Ц.Даваасүрэн: Улс орны өмнө тулгамдсан асуудлыг аль нь илүү сайдын суудал эзэлснээр шийддэггүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.12.26

Ц.Даваасүрэн: Улс орны өмнө тулгамдсан асуудлыг аль нь илүү сайдын суудал эзэлснээр шийддэггүй

Байнгын хороодын хурал нэг л назгайрсан, товчхондоо баярын уур амьсгалтай болж, гишүүдийн идэвх ихээхэн суларчихаад байгаа. Нэг л их дарга нарын халаа сэлгээ үргэлжилсэн, ямар гавьяа байгуулчихаад хүртсэн нь мэдэгдэхгцй энгэрээрээ дүүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одон гялалзуулсан эрхэмүүд жигтэйхэн баясгалантай зураг хөргөө цахим ертөнцөөр нэг тараасан шиг л сууцгааж байгаа.

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан ч цагтаа эхлэхээ больсон. Өчигдөр өглөө аанай л иймэрхүү байдал үргэлжилж байх үед саяхан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаасаа сайн дураар татгалзсан Ц.Даваасүрэн гишүүнтэй уулзаж ярилцсан юм.

-Ирэх оны төсвийг хэлэлцэхийн өмнөхөн та Төсвийн байнгын хорооны даргаас өөрийн саналаар огцорлоо. Уг нь таны сонгуульт хугацаа дуусах болоогүй байсан шүү дээ. Ямар учраас ийм шийдвэр гаргав?

-Ерөөсөө л гол шалтгаан нь 2015 оны төсвийн тодотголтой холбоотой юм. Нэгдүгээрт төсвийн тодотголыг хуулийн хугацаанд багтан хийж чадахгүй юм байна. Уг нь 2015 онд бүх яам тодорхой төсөвтэй байх ёстой биз дээ. Жишээ нь шинээр Аж үйлдвэрийн яам гарч ирсэн бол Соёл, спорт, аялал жуулчлалын яамгүй болчихсон.

Харин Эрүүл мэнд спорт, боловсрол соёл гээд нэр нь өөрчлөгдсөн учраас эдгээр бүх яамд төсөвгүй болчихож байгаа юм. Хоёрдугаарт төсвийн тодотголыг хийхдээ ханаж, танах зарчмыг түлхүү барьж байгаа нь эдийн засгийн хямралаас гарах миний хувийн бодлоготой зөрчилдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэляам, дэд сайд нарынхаа тоог нэмээд байгаа мөртлөө иргэдийнхээ орлогыг бууруулах чиглэл рүү яваад байгаатай би санал нийлэхгүй.

Тодорхой зарчмын ийм зөрүүтэй байр суурьтай байгаа учир 2015 оны төсвийн тодотголыг миний бие удирдан хэлэлцүүлэх боломжгүй гэж үзээд өргөдлөө өгсөн. Би боловсролын салбараас УИХ-ын гишүүн болсон хүн. Гэтэл багш нарын тэгээд төрийн албан хаагчдын 36 сарын  тэтгэлэгийг бууруулахаар болж байна. Миний сонгуульт хугацаа дуусах болоогүй ч гэсэн санал нийлэхгүй иймэрхүү зүйлииг удирдан хэлэлцүүлэх боломжгүй. Товчхондоо ийм л юм.

-Одоо олгодог 238 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгийг хасах тухай яригдаж байгаа. Энэ мөнгийг хассанаар төсөвт хэчнээн төгрөг орж ирэх юм бэ дээ?

-Бүгдийг нь хасах тухай ойлголт байхгүй. Ер нь бол аав, ээж нь нэлээн орлого сайтай болохоор хүүхдийн мөнгө авдаггүй тодорхой хэсэг байгаа л даа. Тиймэрхүү айлын хүүхдүүдийг хасах тухай яригдаж байгаа. Гэхдээ нэг сая төгрөгийн орлоготой гээд ярьвал бас л нэлээн сөрөг үр дүн авч ирж магадгүй.

Тэрнээс нэлээн өндөр хэмжээгээр ярьвал арай боломжийн байх болов уу. Гэхдээ иргэддээ өгнө гэж амлачихаад харин хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн явцад хүүхдийн мөнгийг ч багасгана, оюутныхыг ч багасгана, эхчүүдийн мөнгийг ч танана гээд байх нь үнэндээ зохимжгүй байгаа юм. Гэтэл сонгууль дөхөөд ирэхээр ирэх оны дундуур ч юм уу аягүй л бол буцаагаад нэмнэ гээд зогсож байж магадгүй л юм. Ийм зарчмаар ажиллах нь миний үзэл баримтлалтай нийцэхгүй.

-Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг байсныг болиулах хуулийн төсөл яригдаж эхлээд байгаа. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Хямралаас гаргана, бүхнийг зөв гольдрилд нь оруулна, хөгжүүлнэ гэж хамтарчихаад иймэрхүү зүйл хийж болохгүй шүү дээ. Ер нь иргэдийн орлого буурна гэдэг чинь эргээд худалдан авалт буурч, зах зээл хямарна л гэсэн үг л дээ. Хамгийн энгийнээр үндэсний үйлдвэрлэгч компаниуд сүйрнэ гэсэн үг. Жишээлбэл цалин бууруулна, нэмэгдлийг олгохгүй гэж байгаа нь хамгийн буруу зүйл. Өөрөөр хэлбэл валютын ханшны уналтаас болоос хүмүүсийн худалдан авах чадвар 30 хувиар буурчихсан байгаа шүү дээ.

Гэтэл түүнийгээ нөхөн олгож чадахгүй байна гэдэг бол хямрал улам л цаашаа явахын бас л нэг хөшүүрэг болно л доо. Түүнийг нөхөн олгохын тулд бид нар 2015 оны төсөв дээр 500 тэрбумыг суулгасан. Харин одоо эргүүлээд түүнийгээ багасгана, бууруулна гээд сууж байгаа нь байж болохгүй зүйл. Яагаад гэвэл иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт дордож байгааг энэ хүмүүс харахгүй, ойлгохгүй байх шиг байна л даа.  Миний л хувьд иймэрхүү юмнуудыг удирдаж хэлэлцүүлээд сууж чадахгүй, санал нийлэхгүй.

-Одоо ярьж байгаа 11 мянган албан хаагчийг цомхотгохын оронд цалингийн нэмэгдлийг нь зогсооё гэж яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол цалингийн нэмэгдэл, цомхотгол аль аль байхгүй зүйл. Анхнаасаа чадахгүй байсан юм бол бүгдийг нь бууруулна, хасна, танана гэж гарч ирэх нь ямар ч утгагүй зүйл л дээ. Эд нар уг нь одоо байгаа байдлыг сайжруулаад цааш нь аваад явна гэж гарч ирээ биз дээ. Тийм болохоор авч гарах тэр тал руугаа л өөрчлөлтүүдийг хийх ёстой шүү дээ. Экспортын орлогоо нэмэгдүүлэх бүх л    бололцоог     дээд зэргээр шавхах, хайх ёстой.

Жишээ  нь Оюутолгойгоос авах орлогоо сайжруулах тал руу маш их шахах хэрэгтэй  байгаа юм.  Одоо бид Оюутолгойн 10 төгрөгнөөс ганцыг нь авч чадахгүй байна шүү дээ. Адаглаад 10 төгрөгний гурван төгрөгийг нь авдаг болмоор байна. Таван төгрөг гэж С.Баярцогг яриад байсан нь шал худлаа л болоод байгаа.  Иймэрхүү боломжтой зүйлээ эхлээд хийж чадаагүй байж иргэд рүүгээ дайраад байж яагаад ч болохгүй. Тэр их баялагтай Оюутолгойгоо зүгээр сул хаяад өгчихсөн хэрнээ чаддагаар нь эргээд л нөгөө хэдэн иргэд рүүгээ дайраад байгааг үнэхээр ойлгохгүй байна.

-Рио Тинтод санамж бичиг явуулсан гэсэн. Тэр бичигт гэрээнд өөрчлөлт оруулах талаар юу дурдсан бол?

-Тэр ч яах вэ дээ. Одоо бол манай энэ хэдэн нөхдүүд Оюутолгойн үлдсэн 34 хувийг л цааш харуулах төлөвлөгөөгөө ярьж эхэлж байхгүй юу даа. Тэгэхийн тулд өмнөх хийсэн нүглээ жигтэйхэн сайн байсан юм шиг харуулж, угаасаа огт бүтэхгүй саналыг нөгөө талдаа тавьж, зүгээр л хуйвалдаан явж байгаа юм. Энэ бол цэвэр луйврын тактик явж байгаа.

Бүр хэн ч хэзээ хүлээж авахын аргагүй санал тавьчихаад эцэст нь бид нарын анхны гэрээ зөв байсан байна гэсэн юм яриад байгаа. Улс орныхоо тэр их баялгийг харийнханд найр тавьж өгчихөөд эцэст нь ингэж хуйвалдаж явна гэдэг үнэхээр утгагүй үйл гэхээс өөр үг орж ирэхгүй байна.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Он солигдох мөч ойртож байна. Ц.Даваасүрэн гишүүний хувьд хүүхэд насных нь шинэ жил хэрхэн өнгөрдөг байсан бол?

-Бидний хуүхэд насны шинэ жил бол хамт олноороо тэмдэглэдэг хамгийн дурсамжтай, сайхан баяр байж дээ. Ер нь хуучин социалист системийн орнууд л ингэж хамт олноороо шинэ жил тэмдэглэн өнгөрүүлдэг болов уу. Ялангуяа Орос, Украйн энэ тэр гээд л. Гэхдээ ингэж хамт олноороо баяр тэмдэглэнэ гэдэг их чухал гэж бодогддог. Одоо бол гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэдэг дээ. Энд хэлэхэд шинэ жил, цагаан сарыг одоо ингэж их нүсэр тэмдэглээд байх нь их үрэлгэн санагддаг болоод байна.

-Энэ жил УИХ-ын гишүүд шинэ жилийг хувийнхаа мөнгөөр тэмдэглэнэ гэж яригдаж байиа. УИХ-ын гишүүд хэдэн төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэх юм бэ дээ?

-Тэгэх байх. Гэхдээ би орон нутагт томилолтоор ажиллах учраас оролцож чадахгүй. УИХ- ын гишүүдийн шинэ жилийн баяр 27,28-нд болно гэсэн байх аа.

-Нэг гишүүнээс хэдэн төгрөг татах бол?

-Орон нутагт ажиллах болохоор тэр талаар ёстой сонирхсонгүй шүү.

-Ирэх 2015 оныг та хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Ирэх жил ер нь хүндхэн болох байх. Яагаад гэвэл хямралыг давах бодлогоо боловсруулж чадахгүй байна шүү дээ. Одоо барьж байгаа бодлого нь их буруу. Эдийн засгаа хумина гээд бүх бизнесээ хумиад эхлэвэл борлуулалт нь дагаад хумигдана.

Компаниудын борлуулалтын орлого буураад ирвэл татвараа төлж чадахгүй болно. Аль болох компаниудаа ажилтай, орлоготой байлгаж байж бид энэ хямралын ард гарахаас биш энд хэдэн сайдын суудлын тоо нэмснээр үүний ард яагаад ч гарч чадахгүй. Ер нь бол улс орны өмнө тулгамдсан асуудлыг аль нь илүү сайдын суудал эзэлснээр шийддэггүй, хөгжүүлдэггүй юм. Бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хичээж зүтгэж байж л улс орноо хөгжүүлдэг шүү дээ.