдээлэлдээ анализ хийхгүй байна. Шууд дүгнэлт хийгээд байгаа нь сайтын сэтгэгдлээс л харагдана. Би анх ажилд ороод энэ сайтын сэтгэгдэл гэдэг асуудал дээр ажил эхлүүлээд буруутсан. Тэр нь юу вэ гэхээр Монголоос бусад бүх оронд сайтын сэтгэгдэл гэдэг зүйл и-мэйл хаягаараа бүртгүүлж байдаг. Энэ нь давхар хариуцлагын асуудалтайгаа хамт явж байгаа юм.

Гэтэл Монголд тийм зүйл байдаггүй. Өнөөдөр маш олон төрлийн хараал явж байна. Түүнийг хүүхдүүд, залуучууд уншиж байна. тэндээс олон зүйлийг харж, сурч байна. Өнөөдөр бол бид харилцаагаа зохицуулаад явж болж байна. Гэтэл маргааш хараалаар хүмүүжсэн ирээдүй чинь тархийг чинь хагална шүү. Бид өнөөдөр тийм нийгэм бэлдээд байгаа юм.

Түүнийгээ ерөөсөө мэдэхгүй байна. Үүнийг олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш сайн анхаарч байх ёстой. Одоо л анхаарч эхлэхгүй бол ирээдүйд асар их мөнгө гаргаад ч засч чадахгүй их зовно доо. Би үүнд сэтгэл их эмзэглэдэг. 

-Та сэтгэл хөдлөлөө ямар байдлаар илэрхийлдэг вэ? 

Янз бүр байх аа. Сайхан дуу, түүх сонсвол нулимас гарна. Сайхан чин сэтгэлээсээ ярилцаж чаддаг. Сайхан тоглолт үзвэл алгаа хорстол ташиж, сэтгэлээ нээтэл инээж чаддаг. Тэгэхээр би бол хаагдмал биш хүн гэж өөрийгөө боддог. 

-Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг? 

Хайртай гэдэг үгийг байнга хэлж чадахгүй байх. Гэхдээ хайртай гэдэг үгийг үйлдлээрээ илэрхийлэх илүү сонирхолтой. Яагаад гэвэл миний авч өгч байгаа бүхэнд сэтгэл оржээ гэдэг нь харагдаж байх ёстой. Ажлынхандаа ч гэсэн сэтгэл зүрхээ зориулж байгаа гэдгээ жижиг зүйл дээр ч харуулахыг зорьдог. 

-Та дурлалдаа шаналаад уйлж байв уу?

Тийм үе байсан. Тэгэхдээ дурласан бүсгүйтэйгээ гэрлэсэн учраас сэтгэл ханамж өндөр байдаг. тэр чинь бас их сонин юм билээ. Байхад нь нэг их үгүйлээд байдаггүй юм шиг санагддаг. Тэгсэн нэг удаа манай хүн гэнэт Дарханд байдаг хамаатных руугаа явчихсан. Тэгээд долоо хоносон чинь цаг өнгөрөхөө болиод л, хоол орохоо болиод л ерөөсөө миний нэг тал юм байна гэдгийг их сайн мэдэрсэн. Тэр үед чинь харилцаа холбооны хэрэгсэл ч байга байж. Түүнээс хойш ерөөсөө салаагүй дээ.  

-Та лото бөглөж байгаад маш их хэмжээний мөнгө хожлоо. Хамгийн түрүүнд юунд зарцуулах вэ? 

Хэрвээ тийм зүйл тохиолдвол сумандаа нэг том цэцэрлэгт хүрээлэн байгуулах байх. Энэ их сонин түүх юм аа. Би аравдугаар ангид ордог жил өвөө маань бурхан болсон шүү дээ. Нутгийнхан нь манай өвөөг Ажаа гэж дууддаг байсан. Тэгээд өвөө маань ч бурхан боллоо, би сургуулиа төгсөөд, дээд сургуульд орлоо.

Дээд сургуулиа төгсөөд нэг удаа нутагтаа очлоо. Манай нутагт Алтан овоо /Сүхбаатар аймгийнх биш/ гэж байдаг юм. Тэгээд овоон дээрээ гарч суугаад гурван ширхэг чулуу авсан. Тэр чулуугаа дөрвөн жил өөртөө авч явна. Энэ бол хайрхны маань дээж, гэхдээ би эргүүлж авчирна.

Тэр үедээ би нутагтаа ямар нэгэн бүтээн байгуулалт хийнэ гэж дотроо бодож, огшоож байсан. Тэгээд тэр дөрвөн чулуугаа овоон дээрээ буцааж тавьсан. Гэхдээ миний санаж, бодож явсан ажлаас үлдчихсэн байгаа. Түүнийгээ ямар ч байсан хийнэ гэж одоо хүртэл дотроо тээж явдаг. 

-Таны багадаа тоглож байсан тоглоом? 

Би багадаа бөглөө их тоглодог байсан. Ерөнхийдөө морь малтай л их зууралдсан даа.

-Та ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ?

Нийгэм хөгжихийн хэрээр хүний ертөнцийг үзэх үзлээс гарч ирдэг сэтгэлгээний нэг хэлбэр юм. Түүнийг чи өөрөө сонирхохгүй байгаа бол тэр хүнийг шүүмжлэх хэрэг байхгүй. Тэр хүн өөрийнхөө үзэл бодлоороо л явах ёстой гэж боддог. Түүнийг нь бид эсэргүүцээд байх шаардлага байхгүй.

Харин тэр үзэгдлийг цааш нь лавшруулахгүй байх тал дээр нь төр бодлогоороо анхаарах ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэр хандлага, нөлөөллийг зөв үзүүлэх ёстой. 

-Айл бүрт зургийн цомог байдаг. Та хамгийн сүүлд зургийн цомгоо хэзээ үзсэн бэ? 

Нэлээд дээр үед үзсэн. 

-Хэрвээ таныг зөвхөн нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл та эмэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэх вэ? 

Хүүхэд төрүүлж үзэхийг л хүсч байна. Маш хүнд гэдгийг ойлгодог боловч хүн биеэр үзэж байж л мэдрэх байх. 

-Таны багын хоч? 

Янз бүрээр л нэрлэдэг байсан. Ихэнхдээ нэрийг минь богиносгоод л дууддаг байсан. 

-Эрэгтэй хүний эмэгтэй хүнээс давуу байх шинж чанар юу юм бол? 

Өнөөгийн нийгэмд эрэгтэй хүн манлайлагч чанартай байх нь л эмэгтэй хүнээс давуу байх шинж чанар байх. Түүнээс биш бусдаар эмэгтэй хүн бүгдийг л хийж байна. 

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч болбол нэн тэргүүнд юу хийх вэ? 

Маш хэцүү асуулт байна. Учир нь хэзээ ч энэ тухай бодож байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Хүмүүс юу хэлдэг юм бол доо. Гэхдээ шийдэгдээгүй маш олон асуудлыг бүгдийг нь нэг өдөрт багтааж хурдан шийдэхийг л хүсэх байх. 

-Таны сургуульд суралцаж байх үеийн санаанаас гардаггүй дурсамж?

Би наймдугаар ангийн төгсөлтөө ерөөсөө мартдаггүй юм. МУГЖ гээд манай найзуудын нэрийг товчилсон товчлолтой байсан. Мөнгөнсүх, Ууганбаатар, Гантөмөр, Жадамбаа гээд. Тэгээд найзуудаараа баяраа тэмдэглэж байсан тэр мөчийг огт мартдаггүй. учир нь тэр үед манай ангийнхан бүгдээрээ костюмтай, би ганцаараа хар өмд цагаан цамцтай. Ахынхаа зангиаг гуйгаад зүүчихсэн, нэг их том зангиатай байсан тэр үеэ мартдаггүй. Тэр хонхны баярт очихдоо аравдугаар анги төгсөхдөө заавал костюмтэй төгсөнө дөө л гэж бодож байсан юм. 

-Та хэдэн насандаа өөрийнхөө би гэдэг бие хүнийг мэдэрч эхэлсэн бэ? 

Би гэдэг бие хүнийг Ажаагаасаа салснаасаа хойш л мэдэрч эхэлсэн дээ. Өөрөө асуудалд бие дааж хандаад л, шийдвэр гаргаж эхлээд л мэдэрсэн. 

-Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан үе?

Би их сургуульд ортлоо монгол бүжиг бүжиглэдэг байсан юм. Тэгээд Жалам хар гэдэг бүжиг бүжиглэхгүй юу. Тэгсэн хөтлөгч нь зарлахдаа “Сэвжидийн дэглэлт Жалам. Хар Жадамба бүжиглэнэ” гээд зарлахад л маш их ичиж байсан. Дуучин Б.Хонгор манай нөгөө анги байсан. Одоо хүртэл заримдаа Хар Жадамба гэж шоглодог юм.  

-Болзсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээх вэ? 

Найзуудаа бол хүлээнэ ээ. Манай найзууд ч сайхан хүлээлгэнэ шүү дээ. Тэгэхдээ би цагаа нэлээд сайн тооцож гардаг. 

-Таны өөдөөс хараад тантай ярилцаж байгаа хүн мэддэг зүйлийг тань худлаа яриад байвал та яах вэ? 

Би шууд л хэлнэ. Битгий худлаа яриад байгаач ээ гээд хэлнэ. Ер нь нээлттэй хүнд нэг сул тал байдаг нь бодохгүйгээр шууд хэлдэг. Харин хаалттай хүн бол хэлэхгүйгээр бодож байгаад дараа нь хэлдэг. Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий. 

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар ямар байх бол? 

Хүмүүс нь зөв харилцдаг, хүнийг хайрладаг, дэлхийгээ хайрладаг хүмүүс олонхи байгаа тохиолдолд энэ хэвээрээ л байна. Харин эсрэгээрээ бүгдээрээ дайсан болоод эхэлбэл энэ дэлхий асар хурдан байхгүй болно. 

-Танд кинонд тоглох урилга ирвэл та хэрхэн хүлээж авах вэ? 

Кино зохиолоосоо л шалтгаалах байх. Гэхдээ би сөрөг дүрд тоглохгүй, эерэг дүрд л тоглоно. 

-Таныг шүүмжлэхэд та хэр хүлээж авдаг вэ? 

Хүлээж авна. Гэхдээ нүүр улайгаад, хувьсаганаад байдаг юм шиг л байна билээ. 

-Таныг хэсэг хугацаанд эзгүй арал дээр амьдруулахаар боллоо. Таныг хэрэгтэй гурван зүйлээ ав гэвэл юу авч явах вэ? 

-Гэр бүлээ, шүдэнз, давс. 

-Өвөг дээдэс, эцэг, эхийн сургааль үгс байдаг. Тэднээс танд хоногшиж үлдсэн сургааль үгийг хэлбэл? 

Олон сургааль үг байдаг. Ах нь сургадаг, дүү нь сонсдог. Хүн ахтай, дээл захтай гэдэг үгсийг би нэлээд бодож явдаг. Яагаад гэвэл би төрийн ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр ах захаа хүндлэх ёсыг баримтлах нь эхний гишгүүр, шат нь юм. Залуус маань мэдээллийг авдаг байх хэрэгтэй, авсан мэдээлэлдээ анализ хийж, дараа нь хүнтэй ярилцах хэрэгтэй.

Ярилцахдаа ах захаа хүндлэх хэрэгтэй. Оймсны илүү гэдэг чинь асар том философи. Тэгэхээр хүндлэл гэдэг эндээс эхлэх ёстой. Ер нь ямар ч хүнтэй мэндлэхэд тэр хүнээс юу унах вэ дээ. Гэтэл Монголын залуус нэг л сайхан чихэвчний хөгжим сонсчихоод, ертөнцөөс тасарчихсан яваад байх болж. 

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг үгийг хэлэхэд аль нь хэцүү вэ?

Салъя гэдэг үг хамгийн хэцүү. Түүний оронд уучлаарай гэдэг үгийг хэлж сурах хэрэгтэй. Миний зөв ч байсан уучлаарай гэдэг үгийг түрүүлээд хэлчихвэл миний дотор уужирдаг. 

-Улс төр гэж таныхаар юу вэ? 

Хүмүүс янз бүрээр л тайлбарлах байх. Гэхдээ улс төр гэдэг миний хувьд хэрвээ чи өөрийнхөө бодож байгаа бодлогыг зөв гэж үзээд, түүнийгээ хэрэгжүүлэхийг хүсч байвал энэ салбар руу орох ёстой гэх зүйлийг л хэлэх байх. Хүмүүс болохоор улс төрийг янз бүрээр харж байна. Тэр дундаа нийгэм бол албан тушаалд очих тоглоомын газар, жим гэж хараад байна. Тэгэхээр эдгээрийг салгаж ойлгох ёстой байх. 

-Зүүрмэглээд байвал яаж нойроо сэргээдэг вэ? 

Сүүлийн үед хар кофе уудаг болсон. Зөв бурууг нь мэдэхгүй юм, ямар ч байсан уудаг болчихоод байгаа. 

-Далдын хар малгай өмсөөд юу харахыг хүсч байна? 

Хэцүү асуулт байна. Хүссэн бүх зүйлээ харахыг хичээх байх. Миний хувьд магадгүй ажил хийхэд саад болоод байгаа, хорон үйл хийгээд байгаа тэр хүмүүсийг харах гэж очих байх. Тэгэхдээ намайг яах гэж байна гэхээсээ илүү тэр хүнийг буруу ойлгоод байна уу, үнэхээр надад асуудал байгаа эсэхийг харах байх. Миний бодол 100 хувь байна гэж байхгүй. Тэгэхээр ярилцах боломж олдогүй байгаа зүйлийг л харах байх. 

-Та хаана очих дуртай вэ? 

Янз бүрийн л газар очих дуртай. Тэр дундаа нутагтаа очих маш их дуртай. 

-Таны уурлахдаа гаргадаг зан чанар?

Дуугаа хураагаад, чимээгүй болохоор тархи маш хурдан ажиллаад байдаг. Тэгээд нэг тийшээ гөлийчихдөг. 

-Та хэр шударга хүн бэ? 

80 хувь байлгүй дээ. Заримдаа худлаа ярих үе гарна. Тэр дундаа түгжрээтэй бол “очиж байна” гэдэг үгийг хэлнэ. Сүүлийн үед найзууддаа “буцаад залгая” гэж их хэлдэг болсон байна. Тэгээд ажилдаа түүртээд залгахаа мартчихна. Тэр бол явсаар байгаад найз нөхдийн дунд рейтинг асар их унаж байна. 

-Та өөртөө хэзээ хамгийн итгэлтэй байдаг вэ? 

Ер нь байнга итгэлтэй байдаг. Яагаад гэвэл энэ зүйлийг хийх гэж би энд тавигдсан, би энэ гэр бүлийг авч явах гэж аав болсон. Би ийм найз нөхөдтэй байх гэж сонгосон учраас өөртөө итгэлтэй байдаг. Хэрвээ би өөртөө итгэхгүй бол хэн ч надад итгэхгүй шүү дээ. 

-Таны хүүхэд байхдаа мөрөөдөж байсан мөрөөдлийн хэдэн хувь нь биелсэн бол?

40 хувь л байх. Үүний 35 хувийг гэр бүл эзэлчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр үлдсэн хувьдаа маш их зүйлийг хиймээр байна. Нийгэмд хийх зүйл их байна шүү дээ. Нэг их том зүйл хийх биш энгийн наад захын зүйлээ хийж хэрэгжүүлээд, өөрөөсөө эхлээд өөрчилчихмөөр л байгаа юм. 

-Таны хамгийн ихээр суралцахыг хүсч байгаа зүйл?

Би харилцаан дээр маш их анхааралтай хандаж байгаа хэрнээ алдаа гаргадаг. Тэгэхээр үхэн үхтлээ суралцах байх. 

-Эмэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?

Бусдыг хүндэлдэг, тэр дундаа хань нөхрөө хайрладаг эмэгтэй хүнийг хүндэлдэг.  

-Таны айдас юу вэ? 

Надад нэг айдас байдаг нь хийж байгаа ажлаа дуусгаж чадахгүй байх вий дээ л гэсэн айдас байдаг. Яагаад гэвэл амьдрал гэдэг гэнэтийн зүйлээр дүүрэн шүү дээ. Тиймдээ ч би яаруу байдаг байх. Өвөө маань ч их адгуу хүн байсан.

Мөн манайхан их богино насалдаг болохоор тийм адгуу, яаруу байдаг байж мэдэх юм. Тиймээс надад эхэлсэн ажлаа дуусгачих юмсан гэсэн айдас л байдаг юм. 

-Мөнгө гэж таныхаар?

Хүн бүр өөрийнхөөрөө харах байх. Надад бол чухал биш. Ер нь бол гэр бүлд нь хэрэгцээгүй харанхуй өрөө, унадаггүй машин, хэрэглэдэггүй хоол гээд илүү зүйл байх хэрэггүй. Харин хүнд тулсан цагт хэрэглэх нөөц хөрөнгө байх ёстой.

Ер нь юм савнаасаа халиад, тоо нь олшироод ирэхээр зовлон болж хувирдаг. Хүмүүс мөнгөтэй болохоороо аз жаргалтай болно гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Хүнд харин юм дутуу байх тусмаа амттай байдаг. Тиймээс би мөнгөнөөс айдаг. 

-Та хамгийн сүүлд хэзээ сэтгэлээсээ инээсэн бэ? 

Өчигдөр инээсэн юм байна. Хүү маань даамын тэмцээнд оролцоод хоёрдугаар байранд орсон. Тэгээд утсаар ярихдаа “Би даамын тэмцээнд ороод хоёрдугаар байранд орлоо. Одоо тэгээд ямар бэлэг өгөх гэж байна” гэж асуухад нь өхөөрдөөд чин сэтгэлээсээ өөрийн эрхгүй инээсэн. 

-Манай нийгэмд хамгийн түрүүнд засч залруулах ёстой асуудал гэвэл?

Тархиа л өөрчлөх ёстой. Замыг засч болно оо, гэхдээ тавьсан замаа хайрлахгүй байгаа юм чинь мянган сайхан зам тавиад яах юм бэ.

Ерөөсөө өөрийн юм болж байвал хүний юм хамаагүй гэдэг сэтгэлгээтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр хүний сэтгэхүйг л өөрчлөх ёстой. Шинэ цагийн монгол хүнийг л бий болгох хэрэгтэй. 

-Маргааш дэлхий сүйрнэ гэвэл амжуулж та юу хийх вэ? 

Жаахан маань мэгзэм л унших байлгүй дээ. Дараагийн төрөлдөө л бэлдэх байх. 

-Хайр гэж таныхаар юу вэ? 

Олон төрөл байдаг. Чин сэтгэлээсээ тэр хүний төлөө гарч байгаа үйлдлийг хайр гэнэ. 

-Амьдрал гэж...? 

Орон зайгаа бий болгож, өөрийнхөө ертөнцийг үүсгэж чадвал тэр амьдрал. 

-Та өөрийгөө ямар амьтантай зүйрлэх вэ? 

Хурдан морь байх байсан болов уу. 

-Та яг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? 

90 хувь байх. Учир нь бодож санаж байгаа зүйл их байна. Би гэртээ очоод, гэр бүлтэйгээ байхдаа яг байгаа хэмжээндээ өөрийнхөө аз жаргалыг үүсгээд байж чаддаг учраас 90 хувь гэж хэлнэ. Түүнээс гадна хүн өөрөө хүнийг хайрлаж, халамжилж байж эргээд тийм хариу хүртэнэ. Тэгэхээр надаас шалтгаалж байгаа шүү дээ. 

-Одоог хүртэл та хэр үнэн зөв хариулсан бэ? 

Би өөрийнхөөрөө л байна. 

-Яг одоо танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? 

Сайхан байна. Бодоод байсан чинь ойрд ингэж яриагүй юм байна.