АХБ-ны Зүүн Азийн газрын даргатай уулзлаа
Эрчим хүчний яам
2015.02.04

АХБ-ны Зүүн Азийн газрын даргатай уулзлаа

Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши тэргүүнтэй багийг хүлээн авч уулзав.

Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1993 оноос хамтын ажиллагааг эхлүүлэн тус хугацаанд нийт 18 төсөл дээр хамтран ажиллаж буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн бөгөөд эрчим хүчний салбарт хууль эрх зүй, дамжуулах түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хүчин чадал зэрэг олон төрлийн төсөл хөтөлбөрт үр ашигтай амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн АХБ-ны дэмжлэгтэйгээр Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөө хийгдсэн, ДЦС-5-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд зөвлөх үйлчилгээ хийж байгаа. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр ДЦС-3, ДЦС-4, Улаанбаатар дулааны сүлжээний компаниудад техник технологийн ажлууд бас хийгдэж байна гээд хоёр тал хэлэлцээр хийж Санамж бичгийн түвшинд тохирсон гурван төсөл мөн эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх зарим мега болон дунд хэмжээний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах, урт богино хугацааны хөнгөлөлттэй зээл авах сонирхолтой байгаагаа Эрчим хүчний сайд Д.Зоригт илэрхийлэв.

Тэрээр цааш нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллаганы (CAREC)энэ жилийн хуралд Монгол Улс зохион байгуулагч орон болж байгаа түүний бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюми Кониши хүлээж авсанд баярласанаа илэрхийлээд шинээр чухал албан тушаалд томилогдсонд Эрчим хүчний сайд Д.Зоригтод баяр хүргэв. Тэрээр 2 багаас бүрдсэн төлөөлөгчидтэй ирсэн, нэг хэсэг нь орны хөтөлбөр боловсруулах үүрэг биелүүлдэг мэргэжилтнүүд, нөгөө баг нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны баг гэдгийг танилцууллаа. Азийн хөгжлийн банкны зүгээс төсөл хөтөлбөр болон Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хурал зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж эрчим хүчний салбарт улам ихийг хийж бүтээхийн төлөө үр бүтээлтэй эрчимтэй ажиллахаа нотоллоо.