Ц.Даваасүрэн: Урт нэртэй хуулийг энэ долоо хоногт хэлэлцээд байхгүй болгох гэж байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.02.02

Ц.Даваасүрэн: Урт нэртэй хуулийг энэ долоо хоногт хэлэлцээд байхгүй болгох гэж байна

УИХ дахь бие даагчид энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд дээр өөрсдийн баримтлах байр суурийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эдийн засгийн хямрал гүнзгийрээд гадаад төлбөр тооцоо, төсвийн санхүүжилтийн асуудал дээр хүндрэл үүсэх нь тодорхой боллоо. Гэтэл хамтраад эдийн засгийг өөд татна гэсэн намууд албан тушаалын томилгоогоо дуусгахгүй байна. 

УИХ дээр ч дуусаагүй байгаа. Энэ долоо хоногт дэд хороодын томилгоо явагдана. “Бал сар”-ын баяр нь үргэлжилсээр яам, албан байгууллага руу ороод хагас жилийн нүүр үзэх шинжтэй байна. Тиймээс үүнийг зогсоох хэрэгтэй. Сүүлдээ аймаг, сум, баг руу ороод томилгоо хийгдэж байтал дараагийн сонгууль болох бололтой" гэв. 

Мөн тэрбээр "Ерөнхий сайдын ард иргэдээс санал асуулга авч байна гэсэн учир нь ойлгогдохгүй, цаана юу нь агуулагдаад байгаа нь мэдэгдэхгүй асуудал байна. Би асуултыг нь ойлгохгүй, гайхаж байна. Нэг бол чи өлсөх үү, “Оюу Толгой”-гоо хөдөлгөх үү гээд байгаа юм. “Оюу Толгой” хөдөлчихсөн шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд 2.2 их наядын борлуулт хийсэн. 100-аад тэрбум төгрөгийг төсөвт төлсөн. Харин энэ онд 3.9 их наядын борлуулт хийнэ. Төсвийн орлогын таван хувьтай тэнцүү татвар төлөх байх. Тэгэхээр “Оюу Толгой” хөдөлчихсөн байгаа биз. 

Би ойлгохдоо “Рио Тинто”-г нэг компани худалдаж авах тухай асуудал явж байгаа. Дөрөвдүгээр сард хэлэлцээр нь дуусна. Энэ асуудалд саад болоод байгаа зүйл нь “Рио Тинто”-гийн 19 хувийг эзэмшидэг “Чалко” компани татгалзаад байгаа юм билээ.

Тиймээс “Чалко”-д “Оюу Толгой”-г өгч л энэ наймаа дуусах гээд байх шиг байгаа юм. Тиймээс өлсөх үү гэж асууж байгаад л “Оюу Толгой”-г хөдөлгөх гээд байх шиг байна. “Оюу Толгой”-г хөдөлгөх нэрээр 34 хувийг нь өгөөд татвараа аваад сууж байя гэж биднийг хулхидана. Монголын хувь үгүй болохоор хамт зарагдана шүү дээ. Ийм л наймаа яваад байгаа.

Хөдөлчихсөн ажлыг хөдөлгөнө гэж яриад байх юм. Харин “Таван толгой” бол өөр. Гэрээ хэлэлцээрийн шатандаа явж байгаа. УИХ-д оруулж ирнэ. Үүнийг бол хөдөлгөх тухай асуудал байж болно. Гаднын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар “Таван толгой”-н тодорхой хэсгийг ашиглах тухайн асуудал яригдаж байгаа. 

Харин “Оюу Толгой”-н гэрээг ашигтай болгоё гэж асуусан бол болно. Тэгээд ард түмнийхээ бүсийг чангалахгүй гэвэл ойлгоно. Гэтэл өөр зүйл яваад байна. Засгийн газраас хүсэхэд “Оюу Толгой”-гоо ашигтай болгоё, 10 төгрөгнөөс тавин мөнгө авахаа больё

Урт нэртэй хуулийг энэ долоо хоногт хэлэлцээд байхгүй болгох гэж байна. Цаашдаа хэтэрхий иймэрхүү байдал руу орвол бид тэмцлийн өөр арга хэлбэр рүү орохоос өөр аргагүй. 

Олон түмний төлөө гэж ярих хориотой болсон байна. Хэрвээ яривал популист гэж нэрлэж байна” гэв.