Гэрэл зурагчид холбооныхоо ерөнхийлөгчөөр Л.Энх-Амгалан гишүүнийг сонголоо
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.02.02

Гэрэл зурагчид холбооныхоо ерөнхийлөгчөөр Л.Энх-Амгалан гишүүнийг сонголоо

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт II их хурлаа хийлээ.

Тус хурлаар холбооныхоо ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгох, шинэчилсэн дүрмийг хэлэлцэн батлах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэв.

Энэ удаагийн их хурлыг Монголын Улсад гэрэл зураг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд МГЗНХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг сонголоо.

Мөн удирдах зөвлөлд 16, хяналтын зөвлөлд долоон хүн сонгогдов. II их хуралд сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй гэрэл зурагчдаас гадна хувиараа уран бүтээл туурвиж буй гэрэл зурагчид ч оролцсон юм. Түүнчлэн Хөвсгөл, Дархан-Уул, Ховд зэрэг хөдөө орон нутгийн гэрэл зурагчдын төлөөлөл гээд 200-аад гэрэл зурагчин чууллаа.

Энэхүү хурлын үеэр МГЗНХ өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа тайлагнаж, гэрэл зурагчид өөрсдөдөө тулгамдаж буй асуудал, цаашид зохион байгуулбал зохих ажлын талаар санал бодлоо солилцсон юм. Тэд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргадаг танхимтай болох, хөдөө орон нутгийн гэрэл зурагчдаа дэмжих, залуу гэрэл зурагчдаа чадавхижуулах зэрэг саналыг дэвшүүлэв.