Я.Содбаатар: Өнгөрсөн  хугацаанд баялаг бүтээгчдийнхээ мөнгөөр тоглосондоо уучлалт гуйх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.12.24

Я.Содбаатар: Өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчдийнхээ мөнгөөр тоглосондоо уучлалт гуйх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд “Халамжийн бодлогыг танана” гэсэн нь нэлээд шүүмжлэлд өртөөд байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал хүнд байгаа. Энэ байдал ирэх хоёр жилд улам хүндэрч магадгүй. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын цаана боломж байдаг. Онолын талаасаа ч эдийн засгийн уналт тодорхой мөчлөгтэй гарч ирдэг. Энэ утгаараа өмнө нь алдсан, оносноо засч залруулах боломжийг нээж байдаг гэсэн үг.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар дороо хий эргээд явахгүй байгаа бэрхшээлээ улстөржихгүйгээр нэг тийш нь шийдвэрлэхээр байгуулагдсан. Мэдээж, хүнд шийдвэр гаргахад намуудын зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй. Ер нь улстөрчид асуудлыг тойрохгүйгээр шийдэл гаргаад явах үүрэгтэй шүү дээ. Тиймээс өмнө бидний өмнө тулгарч байгаа бэрхшээлийг шийдээд явах нь зүйтэй.

Би Ерөнхий сайдын мэдээллийг сонсоод хоёр зүйлд шүүмжлэлтэй хандсан. Нэгдүгээрт, Ерөнхий сайд УИХ-д асуудлаа танилцуулахдаа том зургаар нь дэлгэж тавих шаардлагатай байсан. Гэтэл халамжийг танах бодлогоо түрүүлээд танилцууллаа. Уг ямар төсөл, хөтөлбөрийг хөдөлгөж, эдийн засгаа хэрхэн тэлж, хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх, төсвийн үрэлгэн зардал, тансаглалыг багасгах чиглэлээр ийм ажил хийнэ гэсэн нэгдсэн гаргаж тавих хэрэгтэй байсан юм.

Хоёрдугаарт, аль намынх ч байсан хамаагүй улстөрчид хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Би хувьдаа Ерөнхий сайдын “Болохгүй зүйлийг болохгүй нь” гэдгийг хүлээн зөвшөөрөх зарчмыг дэмжиж байгаа. Өнөөдөр бодит байдлыг авч үзэхэд өрийн хэмжээ 49 хувьд хүрчихсэн. Оны эцсийн гүйцэтгэлээр энэ үзүүлэлт 53 хувьд хүрнэ. Тэгэхээр  улстөрчид “Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж чадахгүй нь.

Надаас хамаарахгүйгээр ажил авахад ийм хэмжээнд хүрчихсэн байна. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг бид сонгуульд амалж байсныхаа дагуу нэмж чадаагүй. Гадаадын хөрөнгө оруулалт 60-70 хувь унасан, өнгөрсөн хугацаанд баялаг, бүтээгчдийнхээ мөнгөөр тоглочихлоо” гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг айлын орлого, зарлага ямар байгаа юм бэ. Цаашид юун анхаарах хэрэгтэй вэ гэдгээ бодитоор ярьмаар байна.

-Эдийн засгийн гол үзүүлэлтээ нэгтгэхийг хөрсөн дээр буух гэж тайлбарлаад байна уу?

-Тийм. Бид тоон мэдээллийг үнэн бодитоор нь авах ёстой. Гадаад өрийн хэмжээ яг хэд болсон бэ гэдгийг мэдэж байж, өвчнийхөө оношийг зөв тавина шүү дээ. Монголын эдийн засгийг хүнтэй адилтгавал хэвтэрт орох нь холгүй болчихсон байгаа. Нэгнийхээ нүдийг харж байгаад халууны эм өгөөд түр зууртаа хуураад байвал тэр өвчтөн эдгэхгүй биз дээ.  Одоо бид шийдлээ ярих цаг болсон. Аливаа гаргаж байгаа асуудлыг нөгөө өнцгөөс нь тайлбарлаж болно. Гэхдээ одоо нэг тоогоор ярих ёстой. Тэгэхгүй бол энэ олон мэдээлэл дунд иргэдийн толгой эргэж гүйцлээ.

-МАН-ын хувьд зүүний, АН барууны чиглэлийг баримталдаг. Гэтэл  Ерөнхий сайд халамжийн бодлогыг хумих тухай ярьж эхэллээ. Энэ мэтчилэн бодлого, арга хэмжээ нь танай намын үзэл баримтлалтай зөрчилдөж эхлэх юм биш үү?

-Нийгэм, эдийн засаг өнөөдрийн төвшинд хүрсэнд  аль, аль улс төрийн  хүчний алдаа бий. Гэхдээ өнгөрсөн хугацааны эдийн засгийн хямралыг хувааж үзэх юм бол 70 хувь нь Н.Алтанхуягийн Засгийн газартай холбогдох алдаа байгаа. Үлдсэн нь МАН-тай холбоотой байх. Гэхдээ одоо аль ч улс төрийн намууд нэгэн рүүгээ буруугаа чихэхээсээ илүү алдаагаа засах хэрэгтэй.

Нийгмийн байгууллага, системийн хувьд бид нэлээд мухардалд орж байна. Улстөрчид янз бүрийн аргаар энэ алдааг залруулах гэж оролдож байна. Тэгсэн ч гэсэн бодитой үр дүнд хүрэхгүй байна. Тэгэхээр эхний ээлжинд Үндсэн хуулиа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрийн тогтолцооны хувьд сонгодог парламентын загварт шилжээд түүнийгээ дагаж Ерөнхийлөгч, шүүхийн байгууллагын дарга нараа парламентаасаа сонгодог болох ёстой.

УИХ нь УИХ шиг ажиллаж, асуудал хариуцлагаа хатуухан ярьж чаддаг. Засгийн газар нь гүйцэтгэх засаглал шиг ажилладаг, Ерөнхий сайд нь тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Ер нь тогтолцоогоо нэг зөв болгочихвол Монгол Улс цаашид хөгжихөд тустай. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тодорхой болно. Харин эдийн засгийн хувьд эхний ээлжинд уналтыг зогсоох бодлого ярих шаардлага урган гарч байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиараа эрх зүй системийн асуудлаа яриад үүнтэй хамт эдийн засгийн уналтаа зогсоох ёстой. Парламентад суудалтай намууд хамтарч байх явцдаа Улс төрийн намуудын хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөө ярьж зөв болгоод дунд хугацааны эдийн засгийн бодлогоо гаргаж явмаар байна. МАН-ынхан засагт хамтрах шийдвэр гаргахад амаргүй байсан. Зөвшилцлийн ажлын хэсгийнхэнтэй нэлээн олон хоног ширүүн дуутай хуралдаж байсан. Зөвшилцөх ажлын хэсгийн хүрээнд ч  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцах шийдэлд хүрсэн. 

-Яагаад сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүд хүчтэй дуугарах болсон юм бэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх хоёр чиглэлийн хандлага явж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьж байгаа гишүүд энэ парламентад олон байна. Хоёр намын нөлөө бүхий улстөрчид парламентад сууж байна. Дээр нь бүх намууд хамтарсан засаг байгууллаа. Жагсч цугладаг нь ч Төрийн ордонд орлоо. Тэгэхээр олон өнгөтэй парламент болчихож байгаа юм. Олон өнгөтэй парламентийн үед энэ асуудалд нэг шийдэлд хүрчихвэл их зөв юм л даа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан. Үүгээр эцэг хуулийг яаж өөрчлөхийг заагаад өгчихсөн байсан. Товчхондоо, хагас Ерөнхийлөгч, хагас парламентын тогтолцоо хариуцлагагүй системийг бий болгодог. Эргээд улс төрийн намуудыг төлөвшүүлэхгүй фракцийн хуваагдалд оруулж, түүгээрээ Ерөнхий сайдыг барьцаалдаг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихаар чуулганы ирц хүрдэггүй.

Энэмэтчилэн олон асуудал бий. Тиймээс дараагийн 20 жилийн замын зургаа гаргахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дараагийн нэг хандлага нь болж бүтэхгүй болгоныг “Муу л юм болбол хойд гэрийн хар овоохой” гэгчээр систем эсвэл Үндсэн хууль уруу чихээд байгаа юм. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад манай Үндсэн хууль тухайн үед маш олон асуудлыг шийдсэн сайн хууль. Бидэнд Үндсэн хуулиа дутуу уншиж судалсан зүйл бий. Эцэг хууль гэдэг утгаараа тухайн нийгмийн харилцааны үндсэн араг яс нь байдаг. Тиймээс сэтгэлийн хөөрлөөр энэ асуудлыг ярьж болохгүй. Нэлээн нухацтайгаар авч үзэх шаардлагатай. 1992 онд Үндсэн хуулийг баталж байх үед монголын эдийн засаг одоогийнхоос 10, 20 дахин жижиг байсан. Хүн амын тоо бага, нийгмийн сэтгэхүй, хандлага ч одоогийнхоос шал өөр байсан.  Өнөөдөр манайд геополитик, эдийн засгийн янз бүрийн сонирхлууд байна. Асуудал их байна. Иргэдийн төрд итгэх итгэл буурч байна. Тэгэхээр том зургаараа эцэг хуулиа эргэж харах шаардлага үүсч байна.

-МАН  “Засагт сандал ширээтэй зууралдах гэж ороогүй” гэж тайлбарлаж байгаа. Гэтэл албан тушаалын томилгоо дээрээ тохиролцохгүй ажил уяад байгаа юм шиг харагдаж байна. Энэ талд та ямар бодолтой  байна вэ?

-Асуудал шийдэх гэж байгаа бол эрх мэдлээ дагуулж өгөх хэрэгтэй. Тэгж байж асуудал шийднэ биз дээ. Тэгэхгүйгээр дөрвөн мөчийг нь хүлчихээд “Чи уралд” гэвэл дороо эргэнэ биз дээ.  Нэгэнт хамтраад асуудлаа шийдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүр гэж байгаа бол эрх мэдлийг өгсөн шиг өгөх хэрэгтэй. Хоёр зүйлийг яаралтай парламентад оруулж, шийдвэр гаргуулах шаардлагатай байна.

Нэгдүгээрт, би дээр хэлсэнчлэн монголын өнөөгийн дүр зургийг сайнтай, муутай бодитоор нь гаргаж ирэх  хэрэгтэй. Бидний авсан мэдээллээр байдал маш хүнд байгаа. Хоёрдугаарт, бүх улс төрийн намууд 2016 онд дүнгээ тавиулна. Тиймээс ойрын таваас зургаан жилд юу хийх вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Үүнийгээ хэзээ, яаж, хэн хийх вэ гэдгээ ярих ёстой. Нэг ёсондоо 1.6 жилд хэрэгжүүлэх хямралыг давах бодлогоо Засгийн газраас оруулж ирэх шаардлага тулгарч байна. Энэ бодлогыг нь хараад бизнес эрхлэгч, гадаадын хөрөнгө оруулагчид Ч.Сайханбилэгийн Засгийн газар ийм зүйл хийх нь гэсэн ерөнхий хар зурагтай болно.

Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан бодлогыг шүүмжлэх чиглэл баримталсан.

Энэ бодлогод нь тааруулж бизнесийнхээ чиг хандлагыг тааруулна шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын гол алдаа нь шинэ бодлого зарлаагүй. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан бодлогыг шүүмжлэх чиглэл баримталсан. Дээр нь Сү.Батболдын үед хэрэгжүүлж байсан бодлогыг дуусгавар болгож, туузыг нь хайчилсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт хийсэн шинэ бодлого гэж юу ч байхгүй.

Шинэ үйлдвэр, том төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Сү.Батболдын Засгийн газрын үед 70 ам.доллараар хийсэн нүүрсний гэрээг “Муу байна” гэж шүүмжлээд 40 ам.доллар болгосон. Оюутолгойн гэрээг нь гацаанд оруулж, ард түмнээ дотоодын хүнсний ногоогоор хангадаг байсныг будлиантуулсан.

Өмнө нь амжилттай хэрэгжиж байсан “Монгол мал” хөтөлбөрийг зогсоосон. Өмнөх бодлогод нь засвар хийх маягаар явж байсан. Яг одоо Н.Алтанхуягийн үед зарласан нийгэм, эдийн засгийн ямар бодлого байгаа юм бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ жишгээр алхаж болохгүй. БНХАУ-д эрчим хүч импортлохоос эхлээд шийдлээ хүлээсэн олон ажил байна. Улаанбаатар хотыг хийгээр хангах бодлого, томоохон бүтээн байгуулалтын чанартай ажлууд байна.

-Хямралыг давах шинэ бодлого хэрэгжүүлэх гэж цаг хугацаа алдсанаас УИХ-аас баталсан 34 дүгээр тогтоолыг  хэрэгжүүлээд явах нь зөв гэх хүн байна.

-УИХ-аас баталсан 34 дүгээр тогтоолд эдийн засгийн хямралаас гарах,  хэмнэлтийн горимд шилжих, төсвийг танах гэхмэтчилэн бүх зүйл бий. Гэхдээ тодорхой төслүүдийг нэр заасан зүйл байхгүй. Жишээ нь, Тавантолгой, Оюутолгой төслийг хөдөлгөөнд оруулах ёстой. Төмөр замаар нүүрсээ зөөх хэрэгтэй. Аж үйлдвэржилтийн шинэ бодлого хэрэгжүүлсэн.

Тэгэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд анхаарах хэрэгтэй.  Энэ Засгийн газар тодорхой ажлуудыг гартаа авч шийдээсэй гэсэн хүлээлт нийгэмд ч ард түмэнд ч байгаа. Монголын нийгэм, эдийн засагт хандахдаа иргэдийн халаасанд  гар дүрэх гэж яарах хэрэггүй.

Халамжийн бодлого тодорхой хэмжээнд байх ёстой. Хямралтай байна гээд халамжийн мөнгийг танана гэж шууд ярьж болохгүй. Монголын төр гэж байдаг бол халамжлах ёстой нийгмийн тэр хэсэгт халамжийн бодлого хэрэгжих л ёстой. Энэ бодлогоо иргэндээ, нийгэмдээ зөв байдлаар шийдмээр байна.

-Танай намын зүгээс 15 дэд сайдтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ асуудалд нэгдсэн зөвшилцөлд хүрч байгаа юм уу?

-Дэд сайдын томилгооны талаар зөвшилцөх үедээ тохиролцсон.  Ийм жижиг зүйлээс эхлээд итгэл эвдээд байж болохгүй. Итгэлцэл гэдэг чинь нийгмийн харилцааны гол хүчин зүйл. Хөрөнгө оруулагч, улс төрд хамтарч шийдвэр гаргахад ч итгэл хэрэгтэй. Тэр бүү хэл,  гэр бүл ч итгэлцэл дээр тогтдог биз дээ. Тиймээс итгэлцлээ эвдэх хэрэггүй. Гадныхан ч Монголоос нүүр буруулж, ард түмэн төрд итгэхээ больж байна. Энэ бол хөгжлийн том гацаа.

Итгэлийг эргэж сэргээх олж авна гэдэг хэцүү. 1990 оноос хойш нэлээд зүтгэсний эцэст 2008 оноос Монголд гадаадынхны итгэлийг хүлээж, эдийн засаг 17 хувьд хүртэл орж байсан. Харамсалтай нь, энэ итгэлээ хоёр жилийн дотор будаа болгочихлоо. Нэг есондоо хэтэрхий өндөр үнээр буруу сонголтынхоо хариуг төлж байна.

Өмнө нь сонгуулийн үед уран үгэнд нь итгээд хийсэн сонголтынхоо үнийг өнөөдөр оюутны тэтгэлгийн 70 мянга, хүүхдийн 21 мянга, хүн бүрт өгч байсан 1072 хувьцаа, малчдад олгож байсан арьс шир, ноосны урамшуулалаараа төлөх нь байна. Сонголтыг маш хариуцлагатай хийх ёстой.

-Төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарласан хуулийн төсөл боловсруулах сураг сонсогдож байсан. Энэ талаар танд сонссон мэдээлэл байна уу?

-Аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах хуулийн төсөл явж байгаа. Хараахан өргөн бариагүй байгаа байх. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Ардчилал зах зээлийн харилцаагаар явж байгаа бол энэ харилцааны онол, чиг хандлагаар нь явах ёстой. Тэгэхгүй өөрсдөө туйлширч асуудал бүрт оролцох шаардлагагүй.  Эргээд харахад нэг салбарт гэхэд дөрөв, таван орны туршлага хэрэгжүүлж, холион бантан хутгаж байна.

Монголын үндэсний онцлогт тулгаарлаж асуудлаа шийдвэрлэх ёстой. Гэхдээ олон улсын жишгийг дагах нь буруудахгүй.  Бас хэтэрхий цээжээ дэлдэж, Монголгүйгээр дэлхий хөгжихгүй юм шиг хандаж болохгүй.  Нөгөө талдаа манайх жижигхэн орон учраас бүх бүтээгдэхүүнээ гаднаас авна гэж хоёр талд туйлширч болохгүй. Асуудалд жаахан шинжлэх ухаанчаар ханддаг болмоор байна.

Эдийн засгийн бодлого ороод ирэхээр эдийн засгаар А-гүй нөхөр тэс хөндлөн зүйл яриад, уул уурхайн салбарын асуудал хэлэлцэхээр энэ салбарын тухай ямар ч ойлголтгүй хүн элдэв зүйл ярьж бужигнуулж байна. Популизм хийснийх нь төлбөрийг монгол хүн бүр халаасан дахь мөнгөөрөө төлж байна.