Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.02.18/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүн байсангүй. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тогтоолын төсөл дэх хоёр заалтыг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэвээр нь үлдээх санал гаргаснаа танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд санал хураалт явуулах горим 100 хувь дэмжигдсэнээр Ж.Батсуурь гишүүний саналаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй.
Мөн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Ж.Батсуурь гишүүн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжин, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.