С.Одонтуяа: Хүүхдийн шимтгэлд 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар мэдээлэл хийсэн байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай болон Төсвийн тодотголын асуудлаар ярилцсан хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар танилцуулсан. Товч танилцуулгын дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Урт нэртэй хуулийн талаар тодруулахгүй юу?
Урт нэртэй хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ хуультай холбоотой гарсан алдааг олж тогтоосон. Усны тухай хуулиар 200 метрийн зайтай гэж байхад янз бүрийн тушаал журмууд гараад 10 мянган метр буюу 100 км-ээр орон нутгийн Засаг дарга нар үзэмжээрээ тогтоосон.
Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ зүйлүүдийг ярилцсан.
-Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс даах асуудал юу болж байгаа вэ?
Шинэ эрүүл мэндийн даатгалын хуулиар 16 хүртэлх хүүхдийн төлөх шимтгэлийг 100 хувь төр хариуцахаар эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг энэ баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ.
Хүүхдийн шимтгэлийг одоогийн хуулиар тооцохоор 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Үүнийг байнгын хороо, ажлын хэсэг 100 хувь төр даах нь зүйтэй юм, тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувийг нэг хувь болгоод төсвийн ачаалал 20 орчим тэрбумаар нэмэгдэж байгаа.
2014 оны хүүхдэд төлсөн тусламж үйлчилгээний зардал 20 орчим тэрбум төгрөг болж байгаа.