Ө.Энхтүвшин:Зөвшилцөх үед уур амьсгал нэлээд хурцадсан
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2014.12.05

Ө.Энхтүвшин:Зөвшилцөх үед уур амьсгал нэлээд хурцадсан

Засгийн газрын бүтцийн талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс тодрууллаа.

-Намууд зөвшилцөлд хүрсэн тул Засгийн газрын бүтцийг өргөн барьсан гэсэн ч намууд зөвшилцөж дуусаагүй гэсэн яриа гарч байна?

-Зөвшилцөлд хүрсэн. Хоёр талаасаа байр сууриа илэрхийлэн маргаж, зарим үед уур амьсгал нэлээд хурцадсан тал ч бий. Гэхдээ ярьсаар байгаад ямар ч байсан зөвшилцөлд хүрсэн.

-Өргөн баригдсан бүтцээр бол Засгийн газрын бүтэц дахиад л данхайж байна. Танай намын бүлгийн зүгээс бүтцийг цомхон байлгах ёстой гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Гэтэл...

-Бид энэ асуудлыг ярьсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 13 яамтай, 16 сайдтай  байгаа. Гол маргаан үүнийг тойрч өрнөсөн. Тэгээд ямар тайлбар хэлсэн гэхээр “За, та нарын хэлснээр нэг яамыг татан буулгая. Гурвыг бол чадахгүй. Түүнчлэн яамгүй сайдыг нэмье. Яамгүй учраас орон тоо хэмнэгдэнэ. Хоёрдугаарт, төсвийн зардлыг бууруулъя. Ингэхдээ зөвхөн яамны хүрээнд ярихгүйгээр агентлагууд, дэргэдэх газруудад орон тоог багасгая” гэж ярьсан. Мөн 2015 оны төсвийг ярих үедээ нэлээд орон тоо хасна гээд тохирсон. Тэрийгээ бас хийнэ. Нийт дүнгээрээ улсын төсвийг хэмнэнэ гэж байгаа. Тэр тооцоогоо удахгүй хэлэх юм билээ.

-Монгол Улсын сайд гээд шинэ албан тушаал гарч ирэх гэж байгаа гэсэн. Тэр нь яг ямар албан тушаал юм бэ?

-Монгол Улсын сайд гэдэг чинь хэрэг эрхлэх газрын даргыг хэлдэг. Бас нэг яамгүй сайд гэж байгаа. Тэрийг бас Монгол Улсын сайд гэж явна. Ийм л асуудлыг бүтэц, орон тоотой холбогдуулж, хэд хоногийн турш ярьсны эцэст өчигдөр (уржигдар) үр дүнд хүрлээ.

-Яамгүй сайдтай байя гэсэн саналыг аль намаас гаргасан бэ?

-Манайхаас тавиагүй. Ерөнхий сайд ямар ч байсан бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барьсан. Аль яамыг хаанаас удирдах вэ гэдгийг дараа нь ярина.

-Яамгүй сайдын эрх үүрэг, ажлын хуваарь ямар байдлаар явах юм бол?

-Тэр талаар ярьж байгаа. Яг бидний санал биш учраас тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан томоохон, мега төсөл ч юм уу, эсвэл яамны ажилтай давхардуулахгүйгээр аваад явж болох том ажлууд байгаа. Тэр ажлуудыг тэр хүнд хариуцуулаад явж болох юм гэсэн ерөнхий бүдүүвч байгаа юм билээ.

-МАН-аас Засгийн газарт зургаан сайд томилогдоно. Энэ хүмүүсийг ямар шалгуураар томилох вэ?

-Одоо бол хүний тухай яриагүй. Аль яамыг хэн удирдах гэсэн асуудлыг ч яриагүй. Тийм боломж ч байхгүй л дээ.