Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын уулзалт боллоо
Уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
2015.02.02

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулж буй Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцсон юм.

УИХ-ын дарга З.Энхболд тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Парламентад суудалтай бүх нам нэгдэж, Их эвслийн буюу Шийдлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараах анхны уулзалт гэдгээрээ энэ удаагийн уулзалт онцлогтой” гэв.

Мөн тэрбээр 2015 оны улсын төсөв, төсвийн тодотголын талаар танилцуулж, орон нутгийн удирдлагууд төсвийн тодотгол хийхдээ нарийн тооцоо судалгаанд үндэслэж, хамгийн оновчтой, хэрэгцээгээ зөв эрэмбэлсэн, хэмнэлттэй хуваарилалт хийж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулав. Үүний дараа уулзалтад оролцож буй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын санал, бодлыг сонслоо.

Жил бүр болдог уг арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой юм.