“Шийдлийн" засгийн газраас шийдвэртэй хариу сонсъё"
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.01.12

“Шийдлийн" засгийн газраас шийдвэртэй хариу сонсъё"

Улс орныхоо эдийн засгийг сэргээх, ард түмнийхээ өдрөөс өдөрт доройтож буй амьжиргааг өөд татах улмаар Монголын нийгэм, ард түмнийг туйлдуулж буй намчирхал талцал хуваагдлыг арилгах, үндэсний эв нэгдэл улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилтын дор УИХ дахь улс төриин намууд зөвшилцөл хийж гэрээ байгуулан “Шийдлийн" нэртэй их эвслийн Засгийн газрыг саяхан байгуулсан билээ.

Тухайн үед миний бие дээрх дэвшүүлсэн зорилтыг биелүүлж ажиллавал бүрэн дэмжинэ “Харин 2008 оны сонгуулийн дараа байгуулсан МАНАН-гийн гэж нэрлэгдэх болсон хамтарсан Засгийн газар шиг улс орны оршин тогтнол, хөгжил дэвшил, аюулгүй байдлын баталгаа болсон байгалийн баялаг, орд газрыг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтаас гаргаж, үндэстэн дамнасан компаниуд нам дамжсан олигархи бүлэглэлийн гарт оруулдаг балагт бодлогоо үргэлжлүүлбэл эрс эсэргүүцнэ” гэдгээ Намын бүлэг, УИХ-ын чуулган дээр илэрхийлсэн болно.

Энэ удаад хамтарсан засгийн газар байгуулахдаа хоёр талын зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж ажиллаад үндсэн гурван зүйл дээр тохирсныг дахин тодотгоё.

Нэгдүгээрт: Үндэсний эв нэгдэл улс төрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Үндсэн хууль, Улс төрийн намуудын хууль, Сонгуулийн хуулийг өөрчлөх ялангуяа 2012 оны сонгуулиас хойш ард түмний итгэлийг алдаж, хардлага дагуулсан хар машины асуудлыг нягтлан бүх хэсэгт нэр дэвшигчийн саналаар дахин тооллого хийж сонгуулийн хэсэг хороонд төлөөллөөс бүрдсэн хяналтыг баталгаажуулах, намуудын тэнцүү тавих.

Хоёрдугаарт: Оюутолгой, Тавантолгой болон бусад ордуудыг ашиглахдаа өмнө нь гарсан шийдвэр, байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх, мэдээллийг УИХ-ын хяналт болон олон нийтэд ил тод, нээлттэй байлгах,

Гуравдугаарт: Монгол Улсын гадаад өрийн хэмжээг нэмэхгүй хуульд заасан өрийн хязгаарийг нэмэгдүүлэхгүйгээр өрийн удирдлагын менежментийг сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тохирч, үүний дагуу зохих шийдвэрүүд гарч, хоёр намын хооронд албан ёсны гэрээ байгуулж, гарын үсэг зурсан.

Үүний нөгөө талд Ардын намын бүлэг “Шийдлийн" Засгийн газарт орж ажиллахын өмнөх хоёр жилийн хугацаанд эрх баригч бүлэглэлийн алдаатай бодлогыг шүүмжилж, улс орны эдийн засгийг тогтворжуулах, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болон нийгмийн хамгааллын талаар дараах тодорхой шаардлагууд тавьж байсныг эргэн санах учиртай.

 Үүнд:

-Төрийн хэт данхар бүтэц, орон тоог 10 хувиар бууруулж цомхотгох, тансаг хэрэглээ үргүй зардлыг хасах,

-УИХ-ын дээр Засгийн газар гарч, парламентийн хяналт бүрэн алдагдсан байдлыг нэн даруй засч, давхар дээлийг тайлуулах,

-“Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд зааснаар өрийн дээд хязгаарыг 40 хувиас хэрхэвч нэмэхгүй байх,

-Дэлхийн эдийн засгийн хямралыг даван гарахад том хувь нэмэр оруулна гэж үзэж гаргасан “Монгол мал’’, “Атрын-3 аян” болон энэ хөтөлбөрүүд амжилттай хэрэгжих суурь нөхцөл болсон байгаль экологийн тэнцвэрийг хадгалах “Урт нэртэй" хуулийн хэрэгжилтийг хангах,

-Цалин тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

-Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэд ААН.байгууллагын нуруун дээр татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх,

-Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг ил тодорхой болгох, үнэн бодитой мэдээлэл, олон нийтэд хүргэх үүднээс УИХ-аас ажлын хэсэг байгуулан Хөгжлийн банкинд шалгалт оруулах.

-Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд бүрт Хүний хөгжлийн сангаас олгодог 20000 төгрөгийг 30000 төгрөг болгон нэмэгдүүлэх,

-Эхийн алдарт нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд олгодог нэг удаагийн мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх,

-Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ард иргэдэд төрийн үйлчилгээг нэн түрүүнд хүргэх зориулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлгийг шинээр барьж байгуулах,

-2012 оноос өмнө эхлүүлсэн барилга, объектыг дуусгах -эдгээр болно.

Дээр дурдсан асуудлууд зөвхөн намын бүлгийн байр суурь, төдийгүй нийт иргэд олон түмний дэвшүүлсэн санал байсан юм. Гэтэл өнөөдөр байдал юунд хүрэв. МАН-аас эрх баригчдад тавьж байсан шаардлага болон "Шийдлийн" Засгийн газрын бусад намтай гэрээгээр тохирсон, өмнө дурдсан гурван зүйл тохиролцоо хэрэгжихээр байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болж эхэлж байна. Энэ талаар тодруулъя.

Нэг. Өмнө нь 16 яам, 19 сайдтай, 17 сайд нь давхар дээлтэй байгааг олон дахин шүүмжилсний дагуу Н.Алтанхуягийн Засгийн газар 13 яамтай, 16 сайдтай байх хуулийн төсөл өргөн барьж, батлуулсан,

Гэтэл Засгийн газрын бүтцийн тухай энэ хууль хүчин төгөлдөр байхад “Шийдлийн” Засгийн газар 15 яам, 19 сайдтайгаар байгуулж, дэд сайдуудын орон тоог нэмэн төрийн бүтцийг улам данхайлгав.

Намуудын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон өмнө тодруулсан гурван зүйлээс улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, намчирхал талцлыг арилгахад шийдвэрлэх нөлөөтэй хуулиудын төслийг нэн даруй хэлэлцэх ёстой байтал энэ асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад огт оруулахгүй хойшлуулж байгаа нь тохирсон хэлэлцээрээсээ ухарч байгаагийн бодит жишээ мөн,

Хоёр. Ашигт малтмалын том орд баялгийг хуваарилах, аль нэг гадаад дотоодын бүлэглэлд өгөх шийдвэрүүд гэрлийн хурдаар гарч эхэллээ, Гацууртын 50 тн алтны нөөцтэй асар баялаг ордыг, өмнө нь Бороогийн алтны ордыг төсөвт маш бага орлого, татвар өгч хэдхэн жилийн дотор цөлмөж дуусгасан "Сентеррагоулд Монголиа” ХХК-нд стратегийн ач холбогдол бүхий ордод авсан нэрийн дор өгөхөөр УИХ-ын чуулганд оруулж ирсэн.

Мөн стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад байсан Цагаан суваргын зэс, алтны ордыг уг жагсаалтаас гаргасан нэрийн дор “МАК" компанид өгсөн зэрэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Монгол Улсын “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.5.4-т заасны дагуу “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувь”, 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг. Энэ заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой байтал ноцтой зөрчиж байгааг юу гэж үзэх вэ.

Дэлхий нийтээр дагаж мөрддөг эзэнтэй нөөц баялгийг олборлон ашиглах эрхийн төлөө төлж буй төлбөр болох роялтийн татварыг авах, тэгэхдээ бусад орны туршлагын дагуу тодорхой ордын үнэ цэнэ өртөг, давуу талыг харгалзан хувьсах хэлбэртэй тогтоох шаардлагыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна.

Бидэнд дэлхийн түвшний зэс алт бусад асар их нөөц баялаг заяасан, бас бэлээхэн асар том зах зээлийн дэргэд байдаг. Тиймээс нөөц баялгаа багаар үнэлэх, хямд зарах учиргүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Энд нам дамжсан бүлэглэлийн нөлөө оролцоо бүхнийг шийдэж байгаа нь туйлаас харамсалтай.

МАН сөрөг хүчин байсан хоёр жилийн хугацаанд ч уул уурхай, эрдэс баялгийн хуулиуд эх орон, ард түмэнд гэхээсээ илүү хуйвалдаант бүлэглэлүүдэд ашигтай байдлаар баталж ирсэн. Үүний тод жишээ нь 10 хувь байсан алтны роялтийн татварыг 2,5 хувь болгон эрс бууруулсан бөгөөд энэ хуулийн цоорхойгоор тодорхой ордод эзэн суух зорилгоо хэрэгжүүлэх санаархал биелэх бололтой.

Тавантолгойн коксжих нүүрсний ордыг гадаад дотоодын хамтарсан гэх компаниудад шилжүүлэх ажил шуурхай явж эхэллээ. Зүй нь Тавантолгойн стратегийн ордыг үндэсний цогц хөтөлбөр боловсруулан олборлож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлон, монгол хүн өргөн уудам нутагтаа баян чинээлэг сайхан амьдрах, нөхцөлийг бүрдүүлэх асар их боломж энэ ордод байсан.

Улсын төсвийн хөрөнгөөр судалж нөөцийн нь тогтоосон 6,4 тэрбум тонн нөөцтэй үүний ихэнх хувийг коксжих нүүрс эзэлдэг. Тавантолгойн ордыг эхнээс нь тасдаж үнэгүйдүүлж, улстөрчид төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотой “Энержи ресурс” компанид Тавантолгойн нөөцийн 20-25 хувь эзэлдэг нийт коксжих нүүрсний 1/3 буюу 500 сая тонн коксжих нүүрстэй Ухаа худгийн хэсгийг өгсөн. Үүнээс хойш өрнөсөн үйл явдал, гаргасан шийдвэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд оновчтой бус байсан нь өнөөдөр эргээд харвал энэ ордыг хэрхэн өөрсдийн мэдэлд бүрэн авах вэ гэсэн олигархи бүлэглэлийн зорилго байжээ гэж хэлж болохоор байна.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмших “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эхний ээлжид үнэ төлбөргүй, 10 хувийг үндэсний компаниуд нэрлэсэн үнээр эзэмшүүлэхээр заасан боловч Тавантолгойн ордыг дахин хуваан томоохон хэсгийг ашиглах эрхийг гадаадын компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж өгөх болсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнэ бүхэлдээ буурч санхүүжих хөрөнгө татах чадвар олон дахин багассан төдийгүй УИХ-ын тогтоолд заасан Монголын ард түмэн эзэмших 10 хувь болон Монгол Улсын компаниудын эзэмшилд рчих 10 хувь нь Тавантолгойн ордыг бүхэлд нь ашиглах компанийн хувьцаа биш Засгийн газрын хувааснаар нийт ордын гуравны нэг хүрэхгүй хэсэг талбайд олборлолт хийх компанийн хувьцааны 10 хувь болж олон дахин буурсан байна.

Тухайн үед Монголын 1500 компани хоёрхон долоо хоногийн дотор 1,5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй “Үндэсний нэгдэл" байгуулан Тавантолгойг ашиглах санаачлага гаргасныг эрх баригчдын зүгээс дэмжээгүй нь нэн харамсалтай.

Гурав. Тохиролцсон асуудлын нэг нь өрийн таазыг нэмэхгүй байх амлалт юм. Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна. Энэ төслөөс үзвэл тохиролцооноосоо бүрэн ухарч, хоёр намын хооронд байгуулсан өрийн таазыг нэмэхгүй тухай гэрээг зөрчихөд хүрчээ.

Улсын өрийн хэмжээ өнөөдрийн мөрдөж буй хуулиар ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой атал өргөн барьсан төсөлд ДНБ-ий 70 хувиас хэтрэхгүй байхаар өөрчлөн тусгасан байна. Энэ юу болж байна вэ.

2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын өрийн хэмжээ 49 хувьтай тэнцүү гарахаар байгаа гэж энэ оны төгсгөлөөр УИХ-д албан ёсоор танилцуулснаа хэдхэн хоногийн дараа 55.2 хувьтай тэнцүү гарахаар тооцоолсныг Сангийн сайд танилцуулж байх юм.

Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийг 2015 оны төсвийн жилд тэвчинэ гэж төсөлд тусгасан байна. Ингэснээр цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэх талаар хоёр жилийн турш тавьсан шаардлага замхрах бололтой.

Төрийн бүтэц, зохион байгуулалтын    өөрчлөлтөөр удирдах ажилтны орон тоог 1669 хүнээр буурахаар төсөлд тусгасан нь даргалах бүрэлдэхүүний орон тоог дорвитой бууруулахааргүй байна.

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх тэтгэмжийг салбар бүрт тэгш хандах гэх үндэслэлээр бууруулах болсон байна.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 30.2 заалтыг “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална" гэж өөрчилсөн байна.

Энэ өмнө нь 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байсныг одоо тэтгэмжийг хэдэн сараар олгох нь тодорхойгүй болгон өөрчилж, үзэмжээр шиийдэх байдалд хүргэсэн байна.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт биш зорилтод бүлэгт олгохоор төсөлд тусгаснаас гадна оюутны тэтгэмжийг ялгаатай тогтоохоор болсон байна.

Эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд нас харгалзахгүйгээр бүгдэд нь одонгийн мөнгө олгож байсныг зөвхөн 18 хүртэлх насны хүүхэдтэй эхэд олгохоор төсөлд тусгасан байна. Энэ мэт хэмнэлт нь хэр оновчтой болохыг цаг хугацаа харуулах биз ээ.

Хөдөөгийн иргэд эдийн засгийн ачааны хүндийг үүрч байна. Малчдаа дэмжих урамшуулах хөтөлбөр арьс шир ноос, мах бэлтгэлд олгох урамшууллыг багасгаж, танахаар тусгажээ.

Төсөвт нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор Нийслэл хотын албан татвар, Хөрөнгийн албан татварын тухай хуулийг өргөн барьсан байна. Үл хөдлөх хөрөнгийн, Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн, малын хөлийн гэх мэт олон төрлийн татвар нэмэгдүүлж авахаар болсон нь эдийн засгийн хүндрэлтэй үед татвар нэмэх нь буруу гэсэн зарчмын байр сууринаасаа ухарсныг харуулж байна.

Хөрөнгө оруулалтыг танахаар тусгасан байна. 2015 оны төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтыг 655.4 тэрбумаар баталсныг 342,5 тэрбум болгон нийтдээ 300 гаруй тэрбумаар бууруулахаар тусгажээ.

Энэ нь шинээр цэцэрлэг, сургууль эмнэлэг нэмэгдэхгүйн зэрэгцээ өмнө нь эхлүүлсэн барилга объект балгас болж үлдэх, гүйцэтгэгч байгууллагууд банкны өр зээл бусад санхүүгийн хүндрэлээс болон дампуурч, олон мянган ажиллагсад нь ажилгүй, амьдралын баталгаагүй болоход хүргэж байна. Энэ бүгдээс дүгнэвэл юуны өмнө улсын өр зузаарч, ирэх 10 жилд өрийн ачааллаа даахааргүй байдалд хүрэх нь.

Эдийн засгийн хүндрэл, түүнээс үүсэх ачаалал дарамтыг иргэд аж ахуйн байгууллагуудад үүрүүлснээр ард түмний аж амьрал доройтож туйлдах, аж ахуй бизнесийн байгууллагууд ачааллаа даахгүй дампуурч, сөхрөхөд хүрэхээр байна.

Эрх мэдэлтнүүд өөрсдийн тансаг хэрэглээ, захиргааны нүсэр зардлыг бууруулах талаар дорвитой алхам хийх санаачлага гаргахгүй байгаа нь энэ хооронд нам дамжсан хуйвалдаант бүлэглэлүүд эрх мэдлээ ашиглан уул уурхайн орд баялгийг өөрийн болгох санаархлаа маш богино хугацаанд гүйцэлдүүлж болохоор харагдаж байна.

Улс төрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хийх хууль эрх зүйн өөрчлөлтийг хийлгүй хойшлуулж байгаа нь дараагийн сонгуулийн бэлтгэлээ хангах зорилгоор эвслээ задлах тэгснээр ард түмэн бахь байдгаараа хий хоосон намчирхал талцал тэмцэл дунд үлдэхээр дүр зураг харагдаж байна.

Манай намын хувьд энэ дөрлүүлсэн байдлаараа явбал өнгөрсөн хоёр жилийн турш ард түмэнтэйгээ хамт байж, тэдний дуу хоолой болж, иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэх, улс орны эдийн засаг, ард түмний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө хариуцлагатай, туршлагатай улс төрийн хүчний хувьд тууштай тэмцэж байсан байр сууринаасаа бүрэн ухарч “Шийдлийн” гэж нэрлэгдэж байгаа Засгийн газрын тоглоомын хүүхэлдэй болж хувирахаар байна.

Дээр өгүүлсэн зүйлүүдэд тал бүрийн тайлбар өгч аргалах байр суурь баримталж байгаа нь манай намаас Засгийн газарт томилогдсон сайдууд, бүлгийн зарим нөхдийн хэлж, ярьж байгаагаас тодорхой байгаа юм.

УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрч, улс орны эдийн засаг, ард түмний амьдрал дээшилж, талцал намчирхал намжиж, одоо л гайгүй цаг ирэх нь гэж олон түмэн найдан хүлээсээр байна.

Ийм болохоор нам дамнасан хуйвалдаант бүлэглэлийн эрх ашгийг хангах сэтгэлгээгээр биш, эгэл ард түмнийхээ цайлган сэтгэл, цагаан мөрөөдлийг ямхаар ч болов биелүүлэхийн төлөө “Шийдлийн” Засгийн газар шамдуу ажиллаж, шийдвэртэй хариугаа хэлээсэй билээ.