Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан
2014.12.16

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулна

УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа яам, агентлагуудын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын шат дамжлагыг цөөлөх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх зарчим баримтлан Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр тогтлоо.

Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан дээрх байгууллагуудын дотоод нэгжийг зохион байгуулахдаа мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж солихгүй байхаас гадна хэд хэдэн чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

  • Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах;
  • яам, агентлагийн газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй, илүү шат дамжлагагүй байх;
  • нэгтгэгдсэн, татан буугдсан яам, агентлагаас шилжиж ирсэн орон тоог мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах;
  • Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх;
  • агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог 7-гоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлах;
  • агентлагийн дарга нь зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, дэд болон орлогч дарга, нэгжийн дарга нар албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.

Засгийн газар өөрөөсөө эхлэн хэмнэлт хийж, төсөвт үүссэн хүндрэлийг давахад чиглэсэн энэ бодлого цаашид төрийн албыг цомхон, чадварлаг мэргэжлийн болгоход дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг  Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан. Энэ хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээллэнэ. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим хуудастай байж, хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтлөх юм.

Шилэн дансны тухай хуульд Засгийн газар цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавих журам, хэлбэрийг тогтоохоор заасны дагуу “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг баталлаа. Журам батлагдсантай холбоотойгоор сургалтын гарын авлагыг бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт сургалт явуулах, байгууллага бүр Үндэсний Дата төв УТҮГ-аас гаргасан жишиг шилэн дансны цэсийг өөрийн цахим хуудсандаа холбох, цахим хуудасгүй байгууллагуудын шилэн дансны мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгалаа.

“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” нь 8 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд 1, 2, 3 дугаар  зүйлд ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим болон нэр томъёоны тайлбар, 4, 5, 6 дугаар зүйлээр хууль хэрэгжүүлэх байгууллагын олон нийтэд мэдээллэх мэдээллийн стандарт, агуулгыг тогтоожээ. Энэ хууль хэрэгжсэнээр төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах байдал тодорхой түвшинд буурна гэж үзэж байна.

Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол Улс 37 дугаар байрт багтжээ. Мянганы сорилтын сан өмнө нь манай улсад 285 сая долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг үнэлж, төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргажээ.

Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа.

Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, гадаадын төр,хувийн хэвшлийнбайгууллагуудтай яриа хэлэлцээ хийдэг, гэрээ байгуулдаг байдлыг нэгдсэн зохицуулалтад оруулж, гадаад бодлогыг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэхэд энэ журам чиглэсэн юм.

Төрийн гадаад бодлого, үйл ажиллагаагнэгдсэн зохицуулалтаар явуулснаар гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.

ТОВЧХОН:

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсийн үйл ажиллагааг өргөжүүлэн тогтворжуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ