Б.Гарамгайбаатар: З.Энхболд дарга бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдсэн
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, таван асуудал хэлэлцсэн байна. Түүнчлэн 2015 оны төсвийн тодотгол, Өрийн удирдлагын тухай хууль болон “Тавантолгой”-н асуудлыг ярилцжээ.
Тавантолгойн нүүрсний ордын стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон БНХАУ-ын “Шинхуа энержи”, Японы Сумитомо, Монголын “Энержи ресурс” компаны түншлэлтэй гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсож сонирхсон асуултдаа хариулт сонссон нь энэ удаагийн АН-ын бүлгийн хурлын онцлог болсныг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлсэн юм. Ингээд түүний дараах тайлбарыг хүргэж байна.
-Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой татваруудыг нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Энэ асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрсэн гэж ойлгож болох уу?
Энэ асуудлыг нарийвчлан авч үзэх ажлын хэсэг байгуулагдснаар гишүүдийн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэж, нэгдмэл ойлголттой болгох үүрэг хүлээсэн.
Хөдөө, орон нутаг болон тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд татвартай холбоотой асуудлуудад нэлээд болгоомжтой хандах ёстой гэдгийг анхааруулж байна. Иймд эхлээд бүлэг дээрээ сайтар ярилцаад, ажлын хэсэг гишүүдийн байр суурь, саналыг сайтар нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрсний дараа хуулийн төсөлд тусгая гэдэг дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн.
-Өмнөх Ерөнхий сайдын авлигажсан төсөв гээд санхүүжилтийг нь царцаасан зарим төсөл энэ оны төсвийн тодотголд багтсан байна. Эдийн засаг, санхүү хүндэрсэн үед эдгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хойшлуулж болохгүй юу. Тухайлбал, замын засвар арчилгаанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ?
Яг энэ асуудлыг АН-ын бүлгийн гишүүд ч хөндөн тавьж байгаа. Бид маш олон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Зам бол яг л нялх хүүхэдтэй адил. Барьж дууссаны маргаашнаас арчилгаа шаардагддаг. Энэ зардал Авто замын тухай хуульд зааснаар Замын сангийн хөрөнгө оруулалтад хамаардаг.
Өнөөдөртөө замын засвар арчилгааг зогсоож болох ч алсдаа илүү их зардал шаардагдана. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэн барилгуудын санхүүжилтийг энэ оны төсөвт тусгаж өгөхгүй бол өмнөх өрийн сүлжээ улам л газар авч, аж ахуйн нэгжүүд хямралд орно.
-Өрийн удирдлагын тухай хуульд хувийн компанийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргаад, баталгаа гаргуулсан компани эрсдлээ даахгүй дампуурвал өрийг нь төсвөөс төлөх заалт байсан. Засгийн газраар баталгаа гаргуулах компанийг ямар шалгуураар сонгох вэ. Импорт хийдэг компани байх уу экспорт хийдэг компани байх юм уу?
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулаад гишүүд Сангийн яамнаас мэдээлэл авсан. Эхний ээлжинд өр гэж юуг хэлэх вэ, ямар өрийг энэ хуульд хамааруулах вэ гэдгийг тодорхой болгосны дараа нарийвчилж ярилцах шийдэлд хүрсэн. Иймд энэ асуудлыг хараахан ярилцаагүй байгаа.
-Өрийн таазын тухай дээрх хуульд тусгасан уу. Ер нь хамтарч Засгийн газраа байгуулсны хувьд МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэгтэй бүх асуудлаа сайтар ярилцаж, хамтран ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийн тухайд юу хэлэх вэ?
Өрийн таазтай холбоотой асуудлаар парламентад суудалтай бүх намуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний заалтуудаа мөрдөж байгаа. Эдгээр гэрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар бүх нам гарын үсэг зурсан тул тийм асуудал байхгүй.
Харин Засгийн газрын баталгааны асуудлаар бид ярилцаж байна. Өөрөөр гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Өрийн удирдлагын хууль гэж манайд урьд нь байгаагүй. Ийм хуультай болсноороо бид өрийг удирдан залах, чиглүүлэх тодорхой алхмуудыг тусгаж өгсөн юм.
-Товчхондоо Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэхээс өөр сонголт харагдахгүй байгаа. Энэ талаар бүлгийн хурал дээр хэлэлцсэн үү?
Байдал амаргүй байгаа нь үнэн.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжих ёстой байсан ч 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед энэ хуулийг батлахдаа 2012, 2013 онд өрийн хэмжээ төдөн хувь байна гэдгийг тодорхой тусгаж өгсөн ч энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа. Өрийн хэмжээ өсч, 40-50 хувьд хүрсэн нь ч үнэн.
Энэ тодотголоор аль, аль тал нь өнөөгийн байдлыг хүлээн зөвшөөрье, үүнээс цааш бондын болоод бусад богино хугацаатай зээлүүдийг авахгүй байя гэдэг дээр тохиролцсон.
-Өнөөдөр банк, санхүүгийн байгууллагуудын байдал ч тийм сайнгүй байгаа. Гэтэл тэдний дүрмийн санг нэмэгдүүлчихлээ. Энэ шаардлагыг хангах банк ер нь аль хэр байгаа юм бэ дээ?
Байдал амаргүй байгаа нь үнэн. Энэ талаар Р.Амаржаргал гишүүний гаргасан саналыг нэлээд олон гишүүн дэмжсэн. Эдийн засгийг сайжруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам олох талаар Сангийн яам болон холбогдох байгууллагууд тааруухан ажиллаж байна гэж үзсэнтэй холбоотой.
Өнөөдөр арилжааны банкнаас том дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллагууд байна, дээр нь арилжааны банкууд дотроо ББСБ байгуулаад давхар ашиг хийж байна. Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Иймд үүнийг судалж үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Дүрмийн санг нэмэгдүүлснээр сул чөлөөтэй байгаа их хэмжээний мөнгө эдийн засгийн эргэлтэд орж ирнэ гэж үзэж байгаа.
Өнөөдөр арилжааны банкнаас том дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллагууд байна
Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааг монголын Хөрөнгийн биржээр зуучлуулан худалдаалах асуудал хүртэл хөндөгдсөн. Энэ бүхнийг судалж үзсэнээр тэтгэвэр тэтгэмжийг танах, хасах асуудал ач холбогдолтой эсэхийг нягталж, шийдвэрлэх бололцоо бүрдэнэ гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа.
-АН-ын шинэ нарийн бичгийн дарга нарыг парламентын гишүүдээс сонгосон байна. Энэ нь танай намын дүрэмд харшлахгүй юу?
АН-ын дарга бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн томилох нь бүрэн эрхийнх нь асуудал. Энэ эрхийнхээ хүрээнд намын дарга З.Энхболд УИХ-ын гишүүдээс намын нарийн бичгийн дарга нарыг сонгох асуудлыг оруулж ирсэн. Бүлгийн гишүүд дэмжсэн. Товчхондоо ийм.
-АН-ын бүлгийн хурал дээр юуг өр гэх юм, харин зээл гэж юу вэ гэдгийг ярилцсан уу. Сүүлийн үед Өрийн удирдлагын тухай хууль, өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж их ярьж байгаагаас болоод ард олон ихээхэн буруу ойлголттой болчихоод байгаа. Уг нь төлж барагдуулах хугацаа нь хэтэрсэн зээлийг л өр гэдэг. Нөгөөтэйгүүр “Рrius” машины татварыг 108 мянга болгохоор яригдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа. Гэтэл энэ машин онцгой албан татвараас чөлөөлөгдсөн байдаг. Энэ талын ойлголтын зөрүүг арилгах талаар АН-ын бүлэг дээр ярилцсан уу?
Өөрийн тань асуулттай санал нэг байна. АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар яг өөртэй чинь санал нэг байгаа.
Миний хувьд АН-ын бүлгийн даргын ажлыг аваад анхны хуралдаанаа даргалан хийлгэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс ард иргэдэд үнэн бодитой, цаг үеийн мэдээллийг шуурхай түгээн дамжуулах асуудал дээр ихээхэн доголдолтой байгаа гэдгийг бүлгийн гишүүд шүүмжлэн ярилцсан.
Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг ард иргэдэд үнэн бодитойгоор тайлбарлан сурталчлах ажилд багагүй дутагдал байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Хойшид энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллах болно.
УИХ дахь АН-ын бүлэг хоёр дэд даргатай болсон шалтгаан нь тодорхой чиглэлүүдийг барьж ажиллахаар болсонтой холбоотой. Машины татварын тухайд ярилцаж эхэлж л байгаа асуудал гэдгийг манай иргэд ойлгох байх.