Ж.Батсуурийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.23/ хуралдаанаарБайнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Үүний дараа гишүүд МАН-ын бүлгийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ямар шалгуураар Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг сонгосон бэ хэмээн МАН-ын бүлгийн даргаас асуусан бөгөөд Байнгын хорооны даргаар сонгогдвол нэн түрүүнд ямар ажлыг хийхээр төлөвлөж байгааг нэр дэвшигч Ж.Батсууриас тодрууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын бүлэг Байнгын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулахдаа зарчим барьж асуудалд хандсан хэмээн хэлсэн. УИХ-ын гишүүнээр өмнө нь сонгогдон ажиллаж байсан, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Батсуурийн ажлын туршлагыг харгалзан нэр дэвшүүлсэн гэлээ. Түүнчлэн нэр дэвшигч өмнө нь Засаг даргаар ажиллан орон нутгийг удирдаж байсан мэдлэг чадвар нь ч нөлөөлсөн гэдгийг дурдаж байлаа.
Нэр дэвшигч Ж.Батсуурь, Байнгын хорооны даргаар сонгогдвол валютын нөөц, түүний ханш, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх боломжийг дээшлүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллана гээд энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллах болно гэдгээ хэлсэн юм.
Ж.Батсуурийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.