Шинэ ажлын хэсэг байгуулагджээ
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.01.14

Шинэ ажлын хэсэг байгуулагджээ

АН-ын бүлгээс мэдээлэл хийж, хуралдаанаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонссон талаараа хэллээ. Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

Ингээд энэ бүхнээс үүдээд А.Бакей гишүүнээр ахлуулсан  2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинээр байгуулсан байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Малын хөлийн татвар, Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслүүдийн талаар гишүүд санал гаргаж байгаа аж. Түүнчлэн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэх замаар далд байгаа мөнгийг ил гаргах асуудлууд дээр гишүүд байр сууриа илэрхийлжээ.

Мөн Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсантай холбогдуулж бүлгийн гишүүдэд Сангийн яамнаас мэдээлэл өгсөн байна. Монгол улсын төрийн болоод хувийн хэвшлийнхэн, мөн концессийн гээд бүх өр зээлийн хэмжээ, тэдгээрийг хэд, хэдэн онд ямар байдлаар эргэн төлөх талаар мэдээллийг нэгдсэн байдлаар авч байж, уг асуудлыг хэлэлцье гэсэн саналыг гишүүд гаргасны дагуу Сангийн яаманд үүрэг өгчээ.

Сангийн яам эдгээр мэдээллийг дөрөв хоногийн хугацаанд багтааж гаргасны дараа өртэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

Бүлгийн хуралдааны үеэр Тавантолгой төслийн талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсжээ.