Модны хулгайчдыг ангуучлагч
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.01.28

Модны хулгайчдыг ангуучлагч

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайд болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Намдаа ч, УИХ-ын эмэгтэй гишүүдийн дунд ч тэрбээр хэлж ярьж буй үг, үйлдлээрээ яах аргагүй онцгойрч чаддаг. Иймээс түүнд намынх нь гишүүд, жирийн иргэд тун ам сайтай. Давхар дээлтэй сайд болсныг эс тооцвол шүү дээ. Тэгвэл тэрбээр сайдын суудалд суумагцаа- нэг ажилд чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулжээ.

Тэр нь хууль бус мод бэлтгэл гэнэ. Уг нь эл салбарыг өмнө нь хариуцаж байсан сайд, дарга нар энэ асуудалтай тэмцэнэ гэж олон жил ярьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тэгвэл Д.Оюунхорол гишүүн сайд болмогцоо дээрх асуудалд анхаарал хандуулж хамгийн түрүүнд энэ ажлыг барьж авсан гэнэ.

Энэ тухайгаа тэрбээр “Засгийн газар байгуулагдаж сайдууд нэг л зүйлийг ойлголцсон. Тэр нь салбар бүхэнд “нүдэнд харагдаж, гарт баригдаж мэдрэгдэх” тодорхой хэдэн ажил хийе, үнэхээр шийдэгдэлгүй удсан, ужигарсан асуудлыг тодорхой хэмжээгээр шийдье гэсэн ойлголцол байсан.

Энэ үүднээс би БОНХАЖ- ын сайдаар томилогдоод энэ салбарт хамгийн их тулгамдсан ямар асуудал байгааг анхааралтай судалсан, Манай салбарын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь модны хулгай байсан.

Хууль бус мод бэлтгэл нь зөвхөн Монгол орны төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ойн нөөцийг хомсдуулж хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, тэр хэрээр дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг гээд ямар их хор уршигтай болохыг бид ойлгох ёстой” хэмээн өгүүлжээ.

Түүний ийн ярьсан нь олон хүнд таалагдаж байгаа бололтой. “Манай Д.Оюунхорол УИХ- ын-гишүүнээс модны хулгайн ангууч болсон. Тэр чадна аа” хэмээн урам өгч байна.