Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайд боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамбыг дэмжлээ.
Ингэснээр тэрбээр шинэ Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайд болж байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх ёстой чухал ажлуудын талаар олон шүүмжлэл өрнүүлсэн.
Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын менежментийг шинэчлэх, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, сайд болмогцоо төрийн эмнэлгүүдийн дарга нарыг сольдог буруу жишгийг зогсоох гэх зэргээр саналаа хэллээ.
Мөн өөрөө мэргэжлийн хүн биш ч гэсэн мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж, эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, УИХ-тайгаа нягт уялдаатай ажиллахыг сануулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг Сонгинохайрхан дүүргээс ажлаа эхлээсэй гэж хүсэж байна
Монгол улсын өнөөгийн эрүүл мэндийн салбар маш хүнд байдал орчихсон. Хүрэлцээ муу, хүнд сурталтай, техник тоног төхөөрөмж хоцрогдолтой, боловсон хүчний чадавхи чадамж гээд олон асуудлыг дагуулсан салбар. Эрхзүйн орчин боловсронгуй болгох асуудлаар бүх гишүүд ярьж байна. Та Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын байнгын хороо, энэ чиглэлийн хууль санаачлаж байгаа гишүүдтэйгээ хамтрах ажлыг хийгээрэй. Энэ бол хүнд салбар, одоо бүүр хүндэрчихсэн байгаа. Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг Сонгинохайрхан дүүргээс ажлаа эхлээсэй гэж хүсэж байна. Спортын салбар хөрөнгө мөнгө шаарддаг онцлогтой. Энэ салбарын байгууллагуудтай холбоотойгоор сүүлийн үед их таагүй мэдээлэл гарч байна. Өмнөх үеийн хууль зөрчсөн, хариуцлага алдсан удирдлагуудтай холбоотойгоор хариуцлага тооцоорой.
Д.Ганхуяг: Хамгийн гол зүйл бол эмчилгээний зардал, тэр чанарт нийцсэн үйлчилгээ хоёр дээр тогтсон салбар.
Эрүүл мэндийн салбарын тухайд тогтолцооны гажигтай байгаа юм. Хамгийн гол нь санхүүжилтийн тогтолцоогоо шийдэж чадаагүй. Мөнгөний урсгал нь нэг газар бөглөрөөд зогсчихдог. Эрүүл мэндийн даатгалын янз бүрийн тогтолцоонууд байгаа. Гэхдээ Монгол таарах тогтолцоог нь олохгүй бол явахгүй ээ. Хамгийн гол зүйл бол эмчилгээний зардал, тэр чанарт нийцсэн үйлчилгээ хоёр дээр тогтсон салбар. Мөн даяарчлагдсан салбар. Хаана чанартай үйлчилгээ байна тийшээ явдаг. Тэгэхээр бид эмчилгээний төлбөр нь даатгалд суурилсан тогтолцоогоо зөв олохгүй бол болохгүй байна. Эмнэлэг гэхээр байшин яриад байдаг. МУ эрүүл мэндийн хуулиар даатгалд хамрагддаг хүүхдийн, гэмтлийн, төрөх эмнэлэгүүдийг стандартыг чангатгаж, цэвэр хувийн хэвшлээр явуулах боломжтой. Энд нэг гажиг нь төрийн болон хувийн эмнэлэг хоёрт даатгалаас очдог мөнгөний хэмжээ ялгаатай байдаг. Тийм болохоор хувийн эмнэлэг нь босож чаддаггүй.
п
Ж.Батсуурь: Эмч ажилчдын цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг өндөр түвшинд тавихгүйгээг гажигийг засаж чадахгүй ээ.
Тогтолцооны гажиг монгол улсын бүх салбарт бий болчихсон. Гэхдээ энэ салбарын үйлчлүүлэгч нь хүн байдаг учраас гажиг нь улам тод харагддаг. Эмч ажилчдын цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг өндөр түвшинд тавихгүйгээг гажигийг засаж чадахгүй ээ. Амьдралын цаад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа учраас дүр эсгэж ажиллахаас өөр аргагүй болгосон. Ихэнх улс оронд эмч нар онцгой өндөр цалинтай байдаг. Сургалт сурталчилгааг сайн хийж. Өвчлөхгүй байх боломжийг ард иргэддээ сайн ойлгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлээрэй.