"Хотын захирагч-2014" хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын захирагч-2014” хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.11.03/ Төрийн ордны “Г” танхимд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Монголын хотуудын холбооны дэд ерөнхийлөгч С.Очирбат нар болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баруун-Урт хотын захирагч М.Идэрбат, Бэрх хотын захирагч Х.Баасанжав, Дархан хотын орлогч дарга Б.Азжаргал, Даланзадгад хотын захирагч Ц.Баттулга нарын хотын удирдлагууд оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, Монгол Улсын Үндсэн хуульд “хот” гэсэн нэгжийг бий болгох, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулах зэрэг олон асуудлыг холбогдох байгууллага, хууль санаачлагчдаас шийдвэрлэхээр санал тавьж, ажил хэрэг болгохоор ажиллаж буйг онцоллоо.
Мөн Тэрбээр ”Улсын Их Хурлын даргын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн захиалгаар “Ардчилсан засаглалын институцийн хөгжил 1992-2012 сургамж ба шинэтгэлийн санал” судалгаа хийгдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан. Тодруулбал Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг хот гэж хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд “хот”-ын ангилал нэмж тусгах шаардлагатай байна гэсэн зөвлөмж гарсан.
Үүнээс гадна хот тосгоны эрх зүйн байдлыг боловсронгуй болгож, хот, тосгонд зэрэглэл тогтоох, удирдлагыг томилох, чөлөөлөх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, оршин суугчдаас хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэрэг олон чухал асуудлыг хуульчлах хэрэгтэй байна” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр хотын захирагч нараас хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичигт хотын зэрэглэл тогтоох, статусыг тодорхой болгох, Төсвийн тухай хуульд “хотын төсөв” гэсэн ойлголтыг бий болгох, аймаг, сумын засаг дарга болон хотын захирагчийн эрхлэх ажил, үүргийг зааглан, ялгааг нь гаргаж хуульчлах зэрэг олон чухал санал гарлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан хотуудын бие даан хөгжих, бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх талаар хотын захирагч нар хамтран ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.