Улсын тэргүүний тариаланчийг 50 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр урамшуулна
2012.10.12

Улсын тэргүүний тариаланчийг 50 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр урамшуулна

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болох дөхжээ. Энэ цаг дор улсын аварга малчин, тэргүүний тариаланчдаа шалгаруулан, өргөмжилдөг уламжлалтай. Энэ нь Монгол улсын Засгийн газрын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бодлогын илрэл болдог юм. Энэ удаад тэргүүний тариаланчдын шанг татаж Говь-Алтай аймгийн Чандмань сумын тариаланч Банзрагчийн Оросоо Улсын тэргүүний тариаланч цол тэмдгээ төрийн ордноо гардаж авлаа. Алтай нутгийнхны онголон тахисан Чандмань Хайрханд ажил амьдрал, хийморь лундаагаа даатгасан хөвгүүд нь гундуу явж үзээгүй тухай энэ үеэр цугларсан олон дурсан хөөрөлдөх нь нутгаа дээдэлсэн Монгол түмний уламжлалаа алдаагүй эрхэм чанар гэлтэй. Улсын тэргүүний тариаланчийн шагналыг гардуулах үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, нутгийн зөвлөл, түүний тэргүүлэгч, сум орон нутгийн удирдлага, Б.Оросоогийн гэр бүлийнхэн байлцлаа. Говийн бүсэд газар тариаланг эрхэлж, түүгээрээ амьдралаа залгуулаад зогсохгүй сум, аймаг цаашлаад Улаанбаатарын зах зээлд өөрийн хөдөлмөрөөр ургуулсан газрын шимийг нийлүүлнэ гэдэг нөр их хөдөлмөр байх нь гарцаагүй.

Тиймдээ ч Говь-Алтайн тэргүүний тариаланчийг энд онцлох нь зүйд нийцнэ. Нэг талаас хувь хүний хөдөлмөр бүтээл гэж тодотгож болох ч нөгөө талаар говь болоод баруун цаашлаад төвийн бүсийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж буй нь нийгмийн чанартай гавьяа гэдгийг шагнал гардуулах үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр онцолж байлаа. Б.Оросоогийнх тариалсан төмс, хүнсний ногоогоо ургац хэлбэрээр нь бус эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг нь Монгол улсын Засгийн газрын бодлогод нийцсэн үйл ажиллагаа юм. Тиймээс ч Улсын тэргүүний тариаланч Б.Оросоод цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, говийн шаргал хөрснөөс алтан буудай, амуу тариагаа улам ихийг хураахад нь нэмэр болгон 50 сая төгрөгийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаа, Жижиг дунд үйлдвэрлэл, тэр дундаа өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгохоор болсноо энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр: Говийн хүн гавшгай гэдгийг Б.Оросоо баталж чадлаа

-Алтай нутгаас Улсын тэргүүний тариаланч тодорлоо. Говийн түмэн хөдөлмөрч гэдгийг баталсан явдал юм болов уу?

-Манай Говь-Алтай аймгийн Чандмань сум газар тариалангийн асар их өв уламжлалтай сум. Түүнийгээ ч бататган энэ жил Б.Оросоо гуай тус сумаас төрсөн хоёр дахь тэргүүний тариаланч болж байна. Газар тариаланд удаа дараа гаргасан амжилтаараа тэргүүлж байгаа нь тус бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болох хэмжээнд дөхөж байгаагийн илрэл. Энэхүү амжилт зүгээр ч нэг ирээгүй. Цаана нь асар их хөдөлмөр бүтээл өрнөж байж энэ хэмжээнд хүрснийг зориуд хэлье. Говийн хүн гавшгай гэдгийг Б.Оросоо баталж чадлаа. Хэрхэн говийн байгальтай тэмцэж, түүнийг аргадан даван туулж арвин их ургац авч байгааг мэдрүүлэхийн тулд хэвлэлийнхэн та бүхнийг Алтай нутагтаа уримаар байна. Чиний хэлсэнчлэн говийн түмэн ямархуу хэмжээнд хөдөлмөрлөдгийг газар дээрээс нь харахын зэрэгцээ, Алтай нутгийн маань байгалийн сайхныг сонирхоход гэмгүй. Ер нь зөвхөн Говь-Алтайд ургадаг экспортод гаргахуйц эмийн ургамал олон бий. Мөн дэлхийн улаан номонд Монголоос бүртгэгдсэн хөхтөн амьтны өлгий нь Говь-Алтай, тэр дундаа Чандмань сум юм. Чандмань хайрханаар аргал, янгир, хонь ямаа лугаа сүрэглэн бэлчдэг нь Алтай нутгийнхны амин шүтээн. Чандмань эрдэнээ манай говийнхон дээдлээд байхад газар тариаланг хөгжүүлэх гавшгай нь Говь-Алтайд олон бий.

-Говь нутгаас тэргүүний тариаланч төрнө гэхээр сонин байна. Тэр бүү хэл говийн хөгжлийн нэг тулгуур нь газар тариалан гэхээр бүх их сонирхол татаж байна?

-Хүмүүс бас тэгж гайхаад байгаа юм. Би үүнийг хувь хүний нөр их хөдөлмөртэй дээр хэлсэнчлэн шууд холбоно. Нөгөө талаар хуучин социализмын үед усжуулалтыг хамгийн ихээр шийдсэн аймаг бол Говь-Алтай байсан юм. Алтай нурууны цасны усыг хавар боох, булаг шандаа хамгаалах, байгаа усны багахан нөөцөө зүй зохистой хуваарилахаас эхлээд нөр их хөдөлмөр, хөдөлмөрч араншингийн уламжлалтай ард түмэн. Дан ганц Чандмань сум төдийгүй Халиун, Тайшир, Гулин, Шарга, Бугат гээд тариаланчдын сумд бий. Юмаа мэддэг, юмаа хийдэг ард түмэн энд бий. Тэгээд ч Монгол улсын Засгийн газрын бодлого ажил хийж байгаа хүмүүсээ дэмжих явдал. Энэ утгаараа Б.Оросоод энэ удаа техник, төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. Түүний үлгэрээр хөдөлмөрийнхөө үр шимийг түмэндээ үнэлүүлсэн хэн бүхэнд манай Засгийн газрын бодлого, бодит дэмжлэг цаашид хүрнэ. Яагаад гэхээр энэхүү хөдөлмөр нь хувь хүний төлөө бус, улс эх орон, бусдын төлөө учраас. Энэ утгаараа уламжлалт мал аж ахуйгаагаас гадна газар тариалан яах аргагүй хөгжлийн тулгуур.

Улсын тэргүүний тариаланч Б.Оросоо: Ижий, аав шигээ газрыг шүтэж явна даа

-Шагналыг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, хүлээж авдаг. Та энэхүү нэр алдрыг хэрхэн хүлээн авч байна?

-Энэхүү эрхэм шагналыг надад гардуулсан явдал нь миний долоон настайгаасаа хойш эрхэлсэн ажлын маань үнэ цэнийг тодотгож өгсөн явдал юм. Манай Алтай нутгийнхан нутаг шигээ арвин их ургацыг, ургац шигээ далай их сэтгэлээр Монголчуудынхаа хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаадаа цаг ямагт бахархаж, тэрхүү үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн улс. Энэ мөчид миний арын фронт болон бат зогсож байдаг хань, үр хүүхдээрээ бахархах сэтгэл төрж байна. Ер нь аливаа ажил хичээл зүтгэлээс гадна дэмжлэг байж сая урагшилдаг жамтай. Тиймээс Алтай нутгийнхныгаа төрд төлөөлөн суугаа УИХ-ын хоёр гишүүнийгээ энэ мөчид дурдахгүй өнгөрч боломгүй байна. Бидний үйл ажиллагааг бодлогоор болоод бодит техник төхөөрөмжөөр дэмжиж ирсний үр шим нэг талаараа яах аргагүй мөн.

-Долоон настайгаасаа эхлэн газар тариалангийн ажил, хөдөлмөр дунд өссөн тухай хэлэв. Тэр түүх таны өнөөдөрт ихээр нөлөөлөө биз?

-Тэгэлгүй яахав. Жинхэнэ алтан үеийн аварга тариаланчдын дунд өсөж, алтан намрын амтанд дурлаж өссөн хүн. Тийм ч болохоор миний энэ зэрэгтэй явахад тэртээ цагийн буурлуудын буян, ажлын туршлага их тус болсон доо. Ер нь тэгээд хүний хамгийн хайртай зүйл нь аав, ээж байдаг. Аав, ээж шигээ газрыг шүтэж явна даа. Тэрнээс биш зах зээлийн хүнд үед эд газар тариалан руу ханцуй шамлан орж байсан тул хүндрэл бэрхшээл чамгүй л их байсан. Одоо өөрийгөө харсан хийсэн ажил маань хүнд танигдаад, би өөрөө алтан үеийнхнийхээ насан дээр ирчихсэн байна. Энэ нь дараа дараагийн тариаланчдын залгамж халааг бэлд гэсэн дохио юм болов уу. Одоо газар тариаланд залуучуудыг өргөнөөр хамруулахыг зорьж байна. Тэдний хүч хөдөлмөр их байх тусам авч байгаа ургац, тариалангийн төрөл зүйл олширдог туршлага бий. Одоо 45 сэтгэл, зүтгэл нэгтэй залуустай хамтран газар тариалангаа эрхэлж байна. Тэр дунд миний үр хүүхдүүд маань газартай амьдралаа холбохоор сонгож, хөдөлмөрлөж яваад баярладаг. Миний хүү чинь сумын тэргүүний тариаланч хүн. Цаашид газар тариаланд онолын мэдлэгтэй, чиглэсэн мэргэжилтэй хүн хэрэгтэй байгаа учраас хүү маань ХААИС-д газар тараалангийн чигэлээр суралцаж байгаа.

-Одоо ургамлын ямар төрөл зүйлийн ногоо голлон тариалж байна?

-Манайх голдуу төмс, хүнсний ногоо, бөхтөр хөх арвай, улаан буудай, хадлан тэжээлийг тариалдаг. Ирэх жилээс эхлэн жимс, жимсгэнэ, чацаргана нэмж тариалахаар төлөвлөөд байна. Манай услалтын систем шинэчлэгдэж байгаа. Бүрэн гүйцэт шинэчлэгдээд дуусмагц ашиглагддаггүй талбайг ашиглаж, олон хүний гарыг хөдөлгөж, орлого, амьжиргааг нь дэмжихийг зорьж байна. Одоогоор 100 гаруй га-д тариалан эрхэлж байна. Нийтдээ 270 га газартай учраас энэ хаврын тариалалтын үеэр энэ талбайг бүрэн ашиглахыг эрмэлзэж байна. Хуучин 400 га газарт тариалалт эрхэлж байсан. Тиймээс тэр хэмжээнд хүргэх нь хэтийн зорилго.

-Цаашид газар тариаланг хөгжүүлэхэд юун дээр нь анхаарвал зохистой байна вэ?

-Манай аймгийн хувьд бол ус, усалгаа хүндрэлтэй байдаг. Говь нутаг хангайтай адил бороо ордоггүй, ган болдог. Хэр их усны нөөцтэй байна төдий чинээ газраас үр шимийг нь хүлээх болдог. Техникийн хувьд бол бид овоо болчихсон. Одоо Засгийн газрын хүрээнд нэмж техник шийдэж өгөх гэж байгаа нь баяртай мэдээ юм. Ер нь газар тариаланг амжилттай хөгжүүлэхэд ус, техник, ажиллах хүч байдаг. Гол хүчин зүйл болсон онгон хөрс шороо нь бидэнд угаас байгаа учраас манай аймгийн хувьд газар тариалан цаашид хөгжих нь гарцаагүй. Энэ жишгийг улсын хэмжээнд нэвтрүүлж чадвал Монголын эдийн засгийн томоохон хөшүүрэг нь газар тариалан байн гэдэгт эргэлздэггүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.