С.Одонтуяа: Байнгын хороодыг хэрхэн хуваарилах талаар намууд зөвшилцөж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас дараахь тодруулгыг авлаа.
-Танай намын бүлэг өнгөрсөн даваа гаригт ээлжит хуралдаанаа хийсэн ч дараа нь мэдээлэл хийгээгүй. Тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн юм бэ?
-Бүлгийн хуралдаанаар нэгдүгээрт, Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон Д.Эрдэнэбат гишүүн бүлгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан. Бүлгийн дарга сонгогдтол би үүрэг гүйцэтгээд явна. УИХ-ын тухай хуулиар бол бүлгийн даргыг сонгохдоо бүлгийн гишүүд саналаа солилцоод олонхийн шийдвэрээрээ сонгодог.
Үүнээс гадна манай намын бүлгийн дотоод дүрэмд бас үүнийг зохицуулсан заалт бий. Тодруулбал, бүлгээс тодруулсан нэр дэвшигчийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцдэг. Энэ процесс ойрын үед явагдана. Мөн манай бүлэг дээрх асуудлыг хэлэлцсэнээс гадна энэ долоо хоногт УИХ- аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн.
Түүнчлэн Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Ер нь нэг шинэ жишиг тогтоож байгаа. Өмнө нь аливаа асуудлыг эхлээд Засгийн газар шийдчихээд бүлэгт танилцуулдаг байсан. Үүнийг өөрчилж эхлээд бүлгээр хэлэлцүүлдэг болж байгаа. Хямралын үед ингэж нягт хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
-Бүлгийн даргыг сонгохдоо эхлээд бүлэг дараа нь Гүйцэтгэх зөвлөл гэсэн дарааллаар явах юм байна. Бүлгээс Гүйцэтгэх зөвлөлд хэн нэг гишүүнийг нэрийг санал болгосон уу?
-Одоогийн байдлаар албан ёсоор нэр дэвшүүлээгүй байна. УИХ дахь олонхийн бүлэг учраас нэлээд хариуцлагатай хүнийг сонгох ёстой. Тухайн сонгогдсон хүн хямралын үед Засгийн газартай нягт хамтран ажиллах нь хамгийн том шаардлага гэж хэлж болно.
-Р.Бурмаа гишүүн Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан уу?
-Р.Бурмаа гишүүн өргөдлөө өгсөн. Гэхдээ түүний оронд шууд хэн нэгнийг томилох боломжгүй. Яагаад гэвэл, Засагт хамтарсан намууд УИХ-ын Байнгын хороодыг хуваарилан авч удирдах ёстой. Үүний дагуу аль Байнгын хороог аль нам авах вэ гэдэг зөвшилцөл явагдаж байгаа. Зөвшилцөл явагдаж дууссаны дараа Байнгын хорооны дарга нарыг өөрчилж таарна.
-Дэд сайд нарын томилгоо хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
-Хэлэлцээгүй.