Гишүүд ӨБХ бол улс төр, популизм хийх газар биш гэв
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/-ны өнөөдрийн /12-р сарын 24-ний Лхагва гараг/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм. Түүний өгүүлснээр бол ӨБХ-ны даргаар “Улсын Их Хурлын гишүүн,хуульч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө өмгөөллийн ажил эрхэлж байсан” Октябрын Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлснийг тус Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Үүний дараа бүлгийн санал болон Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн: ӨБХ байгуулагдсанаас хойшхи хоёр жил хагасын хугацаанд дэндүү сайн ажилласан. УИХ дахь Байнгын хороод дундаас ард иргэдийнхээ төлөө тэдний жинхэнэ дуу хоолой болж, төрийн шийдвэр аль шатанд ямар учраас гацаад байгааг хянан ажилладаг, цаад утгаараа парламентын үндсэн 3 үүргийн хоёр нь энэ Байнгын хороонд байдаг. Монгол Улсад хуулийн хэрэгжилтийг хянах гэдэг юм байхгүй болсон байсныг бий болгон, хөл дээр нь анх босгох чиглэлээр тус хорооныхон сайн ажилласан. Энэ хугацаанд Дорноговь, Баянхонгор аймаг гэх мэт уул уурхайтай газруудаар явж, ард иргэдийн дунд орж ажилласан. Үүнд Р.Бурмаа дарга, түүний ажлын албаныхан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн”-ийг дурдаад дараагийн дарга энэ ажлыг улам эрчимжүүлж, цааш нь аваад явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
О.Баасанхүү гишүүн өөрт нь итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж буйд талархлаа илэрхийлээд харьцангуй шинэ ч гэсэн энэ байнгын хорооны ажлыг голдрилд нь оруулж, УИХ-ын бүтцэд сайн ажиллуулж эхэлсэн Р.Бурмаа даргад талархлаа илэрхийлээ
Харин Д.Сарангэрэл гишүүний хувьд С.Ганбаатар гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Р.Бурмаа даргатай хамтран ажиллахад таатай байсан, түүнээс ихийг сурсандаа талархаж байна” гээд нэр дэвшигчид хандан “Байнгын хорооны дарга болох хүний хувьд энэ албан тушаалыг хувийн сонирхол, улс төрийн пиар болгон ашиглах боломж байдаг, тэгэхдээ ингэж ашиглахгүй байх гэдэгт найдаж байна” гэсэн юм.
Ж.Батзандан гишүүн хэлсэн үгэндээ ӨБХ бол энэ удаагийн парламентын үед гарсан том дэвшил гэдгийг онцолж, “Том дарга нар, эрх мэдэлтнүүдэд чиглэл өгөх ганцхан боломж нь Байнгын хороо байдаг тул өмнөх даргаас илүү идэвхтэй сайн ажиллахыг” хүслээ. Тэрбээр мөн “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой хоёр хуулийн төсөл дээр ажилласан. 1995 онд батлагдсан иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэх шаардлагатай байна” гээд шинэ дарга үүнд сайтар анхаарч ажиллахыг захилаа.
Ж.Батзандан гишүүн мөн “Европын холбоо болон бусад оронд иргэд эвлэлдэн нэгдээд хууль тогтоогчоор дамжуулан хуулийн төслийн тухай саналаа өргөн барьдаг Иргэний саналын тухай хууль байдаг. Тэгэхээр иргэдээс гарсан хуулийн төслийн тухай саналыг хууль тогтоох байгууллагад өргөн барих процессыг манайд ч мөн хуульчилж, иргэдийн саналыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай байна” гээд Байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг хийх чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа нэмж хэлсэн юм.
Д.Сумьяабазар гишүүний хувьд Д.Сарангэрэл гишүүнтэй адилхан “ӨБХ-ны өмнөх даргын ажлыг цааш нь үргэлжлүүлэх хариуцлагатай үүрэг ногдож байгаа, энэ Байнгын хороо бол улс төр, популизм хийх газар биш” гэдгийг нэр дэвшигчид сануулангаа өмнөх даргын ажлыг цааш үргэлжлүүлэн, хууль зөрчиж буй тулгамдсан асуудлуудын мөрөөр ажилах эсэхийг нь асуулаа.
О.Баасанхүү гишүүн өөрт нь итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж буйд талархлаа илэрхийлээд харьцангуй шинэ ч гэсэн энэ байнгын хорооны ажлыг голдрилд нь оруулж, УИХ-ын бүтцэд сайн ажиллуулж эхэлсэн Р.Бурмаа даргад талархлаа илэрхийлээд “энэ байнгын хороогоор дамжуулан өргөдөл гомдлыг хянан шалгах системийг сайжруулахын төлөө ажиллана” гэж хэллээ.
Гишүүд асуулт тавьж, үг хэлж дууссаны дараа “Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг ӨБХ-ны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор байнгын хорооны гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон 10 гишүүний зөвшөөрсөн болон татгалзсан санал тавь тавин хувиар тэнцсэн тул Шударга ёс эвслийн бүлгийн даргаН.Батцэрэг дахин санал хураах горимын санал дэвшүүлэв. Тиймээс горимын энэсаналыг дэмжих эсэх асуудлаар гишүүдийн дунд санал хураалт явуулахад дахин санал хураахыг зөвшөөрсөн болон татгалзсан саналын тоо мөн л тэнцсэн тул хурал даргалагч энэ удаагийн хурлыг завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ