С.Ганбаатар: Б.Чойжилсүрэн урвагч
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.23

С.Ганбаатар: Б.Чойжилсүрэн урвагч

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар  дэд сайдыг цомхотгох асуудал олонхын дэмжлэг авч чадсангүй. Дэд сайдын орон тоог хасаж, зардлыг гаргах санал гаргасан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Байнгын хорооны хуралдааны дараа дараах тодруулгыг авлаа.

-Та бүхний гаргасан дэд сайдын албан тушаалыг цомхотгох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнгүй.Таны гаргасан саналын томъёоллыг  хууль зүйн хувьд дэмжих боломжгүй гэж үзсэнийг юу гэж үзэж байна вэ?

Бид ард иргэдийн бүсийг чангалчихаад өөрсдөө ч бүсээ чангалах нь ёс зүйн хувьд байх ёстой.  Эхний ээлжинд дэд сайдын албан тушаалтай холбогдсон зардлыг хасах санал гаргасан. УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцэн дэмжчихээд байхад  байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.

УИХ-аар хэлэлцээд баталсан асуудлыг байнгын хороо санал хураах, үг хэлүүлэх эрх байдаггүй. Төрийн байгуулалтын байнгын хороо дэндүү зэрлэг шийдвэр гаргаж УИХ-ын дарга алхаа цохиод гурав дахь хэлэлцүүлэгт орчихсон асуудлыг сугалж аваад  хэлэлцэж байна. 

Тэд зөвхөн дэд сайдтай холбоотой асуудлыг салгаж ярьж байгаа нь энэ албан тушаал ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. 17 дэд сайд байгаад бид ядуурчихгүй, байхгүй гээд баяжихгүй. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээгээ мэдэх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхийг зөрчиж байна.

-Та энэ асуудлаар цэцэд хандана гэдгээ сая мэдэгдлээ?

Би цэцэд хандана. Цэц ард ,иргэд сонгосчдын төлөө сайн шийдвэр гаргана гэж бодож байна.

-Засгийн газрын хуулиндаа эхлээд нэмэлт өөрчлөлт оруулж байж, дэд сайдын албан тушаалыг цомхотгох хэрэгтэй гэдэг саналыг Р.Гончигдорж гишүүн гаргасан шүү дээ?

Тэгвэл нийслэлийн орлогч, яам агентлагийн дарга, төрийн албан хаагчдыг цомхотгохдоо ийм асуудал ярилгүй яагаад  шууд гудманд гаргасан юм. Өөрсдөө тэгэж наймаалцаагүй юм бол яагаад ганцхан дэд сайдтай холбоотой заалтыг сугалж авч ярьж байгаа  юм бэ.

Энэ бол ёс зүйгүй асуудал. Өнөөдөр   төрийн толгойд нам сандайлчихсан байгаад салхи оруулах гэсэн юм. Дэд сайдгүй байхад улстөрийн наймаа багасна гэж бодож байна.

-Гэхдээ  Засгийн газрын бүтцийг баталчихсан байхад дэд сайдыг цомхотгох асуудал тавьсан нь буруу гэж үзээд байгаа юм биш үү?

Бүтэц рүү огт ороогүй. Олон улсын практикт бүтэц нь хэвээрээ байхад УИХ   дэд сайдуудыг үр дүнгүй ажиллаж байгаа гэдэг үүднээс төсвийг нь тэглэдэг  жишиг бий. Үүнийг мэдэн будилаад ярихгүй байгаа юм. Гэтэл орон тоо гэдэг зүйл уруу мушгиж байна.

-Б.Чойжилсүрэн гишүүн  дэд сайдыг цомхотгох ёстой гэж анх санал гаргасан хүмүүсийн нэг. Гэтэл сая дэмжсэнгүй. МАН-ынхан байнгын хороон дээр ямар нэгэн байдлаар санал илэрхийлсэнгүй?

МАН-ын залуучууд ахмадуудаасаа дор. Б.Чойжилсүрэн урвагч. Урвагчаас гадна хажуудаа байгаа гишүүний кнопыг дарсныг ард түмэн харсан.