“Сум 330” хөтөлбөрт хамрагдсан сонсогчид батламжаа гардаж авлаа
Ардчилсан нам энэ оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан намынхаа гишүүдийг чадавхижуулж, намаа шинэ залуу боловсон хүчнээр зузаатгах зорилго тавин “Сум 330” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Эл хөтөлбөрийн хүрээнд сум бүрээс нэг хүнийг Төрийн удирдлагын академид суралцуулж, төлбөрийн 80 хувийг намаас хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Тэгвэл “Сум 330” хөтөлбөрт хамрагдан Төрийн удирдлагын академид суралцагчдын дөрөв дэхь удаагийн элсэлтэд хамрагдсан 116 сонсогч өнөөдөр батламжаа гардан авлаа. Батламжийг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Э.Батсуурь, Д.Анхбаяр, Т.Мягмарсүрэн, Төрийн удирдлагын академийн захирал н.Баатартогтох нар гардуулан өглөө.
Батламж гардуулах үеэр АН-ын дарга З.Энхболд, “Ардчилсан нам сум орон нутаг, намын анхан шатандаа чадварлаг боловсон хүчинтэй байхын тулд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс та бүхэн сургуулиа амжилттай дүүргэж, сум орон нутагтаа ажиллаж, амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм
.