Ө.Энхтүвшин: Улстөрчид хуулийн өршөөлд хамрагдаж болохгүй
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед бусдыг хорьж мөрдөх чиглэлээр хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал хөндөгдлөө.
Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн үг нэлээд анхаарал татсан юм. Тэрээр "Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишүүний хэлсэнчлэн захиалгаар, улс төрийн зорилгоор, мөнгөтэй, орд газартайг нь урьдчилж судалж байгаад барьдаг, хорьдог үзэгдэл сүүлийн хоёр жил хавтгайрлаа.
Уржнан жилийн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг өргөн барьж хэлэлцүүлэх үед Н.Батцэрэг гишүүн "Айдас хүйдэст монголын ард түмэн автлаа, хэлмэгдүүлэх нь ихэслээ гэж хэлж байсан. Энэ үгийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хүрээд байна.
Одоо барьж хорих нь үнэхээр ихэслээ. Ингэж хорьж цагдахынхаа өмнө хэвлэл мэдээллээр тухайн хүнийг "Дээрэмчин хүн шиг байна, авлига авсан юм шиг байна, нэг ноцтой юманд холбогдсон юм байна" гэсэн мэдээлэл цацдаг. Тэгээд нийгэмд "Тэр ч дээ, явахаас аргагүй хүн дээ" гэсэн сэтгэл зүй хэдийнэ бүрдүүлж байгаад нөгөө хүнийг хорьдог. Хорьчихоод янз бүрийн байдлаар шахалт үзүүлдэг.
Хоёр жилийн дотор үүнээс болж олон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа зогсоолоо. 3000 хүнд эрүүгийн үүсгэсэн гэж сонсогдов уу даа. Тэгээд юу болсон бэ, юу ч болоогүй. Орд газраа өгөхийг, баялгаасаа хуваалцахыг хууль бусаар шаардаж байна. Өгөхгүй болохоор хорих хугацааг нь сунгаад л, байлгаад л байна. Нэг жил, хоёр жил суулгаж байна.
Ийм байдалтай явж ирлээ. Энэ хугацаанд тухайн хүний компани нь, бизнес нь "будаа" болж, нэр төргүй болно, ар гэрийнхний сэтгэл санаа туйлын хүнд болдог. Ийм л байдлаар монголын төр өнгөрсөн хоёр жил ажиллаж ирлээ. Энэ талаар олигтой юу ч хийсэнгүй. Яриад л байдаг. Харин эргүүлээд "Чи надад хэн гэдэг хүн хэдний өдөр мөнгө авах гэж шаардлага тавьсныг хэл, эсвэл бичгээр тавь" гэж шаарддаг.
Хэрвээ шаардсанаар нь нэр усыг нь хэлчихвэл тэр хүмүүсийг, ар гэрийнхнийг нь махны машин руу шууд шидээд өгнө гэсэн үг биз дээ. Ийм юмыг хэлж болдоггүй, хэлэхгүй байж бүр болохгүй. Хэлэхгүй болохоор нийгэмд бүрхсэн, гаарсан үзэгдэл болох нь. Үүнийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Ямар арга хэмжээ авах талаар даанч ярихгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Улстөрчдийг хасаад энэ хуулийг батлах ёстой. Улстөрчид хуулийн өршөөлд хамрагдаж болохгүй. "Чингис" бондоос идсэн улстөрчид гарч ирэх л байх. Бизнес эрхлэгчдийг энэ хуульд хамруулах хэрэгтэй. Тэр хүмүүсийн хорих хугацааг сунгадаг, мөнгө нэхдэг, дарамталдаг эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагчдад нээгээд өгчихсөн юм уу.
Хэрвээ нээчихсэн байдаг юм бол ийм байдлыг хаая л даа. Ийм арга хэмжээг яаралтай авахгүй бол Хүний эрхийн дэд хороо байгуулагдаж л байдаг. Нэг мэдэхэд л бүрэн эрхийн хугацаа нь дуусч л байдаг. Гэтэл хүний эрхийг хангах чиглэлээр юу ч хийгээгүй л өнгөрдөг шүү дээ" гэв.