Б.Гарамгайбаатар: МАН-ын шаардлагаар нэг төсөвтэй болгохоор өрийн хэмжээ өссөн нь тодорхой
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-АН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд мэдээлэл хийсэн гэсэн. Ямар асуудлаар мэдээлэл хийсэн юм бэ?
УИХ-ын даргын хувьд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулсан. Ерөнхий сайд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай ярьсан. Мөн төсвийн тодотголтой холбоотойгоор МАН болон бусад намуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэн батлуулах, өрийн таазтай холбоотой мэдээлэл өгсөн.
-Бүлэг дээр урт нэртэй хуулийн талаар хэлэлцсэн. Ямар шийдвэрт хүрсэн бэ?
Урт нэртэй хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ хуультай холбоотой гарсан алдааг олж тогтоосон. Усны тухай хуулиар 200 метрийн зайтай гэж байхад янз бүрийн тушаал журмууд гараад 10 мянган метр буюу 100 км-ээр Засаг дарга нар үзэмжээрээ тогтоосон. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ зүйлүүдийг ярилцсан.
-Өрийн таазыг МАН нэмэхгүй гэж үзсэн байна. Харин АН-ынхан хэрхсэн бэ?
Өрийн таазыг Засгийн газар 60 хувиар оруулж ирсэн. Намуудын зөвшилцлийн хүрээнд ярьж тохирсоноор гадаадын өндөр хүүтэй богино хугацаатай зээл авахыг зогсоосон. Өнөөдөр бодит байдал дээр Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсныг буцааж суулгаснаар өрийн тааз 60 хувьд хүрээд байгаа.
Үүнийг нэг бланс тайлантай болгохын тулд намууд ойлголцож нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс биш нэмж өр, зээл тавих асуудал биш. Харин Засгийн газар хувийн хэвшил, аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх нь нээлттэй байгаа.
-Өрийн тааз 58.3 хувь болсныг танай намын гишүүд хэрхэн ойлгож, тайлбарлаж байгаа?
Хөгжлийн банкыг 2012 онд байгуулахдаа тэндээс санхүүжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгахгүйгээр явж байсан. Мөн Чингис, Самурай бонд улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжигдаж явж байсан учраас төсвөөс гадуур байгаа нэмэлт хоёр төсвөөр явж байсан асуудлыг МАН-ын шаардлага, шахаагаар төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлээд нэг төсөвтэй болгосон чинь өрийн хэмжээ 58.3 болсон нь тодорхой шүү дээ. Түүнээс шинэ Засгийн газартай болоод өр өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа юм биш.
-Төсвийн алдагдлыг тав хувьд хүргэхийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?
Бүх бурууг АН-д үүрүүлэх гээд байх шаардлагагүй. Ардчилсан нам өнөөдөр МАН-ын тавьж байгаа шаардлага, төсвийн тогтвортой байдлын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хоёр хувьтай төсвийн тэнцвэржсэн алдагдал, дээр нь төсвийн нийт өрийн хэмжээг 40 хувьд барья гэсэн шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа.
Харамсалтай нь МАН өнөөдрийг хүртэл нэг төсөвтэй байх ёстой, тийм учраас төсвөөс гадуур санхүүжигдэж байгаа төсвийн эх үүсвэрүүдийг бүгдийг нь төсөвт суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүнийг оруулах гэхээр өнөөдрийн яриад байгаа 5, 58.3 гэсэн хувилбар гарч байгаа. Шинэ Засгийн газар тооцоо, судалгаагаа хийгээд 2015 онд санхүүжүүлэх төсвийн эх үүсвэрээ суулгаад 58.3 хувь дээр барьж байгаа.