Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэв.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу тус хорооны дарга, нарийн бичгийн даргыг хорооны гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор томилдог.
Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг улираан томилуулах саналаа УИХ-ын дарга З.Энхболд тус байнгын хорооны хуралдаанд оруулж буйгаа танилцууллаа.
Тэрбээр Ч.Содномцэрэнгийн төрийн захиргааны төв байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлага, мэргэжлийн өндөр боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагыг харгалзан тус хорооны даргаар улираан томилуулах саналыг оруулж буйгаа хэлээд түүний товч намтрыг танилцуулсан юм.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг томилуулах саналыг УИХ-ын дарга танилцуулав. Ц.Болдсайхан нь 1992-2012 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллажээ. Тэрээр УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаад Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон юм.
УИХ-ын даргын санал, танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ч.Содномцэрэнг улираан томилох, мөн Ц.Болдсайханыг тус хорооны нарийн бичгийн даргаар томилох санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.