С.Бямбацогт: Засгийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ачаалал ихтэй ажиллах болов уу
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.02.24

С.Бямбацогт: Засгийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ачаалал ихтэй ажиллах болов уу

МАН-ын уламжлалт золголтын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой цөөн хором ярилцлаа.

-МАН-ын удирдлагууд уламжлал ёсоор сар шинийн золголтоо хийлээ. Таны хувьд өнгөрсөн морин жилийг хэрхэн дүгнэх вэ. Түүнчлэн хонин жилийн өнгийг яаж төсөөлж байна вэ?

Монголчууд бид амны билгээр гэж ярьдаг. Өнгөрч байгаа морин жил монгол түмэнд элэгтэй сайхан байлаа. Морин жилд бид гурван саяулаа болсон.

Мал сүргийн тоо толгой 50 сая давж, газар тариалангийн салбарынхан 1989 оноос хойш хурааж аваагүй ургац авсан гээд олон сайхан өөдрөг үйл явдлууд боллоо. Харин ирж байгаа модон хонь жил монгол түмэнд элэгтэй сайхан байх болов уу гэж бодож байна.

Ер нь бид хонийг халуун хошуутай мал гэж ярьдаг. Өнөөдрийн байдлаар хонин сүргийн тоо 20 саяд хүрээд байна. Энэ сайхан цагаан хонин жил монголчууд бидэнд ивээл буянаа өгөх болов уу гэж бодож байна.

Монгол түмэндээ “Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхыг ерөөе.

-Сар шинэтэй зэрэгцээд намрын чуулган хаалтаа хийсэн. Та энэ удаагийн чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Ер нь хэр үр дүнтэй чуулган болов?

Намрын чуулган битүүний өдөр завсарласан. Хуулиараа хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой байсан ч хугацаа сунгаж хуралдаад энэ сарын 18-нд хаалтаа хийлээ.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа 70 гаруй хувийг баталж амжсан байгаа. Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлийг давахаас авахуулаад УИХ Засгийн газрын өмнө хийх ажил нэлээд их бий.

Тийм учраас энэ хаврын чуулганаар олон асуудлыг хэлэлцэж таарах байх. Энэ ч утгаараа чуулганы завсарлагаанаар Засгийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, олон зүйлд анхаарч ачаалал ихтэй ажиллах болов уу гэж харж байна.

-Намрын чуулганы сүүлийн өдөр цөөнгүй хуулийн,өөрчлөлтийг эцэслэсэн. Үнэхээр ингэж цаг туглаж батлах ёстой хуулиуд мөн байсан уу?

Яах аргагүй хийж өөрчлөх ёстой зүйлүүд байсан. Энэ үүд- нээс тодорхой ажил, өөрчлөлтүүдийг хийсэн. Намрын чуулганы хугацаанд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг баталлаа.

Энэ төлөвлөгөөнд манай намын бүлгээс гаргасан тодорхой саналууд багтаж батлагдсан байгаа.Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гээд олон чухал асуудлыг шийдсэн чуулган болж өнгөрлөө. Энэ чуулганы хугацаанд мөн төсвийн тодотголыг баталсан.

Ингэхдээ бид анх удаа төсвийнхөө урсгал зардлыг багасгах талаар нэлээд анхаарал тавьсан. Түүнчлэн улс орны эдийн засгийн уналтыг зогсоох шаардлага бидэнд байсан учраас Засаг солигдсон. Харин шинээр гарч ирсэн Засгийн газар үүргээ ухамсарлаж сайн ажиллах байх.

Шинэ Засгийн газрын зүгээс УИХ-д оруулж ирж байгаа ажлуудын зөвийг нь УИХ дахь МАН- ын бүлэг анхнаасаа дэмжиж ажиллана гэдгээ хэлж байсан. Мөн буруу зүйлд нь хориг тавьж, шүүмжлэлтэй хандана гэдэг байр суурь цаашид ч хэвээрээ байх болно. Засагт хамтарсан гэдгээрээ асуудал бүрт найр тавихгүй.

Нэг үгээр бол, алдаа дутагдалд найр тавьж өнгөрөхгүй, гэсэн үг. Өнгөрсөн намрын чуулган дээр бид хариуцлага тооцох зүйл дээрээ тооцсон. Цаашдаа хийх ажлынхаа тодорхой чиглэлийг ч гаргасан байгаа.