Ө.Энхтүвшин: Захидлын талаар намынхантайгаа ойлголцсон
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2014.12.12

Ө.Энхтүвшин: Захидлын талаар намынхантайгаа ойлголцсон

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй цөөн хором ярилцлаа.

-Засгийн газар бүрдэж, анхны хуралдаанаа хийлээ. Бүтэц, бүрэлдэхүүнээс нь харахад таны хувьд энэ Засгийн газрыг хэрхэн ажиллана гэж харж байна вэ? 

-Засгийн газрыг бүрдүүлэх гэж нэлээд ярилаа, маргалаа. Үүний эцэст олонхиороо ярилцаж байж Засгийн газраа байгууллаа. Нэгэнт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн жигдэрсэн. Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн явуулахыг харах л үлдэж байна шүү дээ.

Магадгүй их сайн ажиллаж болох юм. Цаашлаад бидний хүсэн хүлээж байснаас муу ч байж бас болно. Эхний ээлжинд үйл ажиллагааг нь харъя. Зөв бурууг нь харуулаад өгдөг цаг хугацаа гэж нэг айхтар шалгуур бий шүү дээ. Одоохондоо үнэлэлт дүгнэлт өгөөд ярихад эрт байна. Ер нь хэрхэн ажиллахыг нь тал талаас нь харъя. 

-Тогтолцооны гажуудлыг хэрхэн арилгах ёстой юм бэ? 

-Зөвшилцөх ажлын хэсэг дээр ярьсан хэд хэдэн асуудал бий. Зарим хуульдаа өөрчлөлт оруулах гэх мэт. Тухайлбал, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ирэх онд багтаагаад хийе гэдэг том зүйл дээр тохиролцлоо шүү дээ. Энэ хүрээндээ засаг төр, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудлуудаа ер нь ярилцаж хэлэлцээд нэг тийш болгоё гэсэн байдлаар тохиролцсон зүйл ч бий. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг дээр ярьсан зүйлүүдээ ирэх ондоо багтаагаад хийчих хэрэгтэй байгаа юм. 

-Таны намын даргадаа бичсэн захидал багагүй анхаарал татаж байна. Захидлынхаа талаар намын удирдлагуудтайгаа ярилцсан уу?

 -Энэ талаар манай намынхан сайн ярьж байгаа. Өчигдөр л / уржигдар/ гэхэд намын Удирдах зөвлөл болон бүлэг дээр миний захидлыг авч хэлэлцээд нэлээд сайн ярилцсан. Гишүүд үгээ хэлж, ний нуугүй ярьсан. Товчхондоо, ойлголцсон гэж хэлж болно. 

-МАН-д дэд сайдын хэдэн суудал ногдохооор байгаа вэ?

-Долоон яамны дэд сайдын суудал ирж таарах байх. 

-Ер нь дэд сайдын албан тушаал заавал байх ёстой эсэх талаар зарим гишүүн ярьж байна. Дэд сайдын суудал хэр ач холбогдолтой вэ гэдэгт та ямар байр суурьтай байдаг вэ? 

-“Шаардлагагүй” гэж ярьж л байсан юм. Гэхдээ Засгийн газрыг парламентад суудалтай намууд хамтраад байгуулж байна шүү дээ. Энэ тохиолдолд дэд сайд байх хэрэгтэй л болж таарч байгаа юм. Хамтарч байгаа үед зарим талдаа орон тоо нэмэгдэх шаардлагатай болдог. Нийт дүнгээрээ бол, ялангуяа доошоо ажил албаны давхардалтай газрууд их байна л даа. Тэдгээрийг харин сайн шүүрдэж харах хэрэгтэй. Чиг үүргийн давхардалтай албан тушаалыг багасгах хэрэгтэй гэж харж байна. 

-Салбарын сайд нарын томилгооны хувьд МАН “Давхар дээл”- ийг эсэргүүцсэн үндсэн зарчмаа сайн мөрдсөн гэдэг дүгнэлтийг олон нийт хийж байна. Харин дэд сайд нартаа ямар шалгуур тавьж байгаа юм бэ? 

-Дэд сайдын томилгооны асуудалд би оролцохгүй байгаа. Энэ бол намын Удирдах зөвлөл, намын даргын зүгээс асуудлаа оруулж ирдэг зарчимтай. Өөрөөр хэлбэл, энэ бол миний эрх мэдлийн асуудал биш учраас мэдээлэлгүй байна.