Г.Баярсайхан: Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.12.04

Г.Баярсайхан: Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой

Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаас цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.

-Их эвлэрлийн Засгийн газар байгуулах АН, МАН-ын ажлын хэсгийн зөвшилцөл гацаанд ороод байна. Шинэ Засгийн газрын танхимын бүтцийг хоёр тал өөр өөрийнхөө зүтгүүлснээр засаглалын хямрал гацаанд орсон дуулдана. Энэ байдлаас хурдхан гарах гарц нь таныхаар юу байж болох вэ?

МАН-аас зөвшилцөх ажлын хэсэгт орсон Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нарын гишүүд үзэл бодлоо цахим ертөнцөөр илэрхийлсэн байна лээ. Сая бас Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийсэн гэж сонслоо. Манай намын ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишүүний тайлбарлаж байгаагаар бол Засгийн газрын бүтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайд нараа томилно гэсэн ерөнхий ойлголцол байсан юм билээ.

Энэ зарчмаар буюу УИХ дахь суудлаараа гэж тооцвол АН 7.6, МАН 5.7, Шударга ёс эвсэл 2.4 хувийг эзэлж байгаа. Тэгэхээр манай намд найм, МАН-д зургаа, “Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал ногдож байгаа юм.Гэхдээ зөвшилцөх уулзалтын үеэр яамдын тоог нам, эвсэлд хэрхэн хуваарилах талаар яригдаагүй гэж сонссон. Нөгөөтэйгүүр ИЗНН УИХ-д хоёр суудалтай.

Түүнийг нь хувиар тооцвол 0.47 хувь болох юм билээ. Нэг ийм байдал үүсчихээд л МАН-ын гишүүд янз бүрийн юм яриад л яваад байна. Хамгийн гол нь яаж ийгээд бушуухан ойлголцож, цаг алдалгүй Засгийн газраа байгуулмаар байна.

-Өнөөдөр үүсээд байгаа гацаа нь АН-ын оруулж ирсэн 16 яам, 19 сайдтай байх саналыг МАН-ынхан эсэргүүцэж хурал хаяж гарснаас л үүссэн юм билээ. МАН-ын хувьд 13 яам, 16 сайдтай байх өмнө нь батлагдсан бүтцийг дэмжиж байгаа юм билээ. Таны хувьд ямар бодолтой явна?

Миний хувьд энэ асуудалд МАН-ын байр суурийг дэмжиж байгаа. Аль болох цомхон бүтцээр ажиллахгүй бол улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндхэн байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар яригдаж байгаа 16 яамны хувьд бас л жаахан данхайсан л бүтэц.

Гэхдээ хоёр талаасаа тохиролцож чадвал болохгүй гэх газаргүй. Ерөнхийдөө бүх намын төлөөлөлтэй их эв нэгдлийн Засгийн газар яригдаж байгаа боловч улстөрийн намууд өнөөдрийн бялуунаас яавал ахиухан хүртэх, яавал намынхаа олон хүнийг ажилтай болгох вэ гэхээсээ илүү хийх ажил, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс хурдан хугацаанд хэрхэн гарах талаарх мөрийн хөтөлбөр зэргээрээ уралдах хэрэгтэй байна.

Мэдээж эх орондоо хайргүй хүн байхгүй. Гэхдээ түүнийгээ бодитой ажил, ухамсартай үйлдлээрээ нотлон харуулах цаг болчихоод байна.

-Сүүлийн үед хүндээ тааруулж, яамдаа хуваарилах тухай яриа хүчтэйхэн явж эхэллээ. Заавал тэгэх ёстой юм уу, аль эсвэл тухайн яамны ажлыг сайн мэддэг, жинхэнэ мэргэшсэн хүнийг нам харгалзахгүй томилох хэрэгтэй юу?

Монгол төрийг хэн нэгэн хүнд тохируулан төвхнүүлэх тухай яриа яагаад ч байж болохгүй. Хамгийн эхлээд цомхон бүтэцтэй Засгийн газрын танхимаа УИХ-д суудалтай улстөрийн намууд тохиролцоод цааш явах хэрэгтэй байна. Мэдээж УИХ-д манай АН олонхи байгаа шүү дээ. Ийм тохиолдолд эдийн засаг, санхүүгийн багагүй хүндрэлтэй байгаа цаг үед ачааны хүндийг яалт ч үгүй АН үүрээд явах ёстой.

Энэ ч утгаараа Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой гэж бодож байна. Харин дараа нь тухайн салбарт ажиллах боловсон хүчнийг сонгох, томилох асуудалд миний хувьд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Яагаад гэвэл намын харьяалал харгалзахгүй ажил хийж чадах, жинхэнэ мэргэшсэн албан хаагчид л бодлого боловсруулах яамдад ажиллах ёстой юм.

Миний хувьд энэ асуудалд МАН-ын байр суурийг дэмжиж байгаа.

Өнөөдөр бүх намд байдаг танил тал, ах дүү хамаатан саднаа мэргэжил боловсрол, ажлын дадлага туршлага, төрийн албан хаагч хүнд байх ёстой ёс зүй, ухамсрыг нь таньж мэдэж, шилж сонгохгүйгээр албанд томилж улсын ажил завхруулдаг гажигтай тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг болсон.

-Таны харьяалагддаг “Шонхор” фракцын хувьд ямар хүмүүс сайдад яригдаж байгаа вэ. С.Эрдэнэ гишүүнийг ХАХНХ-ын сайдаас өөрчилж, Хөдөлмөрийн сайдаар тавих сураг сонсогдоод байна. Мөн дэд сайд Р.Жигжидийн нэр яригдаж байгаа. Танайд хоёр сайд ногдох болов уу?

Манай “Шонхор” фракцын хувьд “За чи тийшээ явна шүү. Энэ удаа би хойшоо суулаа” гэх мэт яриа огтхон ч өрнөөгүй. Хамгийн гол нь С.Эрдэнэ сайдын хувьд сүүлийн жилүүдэд Монголын нийгэм, ард түмэн рүү хандсан маш чухал хуулиуд санаачлан амжилттай хэрэгжүүлж байгааг ард түмэн тэртэй тэргүй харж л байгаа.

Хамтын тэтгэврийн хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зэрэг хуулиуд нь жинхэнэ амьдралд нийцтэй, сайн хуулиуд болсон шүү дээ. Эдгээр хуулийн хэрэгжилтийг ард түмэн сайтар ажиглан харж байгаа.

Тэгэхээр санаачилсан хүн нь цааш ажил хэрэг болгоод явах нь зүйтэй гэж бодож байна. Ийм учраас “Шонхор” фракцын хувьд санал нэгтэйгээр С.Эрдэнэ сайдыг ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах ёстой л гэж үзэж байгаа.

-Та сайдад нэр дэвших үү?

Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ үүргийг гүйцэтгээд, байнгын хорооны даргын ажлаа гайгүй шиг хийгээд явъя л гэсэн бодолтой байгаа.

-МАН-ын хувьд “Шударга ёс” эвсэлд хоёр сайд, ИЗНН-д нэг ч сайд ногдохгүй гэдэг байр суурин дээр хатуухан суух бололтой. Мэдээж нөгөө хоёр нь зүгээр буугаад өгөхгүй нь тодорхой. Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ?

Засагт байгаа нам болгон олон гишүүнээ ажилтай, орлоготой болгохын төлөө л явж байгаа гэдгийг би түрүүн хэлсэн. Миний хувьд аль болох цомхон Засгийн газар бүрдэх ёстой гэдэг дээр бат зогсож байгаа. Заавал 19 яамтай байх хууль байхгүй шүү дээ.

Есөн яамтай байсан ч яадаг юм. Илүү үр ашигтай, илүү зардал хэмнэж ажиллах гэж байгаа л бол зарим нэг хохирол, сэтгэлд нийцэхгүй зүйл, тэр ч байтугай нэлээн бухимдалтай эсэргүүцэлтэй тулгарч л таарна. Тэр бүхнийг даваад урагшаа хараад л явах ёстой. Энэ асуудалд би ийм л хариулт өгнө.

Мэдээж олон эрх ашиг, олон хүний сонирхол явж байгаа болохоор янз бүрийн л юм болж байгаа байх.
-Та сая 19 яамны тухай цухас дурдлаа. Гэтэл АН-ын зөвшилцөх бүлэг 16 яамны тухай ярьсан нь МАН-ынхны гэдэнг хөдөлгөж, хурлаа хаяж гарсан тухай яригдаж байгаа шүү дээ. Бидний мэдэхгүй хойгуур АН-ынхан сэмээрхэн 19 яамны талаар ярилцаж байгаа байх нь ээ?

За тийм зүйл яах аргагүй яригдаж байгаа. Гэхдээ миний л хувьд энэ асуудлаар санал нийлэхгүй гэдгээ хэлсэн байх аа. Н.Алтанхуяг сайд огцрохдоо 13 болгоод явсан яамдын тоог дахин зургаагаар нэмэх хөрөнгө санхүүгийн бололцоо ч байхгүй. Яах гэж, хэний санаанд нийцүүлэх гэж ийм олон яам яриад байгаа нь тодорхой болохоор асуудлыг тухайн цагт нь, тухайн хүмүүст нь зориулж нухацтайхан ярина.

-Сайдуудад нэрс нь яригдаж байгаа хүмүүс маш амархан өөрчлөгдөөд байгаа. Яагаад ингэж амархан өөрчлөгдөөд байгаа юм бол. Намууд, фракц хоорондын тохироо нэлээн ширүүн явагдаж байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

Мэдээж олон эрх ашиг, олон хүний сонирхол явж байгаа болохоор янз бүрийн л юм болж байгаа байх. Харин нэр дэвшигчдийн нэрс солигдоод байгаа талаар би сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь эхлээд Засгийн газрынхаа бүтцийг их зөв тодорхойлох шаардлагатай нь л энэ бүхнээс харагдаж байгаа юм.

-Сүүлийн үед Засгийн газрын бүтцийг яг таг хуульчлах ёстой гэж их ярих боллоо. Тэгвэл хэн дуртай нь гарч ирээд Засгийн газрын бүтцээр оролддог байдал алга болно гэж яригдаж байгаа. Үнэхээр хуульчлан баталчихвал амар юм биш үү?

Яам олон байснаар ажил сайн явдаг юм биш. Пропорциор нь харьцуулаад үзвэл хэдэн зуун сая хүн амтай том гүрнүүд цомхон засагтай л ажилладаг юм билээ.

Харин Засгийн газрын бүтцийг заавал хуульчлан батлах нь манайх шиг уул уурхайгаас хэтэрхий хараат, эдийн засаг нь өсч байгаа ч тогтвор муутай оронд төдийлэн сайн зохимжтой биш болов уу. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийг л тал талаасаа дэмжиж, тэтгээд байгуулах ёстой юм.

-Маргааш гэхэд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд амжихгүй бол яах вэ?

Одоо яг сайн хэлж чадахгүй нь. Миний ойлгож байгаагаар хуулийн хугацаанд амжихгүй байж магадгүй л юм. Хэрвээ амжихгүй бол дахиад л бүр эхнээсээ явна шүү дээ.