Согтууруулах ундааны тухай хуулийг төслийг татлаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар.
2015.02.03

Согтууруулах ундааны тухай хуулийг төслийг татлаа

АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар өнөөдөр тус бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар болон дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл өглөө.

АН-ын бүлэг хуралдаанаараа эхлээд Таван толгойн төслийн ажлын хэсэгт явуулсан асуулгынхаа хариуг бичгээр авч, нэмэлт хэлэлцүүлэг үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь татаж авахаар болжээ.

Мөн бүлгийн хуралдаанаар АН-ын томилогдсон сайд нартай уулзалт зохион байгуулж, халаа сэлгээ газар авч байгаа асуудлаар мэдээлэл авчээ. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боловсон хүчнээ ажлаас нь халсан, чөлөөлсөн асуудал байхгүй гэдгийг салбар хариуцсан сайд нар нь мэдэгджээ.

Мөн МАН-аас томилогдсон сайд нартай уулзаж энэ талаар мэдээлэл авна гэдгийг АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар хэллээ. Цаашдаа төрийн жинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр хомроглон халах байдал гаргахгүй байх, ийм зүйл болсон тохиолдолд тухайн салбарын сайдад хариуцлага тооцох аж.

Түүнчлэн АН 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан талаараа бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, ут нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулах чиглэлээр ажлын хэсэг гаргахаар болсон байна.